Нийслэл Хятадын компанид 50 га газар олгох шийдвэр гаргаагүй
2019-06-03

Нийслэлийн газар нутагт 50 га газрыг Хятадын “Тяньжин Фүүдс” компанид хүлэмжийн аж ахуйн чиглэлээр эзэмшүүлэхээр болсон тухай мэдээлэл гараад буй. Уг асуудаар нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, ХХАА-н газрын дарга Д.Баянбат нар өнөөдөр (2019.06.03) мэдээлэл хийлээ. Хотын удирдлагууд энэ мэдээллийг ташаа хэмээн үгүйсгэж, нийслэлээс гадаадын компанид 50 га газар олгосон шийдвэр гаргаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

 

 

БНХАУ-Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, дипломат харилцааны 70 жилийн ойг угтаж, олон ажил зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ хүрээнд Тяньжин хотын захиргаатай хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах үүргийг  Ерөнхий сайдын зүгээс  зарим яам, нийслэлд өгчээ. Харин ямар нэг компанид 50 га газар өгөх үүрэг өгөөгүй гэдгийг орлогч дарга Ж.Батбаясгалан хэллээ.

 

Мөн тэрбээр нийслэлийн хүн амын хүнсний ногооны дотоодын хэрэгцээг хангах ажил одоо ч бэрхшээлтэй байгааг хэллээ. Тиймээс нийслэлийн иргэдийг шинэ хүнсний ногоогоор хангах асуудлыг байнга судалж байгааг хэлж байна.

 

Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 36 га газарт хүлэмжийн аж ахуй эрхэлж байна. Үүний 12 га нь өвлийн хүлэмж, 24 га-д нь зуны хүлэмж аж ахуй эрхлэгчид үйл ажиллагаа явуулж буй аж.

 

Б.Болд

Shuud.mn
Сонин хачин