22 газрыг улсын тусгай хамгаалалтад авлаа
2019-05-02

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Тогтоолын төслийн агуулга нь есөн аймгийн 22 газрыг улсын тусгай хамгаалалтад нэмж авах тухай юм. Эдгээр 22 газар нь нийтдээ 9 аймгийн 29 сумын 3.4 сая га талбайг хамарч байгаа аж. Үүнд:

 

  1. Хөвсгөл аймгийн Цагаан уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Бүрэнтогтох сумын нутгийг дамнан орших Тэсийн гол, Булнайн нурууг байгалийн цогцолборт газрын ангиллаар;
  2. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн богд уул, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрыг хамруулж, ангилал дээшлүүлэн байгалийн цогцолборт газрын ангиллаар;
  3. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  4. Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Ташгайн таван нуурыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  5. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “А” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
  6. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал “Б” хэсгийг байгалийн нөөц газрын ангиллаар;
  7. Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Мэнэнгийн цагаан хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
  8. Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Халхын таван уулыг байгалийн нөөц газрын ангиллаар
  9. Дорнод аймгийн Баяндун сумын нутаг дэвсгэрт орших Баяндун уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  10. Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших Гүн гашууны хоолойг байгалийн нөөц газрын ангиллаар;
  11. Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших Цагаан дэлийн агуйг байгалийн дурсгалт газрын ангиллаар;
  12. Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших Дулаан хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  13. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших Зотол хаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  14. Онгон таван булгийн байгалийн нөөц газрын хилийн заагт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын зарим хэсгийг хамруулан байгалийн нөөц газрын ангиллаар;
  15. Ховд аймгийн Мөст, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших Сутай хайрхан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  16. Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших Улз голын эхийг байгалийн нөөц газрын ангиллаар;
  17. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Дэлгэрхаан уулыг байгалийн нөөц газрын ангиллаар;
  18. Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хилийн заагт Ховд аймгийн Булган, Алтай сум, Говь-Алтай аймгийн Бугат сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр
  19. Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хилийн заагт Завхан аймгийн Отгон сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
  20. Нөмрөгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Халхгол сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
  21. Монгол дагуурын “Б” хэсгийн дархан цаазат газрын хилийн заагт Дорнод аймгийн Гурванзагал сумын зарим хэсгийг хамруулан дархан цаазат газрын өргөтгөлөөр;
  22. Булган гол-Их Онгогийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Ховд аймгийн Булган сумын зарим хэсгийг хамруулан байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариул авч байгаа юм. Үүний дараагаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн олонхийн саналаар дэмжин батав. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хамгаалалтанд авсан нэртэй сонсоход сайхан сонсголонтой, амьдрал дээр эзэнгүй, ямар нэгэн үйл ажиллагаа явуулахад хаалт, саад болсон хэний? хаанахын? ямар бодлого байдаг юм бол? хамгаалахад хэдэн хүн? хаанаас? санхүүждэг юм бол?!Тийм л ашигтай? хамгаалчихдаг? орлоготой юм бол бүх нутгаа хамгаалалтанд авчхаад сууж байвал яасийм? Газар нутгийнхаа 30 хувийг хамгаалалтанд авах зорилттой гэдэг хэний төлөө, юуны төлөө вэ?
2019-05-02
Xelleltseed l baixin amidral deer xeregjij bga ni xaana bna
2019-05-02