“Европын нээлттэй өдөрлөг" болно
2019-05-23

Европын Холбоо болон Монгол Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд 5-р сарын 26-ны Ням гарагт Сүхбаатарын талбайд “Европын нээлттэй өдөрлөг " ийг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн Газраас анх удаа зохион байгуулна.

 

Өдөрлөг 10.00-18.00 цагт болох бөгөөд тус өдөрлөгийн үеэр Европын Холбооны гишүүн орнуудын соёл уламжлалтай танилцах, үндэсний хоол, амттанаар дайлуулж, урлагийн тоглолт үзэх өргөн боломжийг иргэдэд олгох юм байна. Мөн Европын холбооны санхүүжилттээр Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцуулна. Түүнчлэн Европын холбооны гишүүн улсууд руу аялах боломж, шенгений виз хэрхэн авах талаар дэлгэрэнгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх аж.

 

Энэ талаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа өгсөн ярилцлагадаа, “Өдөрлөгт ирсэн иргэд Европын Холбооны татвар төлөгчдийн мөнгийг яагаад Монгол Улсад хэрэгжүүлж буй төслүүдэд зарцуулж байгаа талаар илүү сайн ойлголт авах боломжтой юм. Бид энэхүү өдөрлөгөөр европ болон монгол хүмүүсийн харилцааг илүү ойртуулна гэж найдаж байна” хэмээсэн юм.

Э.Сонор

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин