ТРАМП: Кимийн санал таалагдаагүй учир хэлэлцээр хийгээгүй
2019-05-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр "Фокс" сувагт ярилцлага өгөх үеэрээ ТРАМП-КИМ нарын хоёр дахь саммит уулзалт яагаад үр дүнгүй болсон талаар ярьжээ.

 

 

Удирдагчид өнгөрөгч хоёрдугаар сард Вьетнамын нийслэл Ханой хотноо уулзсан ч харилцан тохиролцоонд хүрч чадалгүй нутаг буцацгаасан юм.

 

Ерөнхийлөгч Трамп "Уулзалт амжилттай, эерэг уур амьсгалтай эхэлсэн ч тохиролцоонд хүрч, гэрээ байгуулахад нэг л тохиромжгүй байсан. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун цөмийн нийт таван талбайныхаа ердөө нэг эсвэл хоёрынх үйл ажиллагааг зогсоох санал тавьсан. Энэ санал АНУ-ын байр суурьтай зөрчилдөж буй учир би тохиролцоо хийх боломжгүй гэдгээ түүнд хэлсэн" гэж ярьжээ.

 

Тэрбээр мөн "Миний тэргүүлж буй Засгийн газар үүргээ сайн гүйцэтгэж буй. Хойд Солонгос сүүлийн хоёр жил цөмийн болон пуужингийн туршилт хийгээгүй. Мөн эелдэг, зөөлөн болсон. АНУ, Хойд Солонгосын дунд үүсээд буй сөрөг уур амьсгал аажим аажмаар сайжирсан" гэж хэллээ. 

 

Гэхдээ ТРАМП-КИМ нарын уулзалт амжилтгүй болсны дараахан Пхеньян шинэ төрлийн тактикийн зэвсэг туршихаас хоёр ч удаа баллистик пуужин харвасан юм. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин