Мэргэжлийн хяналтынхан ТОМ бай л даа
2019-05-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 2019.02.28-ны өдрийн 16:00 цагт нуралт болж дөрвөн иргэн дарагдаж, харамсалтайгаар амь насаа алдсан билээ.

 

"Эко алтан заамар " компани технологи зөрчин олборлолт явуулсны улмаас нуралт үүсч, ажлаа хийж явсан 4 хүн амиа алдсан. Ослын дараа компаний үйл ажиллагааг түдгэлзүүлэн Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэлсэн ч хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна.

 

Энэ осол “Эко Алтан Заамар” компанийн хувьд анхных биш. 2018 оны 6 дугаар сарын 19-ний шөнө уурхайд ажиллаж байсан 51 настай эрэгтэй хүнд даацын машинд дайруулж амиа алдсан.

 

Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийж ноцтой зөрчил илрүүлэн  2018 оны 7 дугаар сарын 1-нд үйл ажиллагааг нь зогсоож байсан баримт бий. Тус баримтад:

 

Байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээнд тодотгол хийлгэж холбогдох төрийн байгууллагаар батлуулаагүй үйл ажиллагаа явуулсан нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь заалтыг,

 

Овоолго байгуулах газрын шимт хөрсийг хуулж тусгайлан шимт хөрсний агуулах байгууламж овоолоогүй нь Ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм овоолгын ажил 114 заалтыг тус тус зөрчсөн хэмээн үйл ажиллагааг нь зогсоож байжээ.

 

Гэвч удалгүй үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж эхэлсэн байдаг. Ингэж мэргэжлийн хяналтынхан уурхайг нь хэдэнтээ хаасан ч эргээд л нээсээр өнөөдөр дөрвөн хүний эрдэнэт амийг золиод байна.

 

Компанийн буруутай үйл ажиллагаанаас болж шороонд дарагдан нас барсан иргэдийн ар гэрийнхэнд хоёр өрөө байр, 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламж үзүүлснээр энэ хэрэг одоогоор нам гүмхэн байна.

 

 

Тэгтэл тун саяхан буюу тавдугаар сарын 23-нд үүнтэй ижилхэн осол Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутагт гарч мөн л эрдэнэт хүний амь нас эрсэдлээ.

 

Тодруулбал тус сумын Нарангийн ам гэх газар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Шарын гол уул уурхай” ХХК-ийн HOWO371 автомашины оператор Б нь хөрсний овоолгыг зөөж тээвэрлэн өмнө ашиглалт явуулсан талбайд нөхөн дүүргэлт хийж байх явцдаа машинтайгаа уурхайн ухаш руу унаж осолдсон харамсалтай хэрэг гарав.

 

Бас л компанийн буруу. Энэ удаад “Пентатерра” ХХК нь мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018 онд шлгалт хийж зөрчил илрүүлсний дагуу үйл ажиллагааг нь зогсоосн атал дур мэдэн үйл ажиллагаагаа эхлүүлж хүний амиар “тогложээ”.

 

Тодруулбал Мэргэжлийн хяналтын байгуулагаас “Пентатерра” ХХК-ийн ашиглалтьн тусгай зөвшөөрлийн талбайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хяналт шалгалтыг хийхэд “Пентатерра” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Цог өндөр-Арвижих” ХХК нь

 

-2018 оны ашигт малтмал ашиглах үйл ажиллагааны төлөвлөгөө батлуулаагүй олборлолтын үйл ажиллагаа явуулсан,

 

-Нарангийн голын энгийн хамгаалалтын бүсэд хөрс хуулж, овоолго үүсгэн, эргэлтийн усан сан байгуулсан,

 

-Тухайн жилийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, уурхайн хөрс хуулалтын гадаад овоолгыг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хилийн гадна байрлуулсан,

 

-Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж ажиллаагүй,

 

-Ус болон газар ашиглах гэрээг холбогдох байгууллагатай байгуулаагүй, уурхайн талбайн хилийг тогтоолгож, байнгын шав, тэмдэг тавиулаагүй зэрэг зөрчил илэрсэн тул Улсын байцаагчийн актаар 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн үйл ажиллагааг нь зогсоосон байна.

 

Ингэж үйл ажиллагааг нь зогоосон акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ч тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дур мэдэн үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь осол гарах нөхцөл болсон гэж мэргэжлийн хяналтын байгууллагаас урьдчилсан байдлаар дүгнэжээ.

 

“Пентатерра” ХХК нь 2019 онд үйл ажиллагаа явуулах Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулаагүй, ус болон газар ашиглах гэрээ байгуулаагүй, сум, орон нутгийн Засаг дарга, сумын байгаль орчны байцаагчид мэдэгдэлгүйгээр хууль зөрчин үйл ажиллагаа эхлүүлсэн байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас үйл ажиллагааг нь зогсоосон, зөвлөмж өгөөд зөрчлөө арилгахыг ч үүрэгджээ. Гэвч “том толгойтой” компанийн удирдлагууд мэргэжлийн байгууллагын үгийг үл тоон ажлаа эхлүүлснээс дахин нэг гэр бүл тэргүүнгүй, дахиад л бяцхан үрс аавгүй боллоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хариуцлагагүй компаниуд даварсан даналзсан байдлаа орхиж харин оронд нь мэргэжлийн хяналтын байгууллага “ТОМ” баймаар байна. Зөрчил илрүүлсэн, үйл ажиллагааг нь зогсоосон гэх ч араар нь ийнхүү ажил явуулж хүний амь насыг эрсдэлд оруулсан нь нэг биш.

 

“Эко Алтан Заамар” ХХК-аас зөрчил илрүүлэн үйл ажиллагааг нь зогсоож байсан. Удалгүй дахиад л ажлаа эхлүүлж дөрвийн дөрвөн хүнийг шороонд булчихсан. Дараа нь “Шарын гол уул уурхай” ХХК мөн л үйл ажиллагааг нь зогсоочихоод байхад ажил явуулж ахиад л нэг хүний амийг авчихлаа.

 

Бүх юм болж өнгөрсөн хойно, “Би хэлсэн шт, үгэнд ороогүй” хэмээн мэдэгдэхийн оронд хяналтын байгууллага хэрхэн ажиллаж, хариуцлага хүлээлгэж чаддагыг жишиг байдлаар харуулж, харин ч тэндий өмнөөс “даналзах” учиртай хүмүүс бол МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН.

 

Яагаад үйл ажиллагааг нь зогсоочихоод байхад ажлаа эхлэв, тэдэнд тийм зоригийг хэн өгөв?

 

Хяналт чанга байсан бол хариуцлага алдахгүй байх боломж байсан. Ажлыг нь зогсоогоод акт үйлдээд, зөвлөмж өгөөд буцах биш алдаагаа засч залруулахыг шахаж, шаарддаг чадахгүй бол өрсөлдөөнөөс хасчих эрх нь мэргэжлийн хяналтынханд л бий. Гэвч тэд уул уурхайн компаниудыг хэт эрхлүүлснээс компанийн буруутай үйлдлээс эрдэнэт хүний амь нас эрсдэх явдал гарсаар байна.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин