Монголын сэтгүүл зүйн салбарынхны дуу хоолой ямагт хараат бус байх болтугай
2019-05-03

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр, Үндэсний сэтгүүл зүйн 106 жилийн ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр Соёлын төв өргөөнд “Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форум боллоо.

 

Форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянга уншиж сонордууллаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:

“Хараат бус сэтгүүл зүй-2019” үндэсний форумд оролцогчдод

 

Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд аа,

 

Хүндэт зочид төлөөлөгчид өө,

 

Та бүхэнд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе.

 

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 03-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэдэг болсон билээ.

 

Энэ өдөр дэлхий даяарх хэвлэл, мэдээллийн байгууллагууд нийтлэг тулгарч буй асуудлаа томьёолж хэлэлцдэг. Өнөө жил Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл: Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” уриан дор таван тивийн 100 гаруй оронд тэмдэглэж, ёс зүйтэй, хариуцлагатай мэргэжлийн сэтгүүл зүйг төлөвшүүлж байж, нийгэмд шударга ёс тогтоно гэдгийг дэлхий нийтээрээ энэ өдөр хүлээн зөвшөөрч байна. Өнөөдрийн энэ форум болон бусад хэлбэрээр дамжуулан Монголын сэтгүүл зүйн салбарын хөгжилд ч өнөө жилийн сэдэв бодит тусгалаа олно гэдэгт итгэлтэй байна.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын гэрээ конвенц, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалахын төлөө бид нэгдэн нягтрах ёстой. Нөгөө талаар хэвлэлийн эрх чөлөөг илүү бэхжүүлж хамгаалахын тулд хариуцлагатай сэтгүүл зүйг төлөвшүүлэх учиртай юм.

 

Монголын сэтгүүл зүйн салбараар овоглогдож буй хүн бүр сэтгүүлчийн нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, мэргэжлийн үүргээ гүйцэтгэн олон нийтийн сүлжээн дэх мэдээ, мэдээлэл, тэр дундаа хуурамч мэдээллийн урсгалд анхаарлаа хандуулж, мэргэжлийн сэтгүүл зүй, нийгмийн сүлжээний зааг ялгааг гаргаж, олон түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахыг Та бүхнээс хүсье.

 

Энэ үйлсэд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл тууштай анхаарал хандуулж, нөгөө талдаа хэвлэл мэдээллийн салбарт гарч буй алдаа дутагдалд хэвлэл, мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын байгууллага болох Хэвлэл, мэдээллийн зөвлөлийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй хэмээн үзэж байна.

 

“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

 

Монголын сэтгүүл зүйн салбарынхны дуу хоолой ямагт хараат бус байх болтугай” гэжээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтийг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярт гардууллаа.

Эх сурвалж: president.mn

Shuud.mn
Сонин хачин