З.Энхболд: Иргэний шүүхэд хандах эрхийг боомилж болохгүй
2019-06-05

 

 

Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Засгийн газрын шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй гэж Захиргааны хэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг УИХ баталсан. Үүнтэй холбогдуулан  Ерөнхийлөгч хориг тавьсан юм. Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

 

-УИХ-ын тогтоолын  дагуу Засгийн газрын  өмч хувьчлал, улс төрийн шийдвэртэй холбоотой гаргасан шийдвэрээр иргэн гомдол гаргахад Захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэхгүй болж байна уу?

 

МУИС-ийн Хуульзүйн сургуулийн багш, доктор н.Эрдэнэцогт:

 

-Төрийн өмч хувьчлал, ашигт малтмал, байгалийн нөөцийн удирдлагатай холбоотой УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас гарсан шийдвэрийг Захиргааны шүүх хянахгүй нь хууль зөрчсөн. ТӨБЗГ-аас гаргаж байгаа шийдвэрийг энэ хуулиар шүүх хянахгүй болж байна. ТӨБЗГ өмч хувьчлалыг өрсөлдөөнөөр явуулна. Гэтэл өрсөлдөөнд ялагдсан тал шүүхээр маргалдах эрхгүй болж байна. 

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Н.Оюундарь гишүүний болгоомжлол зөв байгаа. Захиргааны үйл ажиллагааны тухай хуулиар НҮБ-ын ойлголт ч зөрчилтэй болно. Иргэний шүүхэд хандах эрхийг хумьсаар байгаад маш бага болгож байна. Зорилгоо олон улсад ойлгогдохоор томъёолох хэрэгтэй. 

 

Жишээлбэл, Улаанбаатар хотын бүх гэр хорооллын газрыг УИХ тогтоол гаргаад, Засгийн газар шийдвэрлээд төрд авч болно. Гэтэл газрыг 10 сая төгрөгөөр төр үнэлнэ, иргэн 100 сая төгрөгөөр зарах гэдэг. Гэтэл энэ хуулиар иргэн хүн шүүхэд хандах эрхгүй байгаа. Иргэний шүүхэд хандах эрхийг боомилж болохгүй. 

 

Ийнхүү гишүүн асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Хуульзүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг дэмжсэнгүй. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Гишүүд хуулиин мэдлэг маш муу байдаг төриин албан хаагчид хуулиин наад захын мэдлэггүй н гай
2019-06-06
irgen:
УИХ-ын олонх маш муу шийдвэр гаргажээ. Х.Баттулга ямар ч байсан ард түмнийхээ амьсгааг чагнаж чадаад байгаад талархаж байна.
2019-06-05