Монголын боксыг Ц.Нандигжавгүйгээр төсөөлөшгүй нь нэг үнэн
6-3

Намтар түүх арвинтай, ярих хэлэх юмтай хэн нэгнийг сурвалжлах үүрэгтэйгээр Монголын Улаан загалмайн хороогоор очлоо. Зорилгоо хэлбэл нэг танил маань түвдэх юмгүйхэн.

 

 

-Манай алтан өргөмжлөлт онцгой гишүүн Ц.Нандигжавтай л уулз даа гэв. Эрлийн үзүүрт тос гэдэг шиг л юм болов. Урьд нь яг нүүр тулж үг хэл болж яваагүй ч миний хувьд спортод ойр явдгийн учир боксын Нандигжавыг мэднэ л дээ. Рингэнд тоглож байхыг нь нэг биш удаа харсан бас шүүгч хийгээд гялалзаж явахыг нь мэдэх болохоор олзуурхлаа шүү. Үнэндээ олны танил хүн гэдэг урлаг, спортынхон л байдаг даа. Тэдний нэг нь боксын олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Нандигжав мөнөөс мөн.

 

Нэрнээсээ эхлээд нандин хүн санагддаг байсан юм урьд нь.

Тэгээд тэднийд цогиж хүрлээ. Бид хуучны танилууд шиг л уулзав. Өндөр байшингийн 11 дүгээр давхарт бэдэрч гараад, амьсгаагаа дарж амжаагүй байтал Ц.Нандигжав,

-Өө би таныг таних юм байна гэлээ. Дотно санагдав.

 

Зочных нь өрөөний ханын шкафны шилэн хорогт байрлуулсан жинхэнэ стандартын хос алтан бээлий, олон цом, диплом, өнгө алаглах медалиуд нь эзэн нь хэн бэ гэдгийг тун ядахгүйгээр “хэлээд өгөх” бололтой. Тэгээд энэ хүний амьдралын тойргоор аялах ярианд нь ёстой л автав. Спорт тэр дотроо боксын тухайд үнэн дурсамжийг тэр хүнс юм бол чихэр, давсыг нь яг тааруулж ярих юм аа. Түүний яриаг сонсохуйд нээрээ л тийм шүү дээ гэх бодол үе үе нэлхийгээд ороод ирэх. Монголын боксчдын амжилт, алдаа оноог түүхчлэн ярих юм билээ. Зарим нь тэгдэггүй л дээ. “Би л тэгж ялсан, цохиж унагасан, тэр удаж боссон” гэх зэрэг алдуул үгээр бурдаг нь бий. Тэгвэл Ц.Нандигжав огт өөр. Би гэхийн оронд бид, миний гэхийн өмнө тэрнийх маань гэж нэгэн үе команд нэгтэй явсан нөхдийнхөө тухай л урьтал болгох юм. Тэгэхлээр дурсамж гэдгийнх үнэ цэнэ илүү амттай болж байх шиг. Тэр сэтгэлийн “авдраа уудалж” боксоо л яриад байна. Молхи бичээч би сонсоод л. Харин нэг дэг барьж байсан минь яриаг тасалж тэнэг юм асуучих вий гэж өөрийгөө захирч суулаа.

 

АДТАЙ ХҮҮГИЙН АЗТАЙ ЗАЛУУ

 

МХЗЭ-ийн XVII Их хурлы төлөөлөгч дөрөв. Дарга А.Зумаа, намын дарга Дамдинжамц хөдөлмөрийн аварга Одонтунгалаг нарын хамт.

 

Улирагч зууны 1960-аад оны эхэнд Говь-Алтай аймгийн Жаргалант сумын сум нэгдлийн орлогч дарга Д.Цэвэгсүрэнгийнх нэгэн шинэ хүнтэй болж. Тэр нь Ц.Нандигжав байв. Эднийх есөн эрдэнэ болсон есөн сайхан хүүхэдтэй айл. Хөвүүн Ц.Нандигжав нь тэнгэр цоройсон өндөр уулс дунд агаарын сайханд тарваадаж өсөхдөө үе тэнгийнхэнтэйгээ уралдаж, барилдаж, заримдаа гар зөрүүлж ч явсан гэдэг юм билээ. Алтайн хөх харчуул ер нь адтай л даа. Тэгж л өсдөг байх. Ц.Нандигжав ч багаасаа тийм нэгэн байж. Жаргалант сумандаа найман жилээ, Алтай хотод ес, арван жилээ төгсөв. Сургуульд байхдаа л гимнастикаар хичээллэдэг, бас чөлөөт бөх, жүдогоор барилдчихдаг спортлог хүүхэд байсан юм. Есдүгээр ангид байхдаа улсын тэмцээнд хөдөөнөөс ирж оролцоод мөнгөн медаль авчээ. Энэ нь жаал хүүгийн алсдаа тамирчин болох замыг улам шулуутгаж өгсөн биз. Аймагтаа өсвөр үеийнхний чөлөөт бөхийн тэмцээнд түрүүлчихнэ. Тэгээд сүүлд нь МУИС-д оюутан болж. Харин тамирчин болох санаагаа гээсэнгүй л. Чөлөөтийн секц дугуйлан хаа байдаг бол гэж бодох. Гэтэл ангийн найз Д.Сэдбазар нь боксын Х.Алтанхуяг багштай танилцчихлаа. Тэгээд чамтай хамт боксын секцэнд орохоор зөвшөөрөл авчихлаа гэдэг юм. Тэгээд л бокстой холбогдож, түүнээс хойш 40 гаруй жилийг ардаа орхиж. Оюутан ахуйдаа улсын шигшээгийн тамирчин болж. Энэ нь ч нөлөөлж 1982 онд сургуулиа төгсөөд Говь-Алтайдаа хуваарь авсан ч төв үлдэв. Дарга, багш нар нь улсын шигшээгийн тамирчин юм. 1984 оны олимпод нэр дэвшээд байгаа энээ тэрээ гэсээр хотын хүн болгосон гэдэг. Тэгээд цоо шинэхэн Сүлжмэлийн үйлдвэрт нэрийн хэмжүүр, автоматикийн инженерээр мэргэжлийнхээ дагуу ажиллах болов. Гэлээ ч зөвхөн эзэмшсэн мэргэжлийнхээ ид шидийг үзэж сурсан юмаараа амь зуух биш нөгөө боксын рингэ рүүгээ гүйсээр л байж. Энэ тухай ярихдаа Ц.Нандигжав яг л нэг тийм болзолтой юм шиг хамт олныхоо тухай л урьдал болгож ярих юм. Аж үйлдвэрийн гавьяат ажилтан А.Зумаа даргаа спортод элэгтэй, аливааг зохион байгуулахдаа гарамгай удирдагч байсан гэж магтах.

 

Тэмцээнд явах болоход туслана. Гадаадад тэмцээнд явна гэхээр бараг сараар бэлтгэлд гарна. Дарга маань чөлөө, зөвшөөрөлд гар татахгүй нь сайхан. Эмэгтэй хүний нандин чанар ч нэвт шингэсэн хүндээ гэж ярина. Тэр инженерийн албаа ч нэр төртэй хааж, спортдоо ч тэнцүүхэн анхаарсаар 16 жил болжээ. Бас үйлдвэр дээрээ боксын секц байгуулж, засварчин залуус нь Хөдөлмөр нийгэмлэгийн аварга болж байсан удаатай. Сүүлд үйлдвэрээ хувьчлагдаад тарахад Дулааны шугам сүлжээ ХК-д мөн л мэргэжлээрээ ажилласан байдаг.

 

БОКСЫН АЛТАН ҮЕ ТЭДНИЙХ БАЙСАН
 
2007 он Пакистанд. Т.Үйтүмэн, Д.Батсүрэн, Пакистаны тамирчин Веназир Бхутто нартай.

 

2005 онд журмын нөхөр Т.Үйтүмэн нь Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсныхоо дараа Ц.Нандигжавыг хам­тарч ажиллаач гэж санал тавьснаар мэр­гэжлийн ажлаа нэгэн үе орхиж жинхэнэ боксын  рингений дэргэд ирж. Өмнө нь ч боксын холбооны удирдах зөвлөлт багтаж л байсан юм билээ. Холбооны ерөнхийлөгч Д.Цогтбаатар, доор нь Т.Үйлтүмэн, шигшээгийн ах­лах дасгалжуулагчаар Д.Банди багш байв.

 

Ц.Нандигжав бол боксын холбооны гадаад харилцаа хариуцсан ажилтан, шүүгчдийн зөвлөлийн даргын албатай байсан цаг. Харин яг тэдний үеийн өмнө буюу 2001-2002 онд боксын спорт уналтад орчихсон байсан гэдэг. Тухайлбал, 2002 онд Бусаны Азийн наадамд манай 10 тамирчин очоод “будаа болсон”. Нэг нь л ганц ялалт авч бусад нь эхний тойрогтоо ялагдаж, үзэгчдийн суудалд шилжсэн байдаг. Ц.Нандигжав уг наадамд шүүгчээр оролцож явахдаа яана даа гэж л бодож явсан гэх юм билээ. Тэгтэл түүнээс хойш холбооны санаа нийлсэн удирдлага, тэр дотор Д.Банди багшийн зүтгэлээр тамирчдын чанар чансаа тун удалгүй дээшилж 2006 оны Азийн наадмаас манай тамирчид гурван медаль авчээ. Тамирчдын хувийн амжилт ч гоц өсч.

 

Э.Бадар-Ууган гэхэд 2006 онд Алма-Атад түрүүлж, 2007 онд ДАШТ-ий мөнгөн медаль аваад 2008 онд Бээжингийн олимпийн аварга болсон гээд л дурдаж болноо доо. Яагаад энэ үеийн боксынхны онцгой үе гээд байгаа юм бэ? гэж хэн нэг маргаж мэдэх. Тэгвэл шилдэг амжилтууд тэр үед л гарсан байгаа юм шүү. Үүн дээр Ц.Нандигжав бидний санаа бас нийлж байв. 2008 онд олимпийн аварга бас мөнгөн медальтан зэрэг төрсөн. Монголын спортын аль ч төрөлд олимпоос алт, мөнгөн медаль зэрэгцүүлж авсан тохиолдол бий юү. Байхгүй.

 

Тэгвэл боксынхон л чадсан шүү дээ. Бас 2009 оны ДАШТ-ээс манайхан алт, мөнгө, хүрэл гурван медальтай ирсэн нь боксын түүхэнд онцгой амжилт мөн л дөө яах аргаггүй.

 

Энд боксын шүүгчийн тухай бас онцолж хэлэх учиртай. Тэмцээнүүд даангүй олон улсын алив тэмцээнд шүүгчийн үүрэг маш их, багтаа ч ашигтай байдаг.. Ажиглан мэдэх, судалж үзэхэд шүүгч хүний боломж бусдаас илүү. Дасгалжуулагч бол тамирчнаа дэвжээнд авч гараад л тоглолт дуусмагц буугаад явчихна. Харин шүүгч хүн тулаан бүрийг яг дэргэдээс нь нүд цавчилгүй харж тэр тамирчны ур чадвар, тоглолтын дэг арга барилыг бүрэн мэдэж авдаг. Тэр мэдснээрээ шүүгч хүн тамирчин төдийгүй дасгалжуулагчаа “цэнэглэж” өгдөг гэж болно.

 

Энэ тухайд олон жил тив, дэлхийн тэмцээнийг шүүж, дэнсэлж явсан Ц.Нандигжав их юм хэлдэг ер нь бөөн туршлага юм л даа. Ц.Нандигжав өөрийнхөө тухай биш баг хамт олныхоо тухайд л дэндүү их ярьдаг юм байна лээ. Д.Банди багшийг дурсахдаа,

 

-Өөрөө тамирчин байсан хүн, шавь нараа дэлхийн хэмжээний классик тамирчин болгохын тулд яаж ажиллах ёстойг арван хуруу шигээ мэддэг нэгэн байлаа гээд. Уг нь МУИС-ийн Математикийн ангийн төгссөн хүн. Тэр нь бас давуу тал байсан болов уу. Тамирчин хүнд хүчээ, цаг заваа хуваарилах гээд тооцоо заавал байдаг. Түүнийг Банди багш ягштал тооцоолж өгдөг байсан. Түүн шиг лут дасгалжуулагч хэзээ дахин төрөх юм мэдэхгүй гэж спортын зарим төрөлд заавал онол монол хэрэгтэй ч юм уу гэж бодохоор. Ц.Нандигжавын хувьд 1978-1983 онд улсын шигшээд тамирчин байжээ. Энэ үеэ Монголын боксын алтан үе гэж хэлсэн. Х.Алтанхуяг багштай Н.Энхбат, Ц.Амаржаргал, О.Булган, М.Мөнхжаргал, Н.Бумансахьяа гээд л шилдгүүд нэг баг байж. Тэд В.Батбаяр, Р.Отгонбаяр нарынхаа хойчийг залгаж гарч ирсэн гэх. Тиймээ. Энэ хөргийн маань гол баатар Д.Нандигжав галтай насныхаа дөлтэй үед улсын шигшээд гялалзаж тив, дэлхийд Монголынхоо нэрийг удаа дараа цуурайтуулж явж дээ.

 

“ТАМИРЧНЫ АМЖИЛТ ХЯМДХАН ОЛДООГҮЙ ЭЭ”

 

Ийм үгтэй нэг дуу бий. Үнэн л дээ. Нээрээ л асар их тэсвэр хатуужил, хүнд сорилтыг давж хэмжээлшгүй зүтгэл мэрийлтээр тамирчин хүн амжилтад хүрдэг. Ингээд Ц.Нандигжав тамирчин байхдаа ямар амжилт үзүүлсэн тухай сонирхуулья. Улсын аваргаас олон ч медаль авсан 1983 оны Монголын бүх ард түмний VII спартикиадын аварга болж байж. Бас “Байкал опен” гэх Зөвлөлтийн 15 республикийн тамирчид оролцдог том тэмцээнээс мөнгөн медаль авсан. Тухайн үедээ дэлхийд боксоор ноёлдог Кубын нэгдүгээр баг ирдэг байсан. Орос, Польш орны тамирчид хуран чуулдаг “Интернационал” тэмцээнээс мөнгө, хүрэл гээд таван медальтай хүн. Нэг удаа нь Н.Энхбаттайгаа алтан медалийн төлөө тоглож байжээ.

 

Одоогоос 70 гаруй жилийн өмнө Н.Лувсандорж тэргүүтэй Зөвлөлтөд сурч ирсэн хэсэг нөхөд боксыг Монголд авчирсан. Тэгээд Сүхбаатарын талбайд анх үзүүлэх тоглолт хийж байж. Зохиолч Д.Маам, Р.Зориг нарын анхны аваргуудын тухай бас боксыг 1960-аад оны эхэнд Намын Төв хорооны тогтоолоор бокс бол харгис спорт гээд нэгэн үед хориглосон байдаг.

 

Тэгээд 1966 онд Б.Олзод багш боксыг сэргээж улсын шигшээ багийг бүрдүүлж олимпод оролцуулж байсан гээд урт түүхийг Ц.Нандигжав ярихдаа яг л цахим бичүүрт байгаа юм шиг бэлэн зэлэн хэлж байна лээ.

 

-Өөрөө ер нь ямар шагнал, урамшилтай хүн бэ гэвэл

-Санаа нийлсэн баг, хамт олныхоо буянаар зөндөө л шагнал авсан. МБХ-ны 60 жилийн ойгоор “Алтан гадас” одон, 2008 оны Бээжингийн олимп, манай баг тамирчид ДАШТ-д онцгой амжилт үзүүлэхэд миний хувь нэмрийг үнэлж “Сүхбаатарын одон” хүртээсэн дээ. Тэгээд 2014 онд Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол өгсөн. Энэ бүхнийг хамтран ажиллаж ирсэн баг, тамирчдынхаа ач тус, хайр хишиг гэж бодож явдаг даа гэж байна лээ.

 

НИГҮҮЛСЭНГҮЙ ҮЙЛСТНИЙ ЭГНЭЭНД Ц.НАНДИГЖАВ ДЭЭГҮҮР ЖАГСДАГ

 

-Өөрийг чинь Монголын Улаан загалмайн байгууллага манай алтан өргөмжлөлт онцгой гишүүн гэж танилцуулсан. Энэ тухайгаа ярина уу гэхэд Ц.Нандигжав,

 

-Бокс гэдэг тулааны нэг төрөл. Гэхдээ рингэнд хүчээ үзэж байхад өрсөлдөгчөө ялахын төлөө байдаг ч хайрлал, нигүүсэл байнга зэрэгцэж явдаг юм гэж хэлнэ лээ.

 

Тэгэхээр спортын ямар ч төрөл хүнийг хүмүүжүүлдэг, санаа сэтгэлийг нь зөөлрүүлж бусдыг хайрлах үзэлтэй болгодог байх нь. Ц.Нандигжавын хувьд Дулааны компанид ажиллаж байхдаа хамт ажилладаг хэдэн нөхөдтэйгөө санаа нэгдэн Улаан Загалмайн онцгой гишүүн ивээн тэтгэгч нь болж. Учир шалтгаан нь гэвэл Ганзориг гэдэг найзынх нь гэр бүлийн хүн тэнд ажилладаг бүгдээрээ түүн дээр очно. Тэгж явахдаа Улаан Загалмай гэдэг байгууллагын ач тусыг таньж мэдсэн байдаг. Хүний төлөө гэсэн лоозонтой, янз бүрийн гамшиг зовлон тохиолдох үед онцгой үүрэгтэй ажилладаг хүмүүнлэгийн үйлс бүтээдэг газар гэдгийг ухаарч 2003 онд гишүүнээр нэгджээ. Онцгой гишүүний үүрэг нь сургалтанд сууна, залуу үеэ бэлтгэхэд туслана, хандиваа өгнө. Тэгээд энгийнээс эхлээд мөнгөн, алтан, өргөмжлөлтэй гишүүн гэж байна. Ц.Нандигжав бол алтан өргөмжлөлт гишүүн нь. Байгууллага, хувь хүн ч адилхан. Шуудхан хэлэхэд Улаан Загалмай гэдэг буянтай байгууллагыг санхүүжүүлж байдаг л үүрэгтэй юм л даа. Үүний зэрэгцээ Ц.Нандигжавын хувьд Монголын боксын хөгжлийн төлөө байнга сэтгэлээ чилээж яваа нь бас нигүүсэл гэж ч болно. Ерөөс ямар ч сурах бичигт харагддаггүй Монгол ёс суртахууны нэг дүр зураг энэ юм даа. Тэр өглөө босоод л дэлхийд хаана боксын тэмцээн болов. ДБХ-ны сайтад орж “Токио-2020” олимпод энэ төрөл хэвээр үлдэхнэ үү яах нуу гэдгийг сонирхоно. Хурууны өндөг компютерийн товчинд хүрэх агшин л тэр бүхнийг үзэж, мэдэж болдог сайхан юм даа гэж техникийн хөгжлөөр давхар бахархаж сууна. Бас Монголын боксчдын рейтингийг жил жилээр шинэчлэн хөтөлж байгаагаа хэлж байна лээ. Энэ мэтээр дэлхийн мэргэжлийн боксын хаадуудын тухай болон судалгааны материал цуглуулж, тэмцээн бүрээс олж авснаа тэмдэглэсэн зэрэг ном болгохуйц юмтай болсон гэж байна билээ.

 

Д.Цэвэгсүрэн, З.Норпил гуай нар эрдэнэ шиг есөн хүүхэдтэй гэдгийг дээр хэлсэн. Тэгвэл тэр хүүхдүүд нь бүгд их дээд сургууль дүүргэсэн өнөр өтгөн гэр бүл болжээ. Тэгвэл хүү Ц.Нандигжавийнх аав, ээжийнхээ буян хишгийг залгамжилсан, бусдад үл­гэртэй сайхан айл байна. Эхнэр Н.Дариймаа нь санхүүч мэргэжилтэйн зэ­рэгцээ бас спортын хүн юм. Тэр хоёр “Хөдөлмөр” нийгэмлэгт тамирчин байхдаа танилцаж. Н.Дариймаа сагсан бөм­бөгийн төрлөөр олон улсын мас­тер цолтой. 1987 онд улсын аварга болж байснаасаа хойш тэр амжилтаа олон удаа давтсан юм билээ.

 

Одоо ч бөмбөгөө хөөсөөр л…

 

Ахмадын ДАШТ болон тивийн тэмцээнд байнга оролцож байгаа гэнэ. Сүүлийн үеийн амжилт гэвэл Азийн аваргын тэмцээнд ангилалдаа  алтан медаль хүртсэн бол уржнан Шинэ Зеландад болсон ахмадын олимпод оролцсон гээд спортын талын намтар нь үргэлжлэх. Эднийх гурван сайхан хүү­хэдтэй. Том охин нь АНУ-д мастер хам­гаалаад тэндээ нэг их сургуульд баг­шилж байгаа бол хүү нь БНСУ-д сурч санхүүч мэргэжлээрээ бас тэндээ ажиллах болсон байна.

 

Бага хүү нь Н.Төрбилэг нь су­рагч, эрх нь дэндчихгүй бол аав, ээжээ дуурайгаад спортод хорхойсч ма­гадгүй нэгэн бололтой. Өөрөө ярих нь хөлбөмбөг сонирхдог гэж байна лээ. Ц.Нандигжавыг эр зориг, бие бялдрын шалгуур болсон боксын тө­рөлд 40 гаруй жил мөр зэрэгцэж явсан үеийн найз нөхөд нь бүр сайн мэднэ. Спортод шимтдэг олон түмэн ч мэднэ. Бүр цаашилбал дэлхий ч бас мэднэ дээ. Монголын боксыг Ц.Нандигжавгүйгээр төсөөлөшгүй ээ. Энэ л үнэн дээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.3  ДАВАА  №112  (6079)

Д.ЦЭРЭННАДМИД

Shuud.mn
Сонин хачин