ОХУ: Төрийн байгууллагууд зөвхөн дотоодын үйлдвэрлэлийн дарс худалдан авна  
2019-05-28


 ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд гадаад улс оронд үйлдвэрлэсэн дарс  худалдан авахыг хориглох тухай тогтоолд гарын үсэг зурсан талаар Вести агентлаг мэдээллээ. 


“Дотоодын дарс үйлдвэрлэлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн болон орон нутгийн захиргааны байгууллагууд худалдаж авахад хязгаарлалт тавих хүнсний бүтээгдэхүүнд дарс, ликер болон жимсний дарсуудыг хамааруулж байна. Энэхүү хязгаарлалт нь зөвхөн төрийн худалдан авалтад хамаарах бөгөөд арилжааны салбарт импортын дарсыг хориглохгүй” хэмээн ОХУ-ын Засгийн газрын цахим хуудсан дээр мэдээлжээ. 


Энд дуулгахад, хойд хөршийн дарс үйлдвэрлэлийн түүх 1613 оноос эхлэлтэй. Тухайн үед Михаил Федорович хааны зарлигаар Астраханьд “ордны цэцэрлэг” байгуулж байсан бол I Петр хааны үеэс дарсны үйлдвэрлэл хөгжиж эхлэсэн байна. 


Дэлхийн дарс, дарс үйлдвэрлэлийн байгууллагын мэдээлснээр Оросын дарс үйлдвэрлэгчид 2007 онд 7280 мянган гектолитр дарсны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, энэ төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс орнуудын жагсаалтанд 11 дүгээр байранд бичигджээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин