Малайз: Ш.Алтантуяа амиа алдахаасаа өмнө Багиндатай уулзсан
2019-05-14
Сити Айся Мохд Азлан

 

Малайзын түүхэн дэх хамгийн учир битүүлэг, аймшигт аллагын золиос болж, 27 насандаа харийн нутагт хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн ээлжит шүүх хурал Куала Лампур хотноо боллоо. Өчигдрийн шүүх хуралд Ш.Алтантуяагийн аллагын гол сэжигтнээр шалгагдаж байсан улс төрийн шинжээч Разак Багиндагийн хувийн нарийн бичгээр ажиллаж байсан Сити Айся Мохд Азлан мэдүүлэг өгсөн талаар “www.malaysia-today.net” сайт мэдээлжээ. 

 

Нарийн бичиг мэдүүлгийнхээ эхэнд “Багинда 2006 оны арваннэгдүгээр сарын 11-ний орой намайг гэнэт ажлын өрөөндөө дуудаж, таагүй зүйл болсон тухай хэлсэн. Тэрбээр сандарсан янзтай “Амина "Ш.Алтантуяа" нас барчихаж. Азила түүнийг хөнөөчихөж” гэж хэлсэн. Аллага болохоос нэг өдрийн өмнө хохирогч нэг бус удаа Багиндатай уулзахаар ажил дээр ирсэн. Тэд ганцхан удаа л биечлэн уулзсан. Тэд гуравхан минут л ярилцсан. Би санамсаргүйгээр тэдний яриаг сонсоход Багинда хохирогчид хандан “Би чамд ямар ч хамаагүй. Чиний юу хийх надад огт хамаагүй” гэж хэлсэн. Удалгүй Багинда ажил руу орж ирсэн бол хохирогч хэсэг оффисын гадна байгаа харагдсан. Дараа нь Багинда ажлаасаа гараад явсан. Багиндаг явсаны дараа хохирогч гурван удаа ажил дээр ирж, түүнтэй холбоо барьж чадахгүй буйгаа хэлээд надад зурвас бичээд үлдээсэн. Би тэр зурвасыг уншаагүй шууд Багиндад өгсөн. Азали бол Багандигийн туслах. Багинда түүний гэр бүлд их тус хүргэсэн. Байр хүртэл авч өгсөн. Багинда хохирогчийг хөнөөхийг түүнд тушаагаагүй”  гэж ярьжээ.

 

Багиндагийн өмгөөлөгч “Багинда талийгаачтай уулзах үедээ түүний биед халдах, хэл амаар доромжлох зэрэг хууль бус үйлдэл гаргаж байсан уу?” гэхэд нарийн бичиг “Үгүй ээ. Огт тийм зүйл болж байгаагүй” гэж хариулсан байна.  Шүүх хурал маргааш үргэлжилнэ. 

 

Куала Лампурын ойролцоох ойгоос 2006 оны аравдугаар сарын 19-нд орчуулагч мэргэжилтэй, хоёр хүүхдийн эх Ш.Алтантуяагийн цогцсыг олсон. Шүүх шинжилгээгээр бүсгүйн толгой руу нь буудаж, хөнөөгөөд дараа нь “С4” цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгийг биед нь бэхэлж, дэлбэлсэн болохыг шинжээчид тогтоосон юм.

 

Аллагын захиалагч өнөөг хүртэл нууц байгаа нь уг хэрэг жирийн аллага бус "улс төрийн зохион байгуулалттай аллага" гэж хохирогчийн гэр бүл үзэж, Малайзын эрх баригчдаас охиныхоо амийг нэхсээр байна. Ш.Алтантуяа амиа алдахаасаа өмнө Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разак болон Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байжээ.

 

“Малайзын Засгийн газар Францаас “Скорпион” шумбагч хөлөг онгоц худалдаж авах ажиллагаанд хохирогч орчуулагчаар оролцсон нь батлагдаад буй юм. “Нууцын зэрэглэлд явагдсан уг гэрээний талаар мэдэж байсан хөндлөнгийн ганц хүн нь Ш.Алтантуяа. Тэрээр хэтэрхий их зүйлийг мэдэж байсан учир амиа алдахад хүргэсэн байж болзошгүй" гэж Малайзын хүний эрхийн өмгөөлөгч Синтия Габриэль мэдэгдсэн юм. 

 

Нууц хэлэлцээрт хохирогч орчуулагчаар оролцсон болохыг Францын Прокурорын газар тогтоожээ. Гэхдээ Разак орчуулагч бүсгүйтэй огт уулзаж байгаагүй гэдгээ ард түмэндээ амласан юм. 

 

Ш.Алтантуяаг Нажиб Разакийн хувийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Сирул Азхар Умар, Азила Хадри нар хөнөөсөн болохыг тогтоосон билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

 

Shuud.mn
Сонин хачин
охин хүүхдээ хааш нь юунд яах гэж явуулж байгаагаа бодмоор юм дооо
2019-05-15
Янхануудаа та нар замаар яваагаа эндээс хар
2019-05-15