"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлчид" сургалт долоо дахь жилдээ боллоо
2019-05-28

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт энэ сарын 23, 24-ний өдөр болсон билээ. Сургалтад оролцож шүүхийн эрх зүйгээр мэргэшсэн сэтгүүлчид ийнхүү ярьж байна. 

 

А.Баярмаа: Ахисан түвшинд мэдээлэл бэлтгэх боломжтой боллоо

 

Dorgio.mn” сайтын сэтгүүлч 

"Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг сургалтад дөрөв дэх удаагаа хамрагдлаа. Шинээр батлагдсан Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, шүүхийн практик зэргийн хууль эрх зүйн зохицуулалт, сэтгүүлчдийн мэддэггүй нарийн асуудлуудыг энэ удаагийн сургалтаас ойлгож авлаа.

 

Цаашид ч энэхүү сургалтад суух сонирхолтой байгаа учраас жил бүр зохион байгуулаарай гэж зохион байгуулагчдад уламжилмаар байна. Энэ жилийн сургалтын тухайд шүүгч нар шүүхийн практикийг тайлбарлаж өгч байгаагаараа онцлог байлаа. Сэтгүүлчдийн зүгээс шүүгч нарыг маш их хаалттай хүмүүс гэж ойлгодог.

 

Гэтэл бид бүхэнд бодит кейс дээр тулгуурлан сургалт, мэдээлэл өгснөөр хоорондын үл ойлголцол, хардлага арилсан. Ахисан түвшинд мэдээ мэдээлэл, нийтлэл бэлтгэх боломжтой боллоо. Хуулийг мэргэжлийн бус хүн уншаад ойлгох, шүүгч тайлбарлаж өгөх өөр байдаг юм байна гэдгийг маш сайн ойлголоо.

 

Б.Даваасүрэн: Шүүхийн эрх зүйгээр мэргэших боломжийг олголоо

 

"Монгол HD” телевизийн сэтгүүлч ​​​​

"Өмнө нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулдаг сургалтад суух боломж олддог байсан ч ажлын цаг зав бага учраас хамрагдаж чаддаггүй байсан. Энэ удаад зорин байж оролцлоо. Зөв сургалтад цагаа зарцуулсандаа баяртай байна.

 

Учир нь бид өмнө нь шүүхийн холбогдох хүмүүсээс ярилцлага авч байсан ч хичээлд нь сууж үзээгүй. Бид бүхний амьдрал, практикт хэрэгжүүлэх боломжтой ч мэддэггүй байсан зүйлүүдийг маш сайн тайлбарлаж зааж өгсөн тул цаашдаа хэрэгжүүлэх боломжтой санагдлаа.

 

Ийм сургалтад удаа дараа суувал Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч гэдэг үнэмлэхтэй болдог нь бид бүхэнд энэ чиглэлээр цаашид дагнан ажиллах боломжийг олгодог.

 

Манай телевиз цөөхөн сэтгүүлчтэй тул энэ чиглэлээр дагнан ажиллах боломжгүй байдаг. Бүхий л чиглэлээр ажилладаг. Би улс төр, нийгмийн асуудлаар ажилладаг. Цаашид Шүүхийн эрхзүйгээр мэргэшиж ажиллахад дөхөм боллоо гэж үзэж байна.

 

 

Т.Баярбат: Мэдээллээ мэдлэг болгож авав

 

"The UB Post” сэтгүүлийн сэтгүүлч

 "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад анх удаа сууж байна. Өөрт байсан олон төрлийн мэдээллээ мэдлэг болгож авсан чухал сургалт байлаа. 

 

Сургалтыг зохион байгуулж байгаа арга хэлбэр маш их таалагдаж байна. Сургалтын илтгэгч багш нар өндөр мэдлэг чадвартай, туршлагатай хүмүүс байгаа нь үнэхээр таалагдлаа.

 

Аливаа асуудлыг бодит жишээгээр тайлбарлаж байгаа нь маш их хүртээмжтэй, ойлгомжтой байна.

 

Нийслэлийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхтэй танилцлаа. Сургалтад оролцсондоо баяртай байна. Дараа дараагийн сургалтад хамрагдах хүсэлтэй байна.

  

 

Б.Ариунтуул: Иргэдийн мэдэх эрхэд хөрөнгө оруулж байгаа хэлбэр 

 

"Тug.mn” сайтын сэтгүүлч

"Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр сэтгүүлчдэд зориулж эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх, мөн сэтгүүлчдийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт зохион байгуулдаг. Манай улсад сэтгүүлчдийн эрх зүйн зохицуулалт учир дутагдалтай. Мэдээллийн эх сурвалжийг хэрхэн хамгаалах, эрх зүйн хэм хэмжээг ойлгуулж өгдөг маш их ач холбогдолтой, өргөн хүрээг хамарсан сургалт гэж ойлгодог. Би гуравдахь удаагаа энэхүү сургалтад суулаа.

 

Жилээс жилд сургалтыг зохион байгуулахдаа хөтөлбөрийг сонирхолтой болгож байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуулиудыг сэтгүүлчдэд илүү дэлгэрэнгүй заалаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өөрчлөлт буюу процессын хуулиар сэтгүүлчдэд гэмт хэргийг мэдээлэхдээ хэрхэн, ямар өнцгөөс мэдээлж, өөрийн эрхийг хамгаалах боломжтой вэ гэдгийг маш сайн таниулж өглөө.

 

Шүүх илүү нээлттэй болсон байна. Статистикаас харахад гэмт хэргийн гаралт ихэссэн байна. Мэдээллийг зөв өнцгөөс үнэн бодитой хүргэхийн тулд сэтгүүлчдэд зайлшгүй хэрэгцээтэй сургалт гэж ойлгож байна.

 

Нөгөө талдаа сэтгүүлч бол иргэдэд мэдээллийг хүргэх гүүр. Тиймээс энэ сургалт иргэдийн мэдэх эрхэд хөрөнгө оруулж байгаа нэг хэлбэр юм. 

 

Д.Бат-Орших: Хуулийн өөрчлөлтүүдийн талаар мэдлээ

 

МҮОНР-ийн ​​​​​сэтгүүлч

"Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалтад гурав дахь удаагаа хамрагдаж байна. Хууль байнга шинэчлэгдэн, өөрчлөгдөж байдаг. Хуульд орсон нэмэлт өөрчлөлтүүдийн талаар зааж байгаа нь их ач холбогдолтой байна. Бид хэдийгээр цаг үргэлж мэдээллийн дунд байдаг ч хуульд орж байгаа өөрчлөлтүүдийг тэр бүр мэддэггүй.

 

Энэ удаагийн сургалтаас олон зүйлийг тодорхой мэдэж авлаа. Тухайлбал анхан шатны шүүх гэм буруутай эсэхийг эхлээд тогтоож, түүний дараа тухайн этгээдийг торгох эсэхийг шийдвэрлэж, мөн шүүгдэгч өөрөө завсарлага авч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг барагдуулсны дараа хүлээх хариуцлагаас тодорхой хэмжээгээр чөлөөлөгдөх гэх мэт асуудлыг заалаа. Энэ нь иргэдэд мэдээллийг шуурхай хүргэхэд чухал ач холбогдолтой.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Shuud.mn
Сонин хачин