Энэ долоо хоногт болох ДӨРВӨН чухал ҮЙЛ ЯВДАЛ
2019-05-20

Их Британийн төрийн мэдлийн “ВВС” агентлаг шинэхэн долоо хоногт болох чухал үйл явдлыг нэрлэж байна.

 

900 сая сонгогчтой сонгуулийн санал хураалт өндөрлөнө 

 

 

Энэтхэгийн сонгуулийн санал хураалт өнөөдөр албан ёсоор өндөрлөнө. Энэтхэгийн парламентын сонгууль дэлхийн хамгийн том ардчилсан сонгуулийн нэгд тооцогддог юм. Тус улс сонгуулийн насны 900 сая иргэнтэй бөгөөд энэ нь Европ болон Австралийн хүн амаас илүү гэсэн үг. 

 

Энэтхэгийн парламентын доод танхимын 545 суудлын төлөөх сонгуулийн санал хураалт долоон үе шаттай явагддаг билээ.  Энэ сарын 23-ны өдөр 29 муж, долоон бүс нутгийн саналыг нэгтгэж тоолсны дараа эцсийн дүн гарна гэж Сонгуулийн хороо хэвлэлийн хурлын үеэр мэдээлжээ.

 

Ерөнхий сайд Нарендра Модигийн үндсэрхэг үзэлт “Бхаратия Жаната” нам 2014 онд парламентын доод танхимд нийт 282 суудал аван ялалт байгуулж, 30 жилийн хугацаанд тасралтгүй Энэтхэгийн парламентын олонхын байр сууриа хадгалсаар ирсэн юм. Хөрш Пакистан улстай үүссэн мөргөлдөөнийг ашиглан үндсэрхэг үзлийг дэвэргэх замаар Нарендра Моди улиран сонгогдохоор оролдож байна гэж ажиглагчид таамаглаж байна.

 

Түүний гол өрсөлдөгч нь сөрөг хүчний Конгресс намын удирдагч Рахул Ганди юм. Тэрбээр тус улсын хамгийн нөлөө бүхий улс төрчдийн нэг юм. Моди 2014 оны сонгуульд ялалт байгуулсныхаа дараа Энэтхэгийн эдийн засгийг сэргээж, ажиллах хүчний эгнээнд жил бүр нэмэгддэг 12 сая залуу үеийнхнийг ажлын байраар хангана гэж амлаж байжээ. 

 

Европын парламентын сонгууль болно 

 

 

Европын парламентын сонгууль энэ сарын 23-26-ны хооронд зохион байгуулагдах билээ. Европын холбоо нь 28 орны 500 сая гаруй хүнийг төлөөлөн ажилладаг дэлхийн томоохон байгууллага юм. Уг сонгуулиар 700 гаруй улс төрчийг сонгоно. 

 

Европын парламентын сонгууль болохоос өмнө Их Британийн парламент “Brexit”-ийн гэрээг батлахгүй бол Их Британи тус холбооны сонгуульд оролцох шаардлагатай болох гэнэ. Гэхдээ өнгөрөгч долоо хоногт Британийн Ерөнхий сайд Тереза Мэй огцрохоо мэдэгдсэн билээ. 

 

"Хаан ширээний тоглоом" цуврал ТӨГСӨНӨ 

 

 

Дэлхийн олон сая үзэгчийг байлдан дагуулсан "HBO" сувгийн "Хаан ширээний тоглоом" цуврал бүтээлийн төгсгөлийн анги буюу 79 минут үргэлжлэх уран сайхны кино энэ долоо хоногт цацагдаж, тус бүтээл албан ёсоор хаалтаа хийнэ.

 

Тус бүтээл ийнхүү найман жилийн турш найман цуврал бүтээлийг гаргаж, дэлхийн бүх цаг үеийн хамгийн шилдэг цуврал болсон юм. 

 

Гэхдээ үзэгчид сүүлчийн цувралыг дахин хийхийг шаардаж буй билээ. Учир нь сүүлчийн бүлгийн зарим ангиуд орчин үеийн кофены аяга зэрэг багтсан нь фэнүүдийнх нь дургүйцлийг хүргэсэн гэхэд болно. 

 

Дэлхийн цэцэгсийн цоморлог нээлтээ хийнэ 

.

 

Дэлхийн хамгийн том цэцгийн шоуны нэг болох "Челси Цэцгийн Шоу" ирэх долоо хоногт тохиох гэж байна. Британийн нийслэл Лондон хотноо олон сая цэцэгс олны нүдийг хужирлахаар болжээ. 

 

Энэхүү шоунд технологи, дизайны алдарт брэндүүд цэцэрлэгжүүлэлтийн дизайн болон шинээр гарсан технологи, багаж хэрэгсэл, чимэглэлүүдийг танилцуулдаг юм. 

 

Уг амьд цэцэгсийн үзэсгэлэн энэ сарын 21-25ны хооронд зохион байгуулагдах бөгөөд гүнгийн авхай Кейт Миддлтон оролцохоор болжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин