Хятадууд Монголын нүүрсийг эцсийн хэрэглэгчид хүргэнэ гэв үү?
2011-10-09

Монголын нүүрсийг эцсийн хэрэглэгчид хүргэх үүргийг Хятадууд хэрхэн хүлээсэн талаар өгүүлэхээсээ өмнө тус ордыг тойрон үргэлжилж буй үйл явдлуудыг дуулгая. Дэлхийд цөөхөн үлдсэн нөөц ихтэй ордуудын нэг гэдгээрээ олон улсад яригдаж ирсэн Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах алхмууд 2011 онд идэвхитэй хийгдэж байгаа. Ордын Цанхийн баруун талын нэг тэрбум орчим нүүрсний нөөцийг ашиглах эрхийн төлөөх өрсөлдөөнд өрсөлдөгч эхний 15-аас шилэгдэж, Хураангуй жагсаалтад үлдсэн зургаагаас тунаж үлдсэн Орос, Хятад, Америк гуравтай хуваан ашиглахаар хуваарилалтаа хийсэн. Цанхийн баруун хэсгийн 40 хувийг БНХАУ-ын Шинхуа групп, 24 хувийг АНУ-ын Пибоди энержи, үлдэх 36 хувийг Орос-Монголын хамтарсан консерциум хамтран эзэмшихээр шийдвэрлэснээ Засгийн газрын Ажлын хэсэг танилцуулсаныг танхим нь бүрэн дэмжиж, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн барихаар болсон юм. Харин хаврын чуулган завсарлахаасаа өмнө тэрхүү төслийг нь хүлээн авч амжаагүй. Гол нь тэр төсөл нь бэлэн болсон эсэх нь өөрөө тодорхой бус байгаа. Талууд хөрөнгө оруулалтын гэрээний нөхцлөө хэрхэн тохиролцсон эсэх нь тодорхойгүй байгаа. Гэхдээ тендерийн дүн бол гарсан. Шалгаруулалтын дүн бодит ажил болж эхлэж, амжаагүй байх үест Японы тал Тавантолгойн төсөлд дахин оролцох хүсэлтээ манай талд илэрхийлчихээд байна. Японы Ерөнхий сайд Наото Кан Ерөнхий сайд С.Батболдод илгээсэн захидалдаа ийм хүсэлтээ уламжилсан бөгөөд тус улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн,Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн даргын үүрэг гүйцэтгэгч И.Кога тэр захидлыг нь биеэр хүргэж ирсэн юм. Тэгэхээр ялагчид бүрэн баталгаажаагүй байх зуур өөр бусад нь ийнхүү шинэ саналуудаа тавьж байгаа нь, Тавантолгойн ач холбогдол хэр өндөр вэ гэдгийн нэг илэрхийлэл гэж болно. Ямартай ч шалгарч үлдсэн хөрөнгө оруулагчидаас Монгол Улсад 500 сая ам.долларыг буцалтгүйгээр шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болсоныг манай тал голлон яриад байгаа юм. Мөн хэлэлцээрийн үр дүнд урагшаа болон зүүн тийшээ явах төмөр замын асуудлаар талууд нааштай тохиролцоонд хүрсэн. 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсон. Нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцсон гэсэн мэдээллийг Засгаас өгч буй бөгөөд илүү өөр нарийн мэдээллүүдийг өгдөггүй, дардаг хэвээрээ, үргэлжилж байна. Харин нөгөө талд ордын зүүн Цанхийн нүүрсийг олборлох эрхийн төлөөх тендерийн ялагчаар Германы BBM консорциум тодрох нь гэгдэж байсан ч, эцсийн дүндээ Германы компанитай харьцуулахаар хамаагүй туршлагатай гэгдэх Австралийн Макмохан компанийг Ажлын хэсгээс онцлоод, саналаа Засгийн газарт оруулчихсан гэсэн ч, бат ноттой шийдэгдээгүй байна. Гэхдээ аль нэг тал нь шалгараад олборлох нүүрсийг, тодорхой хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн олборлосон нүүрсийг худалдан авах экспортын түншүүд тодорчихлоо. Нийт агуулж буй 795 сая тонн нүүрснийх нь 70 гаруй хувь нь коксжих нүүрс гэж тооцогдож байгаа Цанхийн зүүн хэсгийг “Эрдэнэс МГЛ”-ийн охин компани төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компани 100 хувь ашиглана. Олборлогчид нь албан ёсоор тодроогүй зүүн цанхиас нүүрс олборлох үйл ажиллагаа бол эхэлчихсэн. Тэгвэл угтах жилүүдэд жилд 15 сая тонн нүүрс гаргах уурхайгаас нүүрс авч байх гэрээг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайд Д.Энхтайван, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, дэд дарга О.Эрдэнэбулган болон ордыг эргэлтэд оруулах эрхтэй “Эрдэнэс МГЛ” ХХК болон түүний охин компани “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагууд гэхчлэн манай талын нөхдүүд, БНХАУ-ын Chalco”, “Shal steel” компанийн удирдлагууд үзэглээд байна. Мөн нүүрс авч байх тохиролцоог БНСУ-ын “Kores”, Японы “Itochu”, “Mitsui” корпорациудтай хийв. Манай тал нүүрсээ худалдаалах зөвшөөрлийг өгч, гэрээ байгуулсанаар 250 сая ам.долларын урьдчилгааг “Chalco” компаниас авна гэж байна. Ерөнхий экспортлогчоор Хятадын компаниудтай гэрээлсэн дүр зурагтай байгаа. Харин манай талын нөхдүүд үүнийг тайлбарлахдаа Хятадын компани 70 хувийг нь, БНСУ-ын “Kores”, Японы “Itochu”, “Mitsui” корпорациуд үлдсэн 30 хувийг нь авна гэж байгаа юм. Гол нь тэр 30 хувийг нь дээрх компаниуд худалдаалах эрхийг “Chalco” –д олгожээ. Тэгэхээр орд тойрсон хөрөнгө оруулалтаас орж ирж байгаа урьдчилгаа төлбөрүүдийг Эх орны хишигт зориулан цацдаг байдал бас л, энэ удаагийн 250 сая ам.доллар дээр давтагдаж байгаа юм байна. Урьдчилгаа төлбөр гэдгийг манайхан зүгээр л ирж байгаа хишиг шиг хардаг том дутагдалтай. Тухайлбал, манай улс “Chalco”-оос авч буй 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөрөө төлж дууссаны дараа, зах зээлийн утгаар нь нүүрсээ борлуулах эрхийг олж авах юм байна. Өмнөд хөршдөө илүү боломж олгосон манай нөхдүүд гэрээ байгуулсанаар Монголын нүүрс гуравдагч зах зээлд хүрэх зам нээгдлээ гэж үзээд байна. Наймдугаар сарын эхээр нүүрсээ албан ёсоор экспортлох “Эрдэнэс Тавантолгой” компаниас, ерөөс Тавантолгойн ордоос, ерөнхийдөө бусад ордуудыг ашиглаж эхэлснээр Монгол улсын нүүрсний үйлдвэрлэл жилдээ 40 сая тоннд хүрнэ гэсэн тооцоо бий. Цаашлаад 100 сая тонныг давсан нүүрс гаргана гэж байгаа. Тэгэхээр жилд ийм их хэмжээний нүүрсээ гаргах манай улсын нүүрсний экспортод нэгдсэн ямар бодлого баримтлах вэ гэдгийг засгаас тодорхой болгох нь чухал байсаар ирсэн. Тэгвэл ийм чиглэлийг гаргачихлаа. Азийн нүүрсний импортын хэмжээ ирэх 10 жилд 30 хувиар нэмэгдэж, нэг жилд 850 сая тоннд хүрнэ гэгдэж байгаа. Энэ нь Хятадын дэлхийн нүүрсний зах зээл дээр эзлэх үүрэг роль цаашид илүүтэй нэмэгдэнэ гэсэн үг. Дээр нь нэмээд хэлэхэд Австралиас бусад томоохон нүүрс нийлүүлэгчид экспортын хэмжээгээ багасгах магадлалтай гэгдэж буй. Энэ нь Монголын нүүрс үнэ орно гэсэн үг. Тэгэхдээ Монгол улс нүүрсний салбарын удаан хугацааны хөгжлийн бодлогыг, нүүрсний боловсруулалт ба ашиглалттай холбогдолтой бүхий л зохицуулалтыг агуулсан цогц бодлого боловсруулж байж дэлхийн нүүрсний зах зээл дээр идэвхитэй тоглогч байж чадна гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Бид нүүрсээ нэвтрүүлэх чадвараа нэмэгдүүлэхийн тулд дээрх гэрээг үзэглэсэн. Даланзадгад-Тавантолгой-Цагаансуварга-Зүүнбаян-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсангийн чиглэлийн 1100 км замыг байгуулж, нүүрсээ дэлхийн зах зээлд нэвтрүүлэхээр тооцоолсон. Стратегийн хөрөнгө оруулагчидтай тохиролцохдоо ордын нүүрс тээвэрлэлтийн зардлыг хассан борлуулалтын орлогоос 5 хувьтай тэнцэх төлбөрийг "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д өгнө гээд байгаа. Харин одоо тус ордын нүүрсийг тээвэрлэх төмөр замын тээврийн 52 хувийн хөнгөлөлтийн хэлэлцээр явагдаж байгаа. Манай тал Оросуудаас 52 хувийн хөнгөлөлт хүлээж байгаа. Тавантолгой төсөлд оролцох эрхтэй болсон Оросуудаас зөвшөөрөл хүлээж байгаа гэсэн үг. Харин одоогийн нөхцөл байдлаар Монголын нүүрсийг эцсийн хэрэглэгчид хүргэх үүргийг Хятадууд хүлээлээ. Тавантолгой тойрсон асуудал энэ маягаар өрнөж байна. Э.Болор
Shuud.mn
Сонин хачин