Цаг уурын байгууллагаас аюулт, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүллээ
2019-05-17

Ус цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд цаг агаар муудах төлөвтэй байгаа талаар өнөөдөр /2019.055.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Цаг уурын нөхцөл байдлын талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга, доктор Л.Оюунжаргал "Маргааш өдөр Архангайн зүүн, Өвөрхангайн нутаг, Булган,Төв аймгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Маргааш өдөр буюу 2019.05.18-нд Булган, Архангайн зүүн, Өвөрхангай аймгийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

 

18-19-нд шилжих шөнө Дундговь, Дорноговь, Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар 19-нд Сүхбаатар аймгий нутаг Дорнодын өмнөд хэсгээр салхи 18-20 метр секунд хүрч, хүчтэй цасан болон шороон шуурга шуурна. Өөрөөр хэлбэл цасан шуурга, салхины хурд ч гамшгийн хэмжээнд хүрч, үргэлжлэх хугацаа зургаан цагаас хэтэрнэ гэсэн үг. Улмаар нийгэм, эдийн засгийн маш их эрсдэл дагуулах магадлалтай юм.

 

Мөн замд халтиргаа гулгаа үүсч, зам даваа хаагдана. Улмаар хөдөө хээр явж байгаа хүмүүс даарах, төөрөх, осгох нөхцөл байдал үүсч болзошгүй байгаа тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг онцгойлон анхааруулж байна" гэлээ

 

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 11 аймгийн 21 сумын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдэл болсон. Энэхүү аюулт үзэгдлийн улмаас малдаа яваад сураггүй алга болсон, автомашинтайгаа хөдөө замд зорчиж яваад цасанд боогдсон зэрэг дуудлага иргэдээс ирж Онцгой байдлын алба хаагчид нийт 117 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан байна. Харамсалтай нь аюулт үзэгдлийн улмаас 23-54 насны 4 эмэгтэй, хоёр эрэгтэй хүн осгож нас баржээ. Тодруулбал хоёр нь сумын төвөөс гэртээ харих замдаа төөрч осгож нас барсан бол дөрөв нь малдаа явж байгаад төөрч нас барсан. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тиймээс иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж,  малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

 

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

 

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

2019 оны 05 дугаар сарын 17-ны 20 цагаас 05 дугаар сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 5-10 градус дулаан байн

 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.

 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дундговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 10-15 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн хур тунадас, өдөртөө нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 5-7 градус дулаан байна.

 

2019 оны 05 дугаар сарын 19-нөөс 05 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

 

19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд зүүн аймгуудын нутгаар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19,20-нд говь, талын нутгаар, 22-нд Алтайн салбар уулсаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 11-16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 20-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин