Эмээгийн эгэл БОР ХҮҮ
2019-05-31

Эх үрсийн баярыг угтаж өмнө нь Улаан талбайд ая дуугаа өргөж, эх орон элгэн саднаа эрхгүй баярлуулсан Э.Энгүүнбат хүүг онцолсон бол энэ удаад  Улаанбаатар хотын алслагдсан хороо буюу СХД-ийн 32 дугаар хороонд эмээ, ээжийнхээ хамт аж төрж буй Хангал гэх эгэл бор хүүг онцоллоо.

 

Үнэндээ онцлох зүйл огт үгүй эгэл нэгэн амьдрал, ихэнх цагийг эмээтэйгээ өнгөрүүлдэг шүтлэгтэй, шүншигтэй, хүмүүжилтэй хөөрхөн бор хүүгийн гэгээн мөрөөдөл, гэрэлт ирээдүйгээр аялъя гэж зорив.

 

Эмээ, ээж, хүү гурвын "АМТТАЙ" амьдрал

 

 

Аавгүй, ахгүй ерөөс Хангал хүү эр хүнгүй ам бүлд өсөн торнисон болоод ч тэр үү эрэгтэй хүнээс бишүүрхүү. Гэсэн ч ээж нь, эмээ нь түүнийг эцгийн хайраар дутаалгүй өсгөсөн дөө хүү өнөөдөр “Би бөх болно” хэмээж байна. Түүнд авч чулуудахад нь өнхөрч ойчоод урам өгөх аав үгүй ч бөх болох биеийн хүч болоод сэтгэлийн бяр тэнхээг эмээ ээж хоёр нь харамгүй суулгажээ. “Би хааяадаа ээж эмээтэйгээ барилддаг шт. Энэ хоёрыг дандаа давдаг юм. Нээрээ би нэг удаа Мөнхтүвшинг гурав давсан ш дээ, Пүрэвжаргалыг нэг удаа л унагаасан, гэхдээ тэр чинь бэлтгэл хийдэг гэсэн. Тэмүүжинтэй барилдахаар би давдаг юм” хэмээв. Мөнхтүвшинг, Пүрэвжаргалыг, Тэмүүжинг ч би танихгүй. Тэгсэн хэр нь л хэзээний танилаа ярьж буй мэт намайг тоож ярих нь хөөрхөн.

 

Эр хүн хэзээд эмэгтэй хүнийг хайрлаж хүндэтгэж байхын ухааныг Хангал хүү хэрсүү бяцхан ухаандаа хэдий нь эргэцүүлжээ. “Би эмэгтэй хүүхэд ер шоглодоггүй. Манай ээж эмэгтэй хүүхэд битгий зодоорой, загнаарай гэж зөндөө гуйдаг ш дээ” хэмээх нь догь.

 

 

Эмээгийнхээ бор авдрын өмнө завилж суугаад гуулин аяганд сүүтэй цай оочилж суух нь эгээ л эцэг хүн шиг санагдаж энэ гэрийг ерөөс эр хүний орон зайгаар дутаах янзгүй.

 

Эмээ, ээж, хүү гурав эв эгэл хэр нь хачин амттай амьдардаг хүмүүс аж. Төвөөс хол гэж халиралгүй улсаас өгсөн 0.7 га газартаа тохилог байшин барьжээ. Илүү ч үгүй, дутуу ч үгүй алтан дундаж аз жаргалтай амьдрал тэнд өрнөж байна. Тэднийх саалийн ганц үнээтэй. Хангалын эмээ өглөө эртлэн босоод үнээгээ саагаад цайны сүүтэй болчихно. Цайгаа сүлээд цаана нь үлдсэнийг нь хөөрүүлээд өрөм байлгаад дараа нь тараг ч бүрчихэж байна. Зарим өглөө зөөхийтэй талх ч Хангалыг угтана.

 

Хангалын ээж сэтгүүлч мэргэжилтэй. Тэрбээр 27 километрийн алс, хотын төвд байрлах ажил руугаа хар үүрээр зорино. Банкны зээлээр авсан “приус” машинаараа өглөө ажилдаа явах замдаа, орой харихдаа халтуур хийж шатахууны мөнгөө олоод под хийчихнэ. Цаана нь мөнгө үлдвэл хүүгийнхээ хуримтлал руу л нэмээд байдаг гэнэ.

 

Энэ айлд ингэж өглөө эхэлдэг аж. Дараа нь эмээ нь хүүгээ дагуулсаар цэцэрлэгт нь, ээж нь ажилдаа, өнөө ганц үнээ нь айлын үхэрнүүдтэй бэлчээрт гарна. Орой нь бүгд гэртээ цугларч Хангал цэцэрлэгтээ юу хийсэн талаараа шулагнасаар, үнээ нь тугалаа нэхсээр ирж ам бүл цугларна. Халуун ам бүлээрээ цугларч амь халуун яриа өрнүүлж байхтай нь таарч, Хангал хүүтэй буу халлаа. Бидний яриа асуултгүй эхэлсэн.

 

 

-Би нээрээ гар утастай болсон, эмээ маань хуучин утсаа өгсөн. Тэрэн дээр нь би өөрөө 5 тоглоом татаж аваад тоглож чаддаж байгаа машинаар уралдах гоё ш дээ.

 

-Тийм үү, утсанд арай донтох юм биш биз дээ?

 

-30 цаг /30 минут/ тоглоод ээж хураагаад авчихдаг юм.

 

-Маргааш хүүхдийн баяр болно. Ээж эмээ хоёр нь чамайг яаж баярлуулдаг вэ?

 

-Ээж бэлэг болон тобот авч өгсөн. Даанч би тоботынхоо өрөөсөн гэрийг эвдэлчихсээн. Дахиад авч өгөхгүй байхөө. Нээрээ сониноос би эмээтэйгээ хамт ээжийнхээ төрсөн нутаг Мандал руу явах гэж байгаа. Тэр үед ээж маань надад тоглоом авч өгөөд явуулна гэсэн.

 

-Мандал гэдэг нь хаанахын нутаг билээ?

 

-Завханы Мандалаа...

 

-Том болоод ямар хүн болох уу?

 

-Янз бүрийн л хүн болно доо. Бөх л болно гэж боддог доо.

 

-Эмээ, ээж хоёрынхоо ачыг хариулах тухай бодно биз?

 

-Бодолгүй яахав. Би эмээ, ээж хоёртоо хайртай ш дээ. Эмээ миний бүх юмыг мэддэг юмаа. Эмээ ээжийнхээ ачийг хариулна.  Танд л гэж хэлэхэд би ээжийнхээ мээмэнд бас бүдүүн гэдсэнд нь хайртай /шивнэв.сур/

 

-Мөөмөө иддэг юм уу?     

 

-Үгүй ээ, би таван настай юм чинь юу гэлээ гэж идэх үү, үнэрлээд бариад унтдаг ш дээ.

 

“Таарахгүй гутлыг яахав дээ, тавчигтайгаа дуулчихъя”

 

 

Хангал хүү өдгөө таван настай. СХД-ийн 32 дугаар хорооны 195 дугаар цэцэрлэгийн ахлах ангийн бүлэгт суралцаж уржигдар төгсөлтийн баяраа хийжээ. Ангийн төгсөлтийн баяр дээрээ монгол ардын бүжиг бүжиглэсэн. Харин өчигдөр Алдарт эхийн одон гардуулах, Дархан бэрийн шагнал гардуулах арга хэмжээнд оролцон найрал дуугаар ая дуу өргөжээ.

 

Ээж нь сөөсгөр хүүгийнхээ тухай “Хөл нь их том. гутал таарахгүй. Сая төгсөлтийн баяр дээрээ өмсөх гутал олдохгүй, ээж эмээ нь зохицуулах гэж бөөн юм болсон. Нэгдүгээр ангийн хүүхдийн гутал таардаггүй. Гэтэл Хангал “Таарахгүй гутлыг одоо яахуу дээ, би тавчигтайгаа гараад дуулчихъя гэсэн шүү дээ. Тийм хээ шаагүй, хүүхэд чинь хөөрүү гэнэн сахилгагүй байдаг даа, гэтэл тийм биш” хэмээн өхөөрдөн ярьсан юм.

 

Ангидаа биерхүүд ордог тул зураг авхуулах болгонд хамгийн арын эгнээнд зогсоодог аж. “Тээр араас нэг том толгой л цухуйсан зураг гардаг” хэмээн  ээж нь хүүгээ өхөөрсөн. Ангидаа хамгийн их ярьдаг нь Хангал гэнэ. Ангийн багш нар нь “Манай ангид хамгийн их ярьдаг хүүхэд нь Хангал, ээжийн мэргэжлийн онцлог нөлөөлсөн байх, ээжийнхээ гэдсэнд байхдаа л сэтгүүлчийн ажил хийсэн болохоор ийм яриа байдаг юм боловуу гэж боддог” хэмээн хуучилсан юм.

 

Эмээтэйгээ өссөн болоод ч тэрүү Хангал хүү бодь мөрийн хүн аж. Айлд орохоороо ээжээсээ заавал зөвшөөрөл авч байж эд зүйлсэд нь хүрнэ. Тайван, дөлгөөн гэж жигтэйхэн юм. Хүүхдэд зодуулж өшиглүүлчихээд “Яахуу яахуу би том болоод зодох юм чинь” гэж хэнэггүй хариулсан удаатай аж.

 

Энэ хүүг эмээ, ээж хоёр нь охидыг хүндэлдэг хайрладаг, аливаад уужуу ухаанаар ханддаг гүдэс шулуухан гүндүүгүй сайхан эр болгон өсгөж байна. Тэр яг л охидын мөрөөдлийн залуу болно доо...

 

Ээж эмээгийн амин хайртай үр, галаа бадрааж, голомтоо авч явах нуган хөвүүн хайрламаар, уярмаар хүү юм. Хангал хүү ураг гагнаж, удмаа батжуулж явна даа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Очиртѳмѳр:
Нээрээн ѳхѳѳрдмѳѳр хѳѳрхѳн бичжээ. Ийм хүүд сэтгүүлчийн ч хэрэг алга, ѳѳрѳѳ хѳтлѳѳд явчихсан... Нэг их сайхан боллоо. Та хоёртоо аз жаргал эрүүл энхийг хүсье! Ийм хүүтэй ээж жаргахаас ч яахав...
2019-06-02
Ундармаа:
ээж эмээ 2 нь сайхан хүмүүс болоод л энэ хүү зөв хүмүүжилтэй хүнийг хүндэлж хайрлаж чаддаг болсон байна. эмээ ээж 2-оор нь бахархаж байна. хожмын ерөнхий сайд, ерөнхийлөгч ч байхыг хэн ч үгүйсгэхгүй. цаашдынх нь амьдрал амжилтанд нь ерөөл хүсье
2019-05-31
Bulgamaa Batjargal:
Хөөрхөн шүү
2019-05-31
иргэн:
САйхан мэдээ уншлаа. Бүх айл ийм байгаасайдаа. Хүүхэд хүмүүжлээсээ л дээ ер нь
2019-05-31
МУ-ын иргэн Р.Д:
Энэ хүү жинхэнэ монгол эр болж хүмүүжих болтугай. сайн хүү байна.
2019-05-31