Т.Сэргэлэн: С.Болд-Эрдэнэ ахад "дурласан" үзэгчдийн сэтгэлд хүрэхсэн
2019-06-06

УДЭТ-ын залуу жүжигчин Т.Сэргэлэнтэй ярилцлаа. Тэрбээр өмнө нь “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигийн дүрийг чамбай бүтээж үзэгчдээс өндөр үнэлгээ авсан. Энэ удаад “Хайрын виз” жүжгийн Жаргалын дүрээр үзэгчидтэйгээ уулзахаар  тун завгүй бэлтгэл сургуулилтаа хийж байхтай нь таарч, хуучиллаа.

 

 

-Хоёулаа яриагаа анх УДЭТ гэх энэ “их” айлын босгыг хэрхэн давж орсон талаар эхлэе.

 

-Анх УДЭТ-ын захирал Цэрэнсамбуугийн урилгаар ажилд орж байлаа. Түүнээс хойш гурван жилийн хугацаа өнгөрсөн байна.

 

-Театрт орсноосоо хойш “Би эндээс явахгүй” жүжгийн гол дүрд сонгогдсон. Чадварлаг ч тоглосон. Энэ удаад хэдий нь үзэгч олны хүртээл болж, хүндэтгэл талархал хүлээсэн “Хайрын виз” жүжгийн Жаргалын дүрд сонгогджээ. Театрын удирдлагууд залуу жүжигчиндээ маш том урам бас итгэл хүлээлгэсэн шиг санагдаж байна.

 

-Би өнгөрсөн жил олны хүртээл болсон нэрт зохиолч Д.Оюун гуайн “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигийн дүрд тоглож байсан. Дорлигоос Жаргалын дүр их ялгаатай.  Дорлиг бол гэр бүлтэй болсноос хойшхи харилцаа, хайр дурлал. Харин Жаргал бол яг л идэр насны хайрын эзэн. Энэ дүрээр дамжуулан хайр дурлалдаа үнэнч байх, хэлсэн үгэндээ хүрэх зэрэг хүний нандигнаж явдаг үнэт чанаруудын нэгийг л үзүүлье гэж зорьж байна.

 

 

-Өмнө нь СТА, жүжигчин С.Болд-Эрдэнэ үзэгчдийн сэтгэл, зүрхэнд хоногштол гайхалтай бүтээсэн дүр. Тэр хэрээрээ хүлээлтэд хүрэхгүй байх вий гэсэн айдас төрөх юм уу?

 

-Анх дүрээ аваад маш их баярласан. С.Болд-Эрдэнэ ахын тоглож байсан үеийг зүрх сэтгэлдээ хадгалж явдаг маш олон үзэгчид байдаг, тэдний сэтгэлд хүрэх юмсан гэж хичээж байна. Энэ цаг үед миний насны олон чадварлаг жүжигчид байгаа. Тэд нар дундаас намайг сонгоод итгэл хүлээлгэсэн нь бусад шигээ мундаг байгаарай, хөл нийлүүлж алхах зоригтой байгаарай гэж энэ дүрийг өгсөн болов уу гэж бодож сууна.

 

-Догдолж байна уу?

 

-Одоо хоёр хоногийн дараа нээх гэж байгаа болохоор их эмзэг дээрээ л байна даа. Хүмүүс яаж хүлээж авах бол гэхчилэн айдас, эмзэглэл байна.

 

 

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

 

-Урлагийн хүн байхгүй. Би ээж, аав, дүүгийнхээ хамт амьдардаг. Манай дүү эдийн засгийн чиглэлийн хүн, аав ээж минь аж үйлдвэрийн салбарын хүмүүс. Хориод жил аж ахуй эрхэлж байна.

 

-Тэгвэл чухам яагаад жүжигчин болохоор шийдсэн бэ?

 

-Би жаахан байхаасаа яг жүжигчин больё гэж бодоогүй хэрнээ яагаад ч юм жүжиглэх урлагт ойрхон байдаг байсан. Жүжигчний мэргэжил өөрөө сайн багшийн шавь болоод сайхан хамт олны дунд сурч мэдэх зүйлийнхээ учрыг олоод эхэлвэл гайхалтай мэдрэмжийг төрүүлдэг. Ялангуяа драмын театрт жүжигчин болсноор  маш их хугацааг алдар нэртэй туулж ирсэн мундаг хүмүүсийн дэргэд байх боломжийг өгдөг шиг санагддаг. Хүнд нэг хайрламаар үнэт чанарууд байдаг даа. Тэр чанаруудыг бусдад үзүүлнэ гэдэгт их чухал юм шиг санагдсан.

 

-Та хэн багшийн шавь бэ?

 

Миний багш МУГЖ Дэмидбаатар. Хүнийг ухаанд нь залгуулж өгдөг, өөрийн гэсэн сайн сайхан, эрхэмлэх зүйлсийг маань таниулж чаддаг тийм л хүн бол багш минь.

 

 

-Хэрэв жүжигчин болоогүй бол?

 

-Би жүжигчин бол хэл шинжлэлийн их л номтой ойр хүн байх байсан. Магадгүй лам байх болов уу /инээв.сур/.

 

-Яагаад лам гэж?

 

-Мэдэхүй юм. Яагаад ч юм би багаасаа номонд л ойр өссөн. Одоо ч чөлөөт цаг гарвал ном унших дуртай. Их л уншиж, илүү ихийг л сурах эрмэлзэлтэй.

 

 

 

-Уран бүтээлч хүний хувьд ямар зарчим баримталж явахыг эрхэмлэдэг вэ?

 

-Аливаа ажил асуудлын заавал ард нь гарч чаддаг байх хэрэгтэй. Шантрах үедээ ямар ч түшиг тулгуургүй, итгэл найдваргүй байсан ч заавал үүнийг даваад гарах хэрэгтэй. Бас уран бүтээлч хүн маш чанартай, гайхалтай зүйлсүүдийг олж уншиж мэдэх ёстой гэж боддог. Хөнгөн зугаа, өнгөн ойлголт, хөөргөж дэвэргэх, бусдыг шалихгүй юмаар хуурч явахаар чанартай сайхан ганц мөр цээжлээд тэрийгээ уншиж чаддаг байвал л болно доо. Үүнээс гадна гэвэл би бүхий л цаг үеүүдэд нэр алдар нь түгэж чадаагүй, бусдад танил болоогүй дайчдаар бахархдаг. Тэдний туулсан замнал, эх орныхоо төлөө хийсэн гавьяа зүтгэл, бидэнд бичгийн болоод өв сангийн хувьд түүхийн тод ул мөр үлдээсэн нэр нь гараагүй тийм хүмүүсээр бахархаж явдаг.

 

-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин