ҮХЦ эрх баригчдад үйлчлэх үү, эрх нь зөрчигдсөн Хэнтийчүүдийг хамгаалах уу?
2019-05-27

УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу үргэлжилж байна. УИХ-ын нөхөн сонгуульд 11 улс төрийн хүчин өрсөлдөхөөр сонгуулийн төв байгууллагаас батламжаа гардаж авсан. Энэ өдрүүдэд нөхөн сонгуульд өрсөлдөх улс төрийн хүчнүүд сонгуулийн хуваарийн дагуу нэр дэвшигчээ тодруулж байна. Тухайлбал, АН Хэнтийн Засаг дарга асан н.Оюунбаатарыг, МАХН Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр батламжилж, СЕХ-нд холбогдох материалыг хүргүүлээд байна. Харин маргааш МАН-ын бага хурал хуралдаж, УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна.

 

Эрх баригч хүчин МАН-аас Хэнтийн нөхөн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь олны анхаарлын төвд байна. МАН-ын дарга У.Хүрэлсүхийг төрсөн нутагтаа нэр дэвшихээр өрсөлдөх магадлалтай, нийгмийн захиалга гэж олон нийт харсаар ирсэн. Гэхдээ өнгөрсөн жилийн УИХ-аас тогтоол гарган зарласан нөхөн сонгуулийн товыг “Төрийн албан хаагч нэр дэвших боломжийг хааж, хүний эрх зөрчсөн” гэх үндэслэлээр МАН-ын даргын хамаарал бүхий этгээд ҮХЦ-д гомдол гаргаж, УИХ хүлээж авсныг улс төрийн захиалгат үйлдэл гэж олон нийт харж, МАН-ын даргыг төдийгүй эрх баригч хүчнийг нөхөн сонгуульд өрсөлдөхөөс цааргалаж, цаг хугацаа хожиж байна гэх дүгнэлтэд хүрсэн. 

 

Тиймээс ч өнгөрсөн нэг жилийн Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөхөөр горилсон улс төрийн хүчнүүд тойргийн нутаг дэвсгэрт “усалгаа” өөр өөрсдийн хэмжээнд явуулсан. Тэр дундаа эрх баригч хүчний удирдагч, Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын дундуур Хэнтийн аймагт ажиллахдаа тухайн тойрогт төсвийн хөрөнгөөр “бороо оруулсан” гэж шүүмжлэлд өртөөд байгаа.

 

Харин өнөөдөр Хэнтийд нөхөн сонгууль явагдах эсэх эхний шийдлийг ҮХЦ  шийдвэрлэнэ. Учир нь Д.Гантулгыг УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн УИХ-ын тогтоол хүний эрх зөрчсөн, чөлөөлөгдөх хүсэлтэд үндэслэл дурдаагүй гэсэн гомдлыг судлаач Д.Ганхуяг ҮХЦ-д гаргасан. Харин иргэний дээрх гомдлыг сөрөг хүчин эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж,  маргаан хянан шийдвэрлэхгүй байх асуудлаар тайлбар хүргүүлээд ч тусыг эс оллоо. АН-ын зүгээс “УИХ Д.Гантулгыг өөрийн нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөх шийдвэр гаргасан. Атал судлаач н.Ганхуяг гишүүнээс чөлөөлөгдөх үндэслэлээ дурдаагүй гэсэн байна. Чөлөөлөгдөх үндэслэлээ дурдах эсэх нь тухайн хүний эрх. Хүчингийн хэрэгт холбогдоод гэж чөлөөлөгдөх үндэслэлдээ бичих байсан уу. УИХ дээр ч энэ асуудлыг асуух нь зохисгүй. Д.Гантулга УИХ-ын гишүүний төдийгүй УИХ-ын нэр хүндийг унагасан ёс зүй үйлдэл нь чөлөөлөгдөх хангалттай үндэслэл. ҮХЦ маргааныг хэлэлцэхээр болсон нь улс төрийн захиалгат үйлдэл гэж харж байна” гэсэн байр суурийг илэрхийлж байгаа.

 

ҮХЦ-ийн шийдвэр иргэдийн гомдлыг хэлэлцээд Үндсэн хууль зөрчөөгүй гэх шийдвэр гаргавал нөхөн сонгууль товлосон хуваарийн дагуу явагдана. Харин Үндсэн хууль зөрчсөн гэж  шийдвэр гаргавал УИХ-аар 14 хоногийн дотор хэлэлцэнэ. ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээж эсэх, эс хүлээж авахаас шалтгаалаад энэ удаагийн нөхөн сонгууль цуцлагдахаар байгаа. Учир нь ҮХЦ-ийн шийдвэрийг УИХ хүлээж авбал нөхөн сонгуулийн тов цуцлагдана. Эс хүлээж авбал ҮХЦ  хуулийн дагуу 30 хоногийн хугацаанд Их суудлын хуралдаанаа хийж, асуудлыг шийдвэрлэнэ. Тиймээс мөн л нөхөн сонгууль хойшлогдохоор болж таарна.

 

Харин энэ хугацаанд шүүхээр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа иргэн Д.Гантулга хохирох уу, төрд төлөөлөлгүй Хэнтийн 42 дугаар тойргийн сонгогчид хохирч байна уу гэдэг хэнд ч тодорхой. Хэнтийн сонгогчдыг хохироосон Д.Гантулгын эрхийг ҮХЦ улс төрийн захиалгаар хамгаалах уу, эс хамгаалах уу гэдэг шийдвэр өнөөдөр гарна.

 

Нөгөөтэйгүүр ҮХЦ-ийн шийдвэр хэрхэн гарснаас үл хамаарч эрх баригч хүчин маргаашийн бага хурлаа товлон хуралдуулж, нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ тодруулна.  Учир нь эцсийн шийдвэр гартал сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж, төсөвлөсөн санхүүжилт ч зарцуулагдсаар байгаа. Харин тодорсон нэр дэвшигчийн тухайд ҮХЦ-ийн шийдвэрээс хамаарал бүхий байх биз. ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргасан байхад МАН-ын дарга У.Хүрэлсүх нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшиж, баатарын дүрээр тодроод ч нэмэргүй. Учир нь УИХ-ын тогтоол цуцлагдах нь тодорхой байхад МАН-аас нэр дэвшигч өрсөлдөх айдасгүй гэсэн үг. Тиймээс л ҮХЦ-ийн өнөөдрийн шийдвэр улс төрийн захиалгаар  МАН-ын хайрцагласан бодлогыг задална гэж ажиглагчид харж байгаа. 

 

Тэгээд ч Хэнтийд нөхөн  сонгууль явагдах эсэх нь эрх баригчдын хайрцагласан бодлогоос хамаараад байна.  Тиймээс Хэнтийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийг эрх баригчид "тоглоомын тойрог"-оор харах хэрэггүй. УИХ-ын 2020 оны сонгууль нэгэнтээ хаяанд ирээд байна. 

Н.Энхлэн 

 

 

Shuud.mn
Сонин хачин