Каприогийн алдаршуулсан Тайландын арлыг 2021 он хүртэл хаана
2019-05-10

Тайландын эрх баригчид аялал жуулчлалын гол бүс гэгддэг "Майя" гэх далайн эргийг ирэх 2021 он хүртэл хаахаар шийдвэрлэсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Жилээс жилд "Майя" эргийг зорин ирэх жуулчдын тоо эрс нэмэгдэж, тус бүс нутаг дахь байгаль экологи ихээр сүйдэж, бохирдох болжээ. 

 

Тайландын Засгийн газар байгаль орчны бохирдолтой тэмцэх зорилгоор өнгөрөгч оны аравдугаар сард тус эргийг хаах шийдвэр гаргасан юм. 

 

Аялал жуучлалын яам "Тус эргийг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсэн. Өдөрт ойролцоогоор 5,000 гадаад, дотоод жуулчин амрахаар ирж байна. Үүний улмаас арлын шүр, сувдны ихэнх нь сүйдэхэд хүрсэн. "Майя" бол байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар. Олон жил жуулчдыг хүлээн авч, Тайландын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэлээ. Тиймээс бид энэхүү байгалийн цогцолбороо унаган төрхөөр нь авч үлдэхийн тулд шийдвэртэй алхам хийх хэрэгтэй" гэж мэдэгджээ. 

 

Холливуудын нэрт жүжигчин, "Оскар"-ын шагналт Леонардо Де Капригийн 2000 онд тоглосон “The Beach” киноны зураг авалтыг уг эрэгт хийсэн байна. Тус бүтээлийн дараа жуулчид "Майя" эргийг ихээхэн сонирхох болжээ. 

 

Тайландын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хэлтсийн төлөөлөгч Тхон Тхамронгнавасават "AFP" агентлагт "Ирэх 2021 оноос жуулчдыг хязгаартай хүлээн авах, мөн завиар аялахыг хориглохоор төлөвлөж байна. Тун удахгүй эрх баригчид албан ёсны шийдвэр гаргана" гэж ярьсан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин