Жакарта хотноо болсон жагсаалын үеэр 6 хүн амиа алджээ
2019-05-22

Индонез улсад зохион байгуулагдсан Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүн Жоко Видодо ялалт байгуулсан талаар өчигдөр Сонгуулийн хорооноос зарласан юм.

 

 

Тэрбээр нийт сонгогчдын 55.5 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч Прабово Субианто 44.5 хувийн санал авчээ.

 

Сөрөг хүчний тэргүүн Субианто сонгуулийн дүнтэй санал нэгдэхгүй гэдгээ илэрхийлж, "Тодорхой зүйл. Сонгуулийн үр дүнд луйвар орсон" гэж мэдэгджээ.

 

Түүний мэдэгдлийн дараахан сөрөг хүчний дэмжигчид жагсаал зохион байгуулж, цагдаагийнхантай мөргөлдсөн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. Эрх баригчид аюулгүй байдлын үүднээс 32 мянган цагдааг нийслэл Жакарта хотноо тараасан юм. 

 

Цагдаа, хүчнийхэн жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч ашиглажээ. Жакарта хотноо болсон хүчирхийллийн үеэр зургаан хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан байна. Уурссан жагсагчид зогсоолд байсан 20 гаруй автомашиныг галдан шатаасан хэрэг гарчээ. 

 

Хүн амын тоогоороо дэлхийд дөрөвдүгээрт бичигдэх Индонез улсад санал өгөх эрхтэй 192 сая иргэн бий.  Эдгээр иргэдийн 84 хувь нь дөрөвдүгээр сарын 17-ны өдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгчээ. 

 

Ийнхүү Жакарта хотын даргаар ажиллаж, ард түмэндээ танигдсан Видодо дахин таван жил Ерөнхийлөгчөөр ажиллахаар боллоо. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин