Ким Жон Ун “цаазлуулсан” гэгдэх албан тушаалтнуудтай тоглолт үзжээ 
2019-06-03

Өмнө нь Өмнөд Солонгосын хэвлэлүүд Ким Ён Чолийг “цаазлуулсан”, мөн албадан хөдөлмөр эрхлүүлэхээр “цөлсөн” хэмээн мэдээлж байв. 

 

 

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун  АНУ-тай хийсэн дээд хэмжээний уулзалтаар “ үр дүнд хүрч чадаагүйн төлөө шийтгүүлсэн” гэж Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлж байсан Ким Ён Чольтой хамт олон нийтийн арга хэмжээнд оролцжээ. Энэ талаар Солонгосын Цахим мэдээллийн төв агентлаг мэдээлээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр БНАСАУ-ын удирдагч Солонгосын ардын армийн офицерүүдийн эхнэрүүдийн уран сайхны дугуйлангийн тоглолтыг эхнэр Ли Соль Чжутай хамт үзсэн бөгөөд тэдэнтэй хамт тус улсын өндөр албан тушаалтнууд, утга зохиолын ажилтнууд болон урлагийн зүтгэлтнүүд байлцжээ. 


Энд дуулгахад, өмнө нь БНСУ-ын Чусон Ильбо сонин АНУ-тай хийх хэлэлцээрийг хариуцсан, Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чолийг халагдсан, цөлөгдсөн тэр бүү хэл цаазлуулсан гэж мэдээлж байлаа. Түүнийг Вьетнамын Ханой  хотноо болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын талтай зөвшилцөж чадаагүйн улмаас ийнхүү шийтгүүлсэн хэмээн мэдээлж байв. Мөн ийм шалтгаанаар БНАСАУ-ын дөрвөн дипломат цаазлуулсан гэж мэдээлж байсан юм. 


Харин энэ мэдээллийн дараа БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдэгдэл хийхдээ “мэдээлэл батлагдаагүй, Хойд Солонгосын албан ёсны хэвлэлүүдээр ч үүнийг батлах мэдээлэл гараагүй“ хэмээн онцолж байсан юм.


Дашрамд дуулгахад, БНАСАУ болон АНУ-ын дээд хэмжээний уулзалт энэ оны хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд Вьетнамын нийслэл Ханой хотноо болсон. Дээд хэмжээний уулзалтын үеэр талууд хэдэнтээ уулзаж хэлэлцсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүйн дээр, уулзалтын дүнгээр хамтарсан баримт бичигт  гарын үсэг зураагүй юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
baruuniihan er ni uls ornuudiig unagah zorilgoor hudal medee taraah tusgai albatai baidag shdee tegj l delhiig ganhuulj baigaa shdee, ynemshdeg tenegyyd l ynemshih baih 21-r zuund
2019-06-03