Банк дампууруулж улс төр хийсээр байх уу
2019-06-11

"Капитал" банкны дампуурал эдийн засагчдын ярианы халуун сэдэв болж байна. Зарим нь Монголбанкийг арилжааны, тэр дундаа тус банкны удирдлагын таалалд нийцээгүй, боломжийн үзүүлэлттэй байсан банкаараа туг тахилаа гэж дүгнэжээ. 

 

 

Тухайлбал эдийн засагч Х.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагандаа “Монголбанк үүргээ биелүүлж чадахгүй, хариуцлагагүй байдал гол шалтгаан гэж хэлж болно. Монголбанк ямар ч арга хэмжээ авахгүй явсаар өнөөдөр дампууралд хүргэж байгаа нь хариуцлага алдсан том асуудал юм” хэмээсэн байна.

 

ОУВС-гийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд активын чанарын үнэлгээний үр дүнгээр "Капитал" банк 2018 онд хангалттай үнэлгээтай байсан ч 1990-ээд оноос дампуурсан 21 дахь банк болов. Гэхдээ энэ банканд улстөрийн эрх мэдэлтнүүдийн эрх ашиг хүчтэй үйлчилснээс зориуд дампууруулсан байж ч болох тухай учир мэдэх хүмүүс хэлж байна. 

 

Ер нь ажиглаад байхад МАН-ыг Засгийн эрх барьж байх үед, Монголбанкны буруутай үйл ажиллагаанаас болоод банкууд дампуурах, доголдох байдал үүсээд байх шиг.

 

Тухайлбал, “Анод”, “Хадгаламж”, “Зоос” зэрэг банк өнөөгийн МАН, тухайн үеийн МАХН-аас Төвбанкны ерөнхийлөгчийг томилон ажиллуулж байх үед дампуурч байсан. Энэ удаад ч “Капитал” банк МАН-ыг Засгийн эрх барьж байхад, тус намаас УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан Н.Баяртсайханыг “шагнаж” Монголбанкийг удирдуулж байх үед намаас нь сонгогдсон УИХ-ын гишүүний хамаарал бүхий банк уначихав. Энэ нь магадгүй намынхаа удирдлагын аль нэг талд ордоггүй, бүлэглэл фракц руу холбирдоггүйгээс нь ч болсон байх гэх яриа арилжааны банкуудын, бизнес эрхлэгчдийн удирдах түвшний хүмүүсийн дунд байх юм билээ.   

 

Уг нь Монголын эдийн засаг сэргэж, асар их мөнгөний урсгал орж ирж буй, төр засгаас Оюутолгой, Тавантолгой зэрэг том төслийн мөнгийг эх орныхоо банкаар дамжуулах шийдвэр гаргасан энэ үед яагаад нэг банкаа дампууруулчихав. Магадгүй гадаадын банкууд оруулж ирэх яриа гараад байгаатай холбоотойгоор харийнханд найр тавьж, Монголынхыгоо “булшлахад” хүргэв үү.

 

Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Найдансүрэнгийн Золжаргал Төрийн нууцын тухай хууль зөрчиж, хууль бус үйлдлээ халхавчлан “эзнийхээ” буюу Д.Эрдэнэбилэгийн ихэнх хувийг нь эзэмшдэг Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн банканд их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь хууль сахиулах байгууллагынхны хамтарсан шалгалтын дүнд тодорхой болсон.

 

Өдгөө Д.Эрдэнэбилэг тэргүүтнийг Эрүүгийн хуулийн 20.3-1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан” гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан бол Н.Золжаргалыг хамжигчаар оролцсон хэмээн буруутгаад буй билээ. Яагаад “эзнийхээ” хэмээж байна вэ гэвэл Н.Золжаргал Д.Эрдэнэбилэгийн ТУЗ-ийн даргаар нь ажилладаг Худалдаа хөгжлийн банканд эрх бүхий албан тушаал хашиж байгаад Монголбанкны ерөнхийлөгч болсон нэгэн билээ.

 

Н.Золжаргалын шийдвэрээр Улаанбаатар хотын банканд богино хугацаатай 100 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд уг мөнгө нь тус банкнаас гарч, алдагдалтай ажилладаг “Кью Эс Си” компани руу 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд шилжсэн аж. Тус компани нь таван жилийн хугацаатай, хүүг бууруулан төлөх нөхцөлтэйгөөр өрийн бичгээр барагдуулахаар болсон нь Төвбанкны тухай хууль зөрчсөн үйлдэл болсон юм.

 

Ингэж Н.Золжаргал албан тушаалаа ашиглан өмнө ажиллаж байсан банкныхаа эзний нэг салбар компанид давуу байдал бий болгож, Монголбанкийг эрсдэлд оруулчихаад байгаа билээ. Уг нь Төв банкны ажилтнууд нь ийм эрсдэлтэй ажил хийж болохгүй, хууль зөрчинө гэдгийг сануулж байсан ч үл ойшоосон байдаг.

 

Улаанбаатар хотын банканд Төвбанкнаас 2016 оны нэгдүгээр сарын 29-нд 100 тэрбум төгрөг жилийн 14 хувийн хүүтэй, богино хугацаатай олгосон байгаа юм. Үүнийгээ дээр дурдсан 2016 оны дөрөвдүгээр сарын 6-нд Монголбанк, Улаанбаатар хотын банк, “Кью Эс Си” компанийн хооронд Өрийн бичиг шилжүүлэх тухай гэрээ байгуулж, түүндээ  таван жилийн хугацаанд 21 хувийн үндсэн хүү төлөхөөр тусгажээ.

 

Ийнхүү хууль бус хэлцэл байгуулснаар Монголбанк хамгийн багадаа 31 тэрбум гаруй төгрөгийн алдагдал хүлээсэн байх юм. Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Золжаргалд холбогдох хэргийг шалгасан ажлын хэсгийнхэн Төвбанканд хандан “Өмнөх захирлын хууль бусаар олгосон 100 тэрбум төгрөгийг буцаан ав” гэсэн мэдэгдэл 2018 оны зургадугаар сард хүргүүлсэн гэдэг.

 

Гэвч Монголбанкны өнөөгийн удирдлага болох Н.Баяртсайхан тэргүүтэн ямар нэг хариу өгөхгүй байсаар хагас жил өнгөрсөн аж. Тиймээс хууль сахиулагчид удаа дараа мэдэгдэл хүргүүлэн, эс биелүүлбэл хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулсны үр дүнд 2018 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотын банкнаас 100 тэрбум төгрөгийг хүү, алдангийн хамт авах ажлын хэсэг гаргасан гэнэ.

 

Ингэхдээ тус арилжааны банкны удирдлагатай хэлэлцээрийн ширээнд сууж, 100 тэрбум гаруй төгрөгийг цувуулж авахаар болсон сурагтай. Эс тэгвээс “Улаанбаатар хотын банк” санхүүгийн эрсдэлд орж болзошгүй гэж үзсэн байгаа юм. Тэгэхээр өдгөө эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаад буй Д.Эрдэнэбилэгийн мэдлийн Улаанбаатар хотын банк “Капитал”-аас илүү санхүүгийн эрсдэлийг Төвбанканд төдийгүй Монгол Улсад учруулчихаад байхад Н.Баяртсайхан тэргүүтэн ямар ч арга хэмжээ авахгүй, өршөөж суугаа нь цаад эздийнхээ эрх ашгийг хамгаалж буйн илрэл гэлтэй.

 

Улсын ерөнхий прокурор байхдаа “Алтан дорнод Монгол” ХХК-ийн захиралТ.Ганболдоос дөрвөн сая ам.долларын авлига авсан хэрэгт шалгуулж буй Д.Дорлигжавын хамжигчаар “Голомт” банкийг үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга асан Д.Баясгаланг шалгаж буй билээ. Түүнийг Д.Дорлигжав, түүний дүү Д.Баатар нарыг “Алтан дорнод Монгол” компанийн Т.Ганболдоос хахууль авахад нь дэмжлэг үзүүлсэн, мөнгө угаасан хэрэгт холбогдуулсан гэнэ.

 

Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр Д.Баясгалан мөнгө шилжүүлсэн мэт баримт бүрдүүлж, багагүй хэмжээний ам.доллар угаасан байж болзошгүй гэж буруутгасан. Улмаар “Дахин гэмт хэрэг үйлдэх үндэслэл бүхий мэдээлэл хэрэгт авагдсан” гэсэн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9-1.3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтуудад нь үндэслээд цагдан хорьсон ч төд удалгүй батлан даалтад өгч, өдгөө хэрэг ямар шатанд буй нь тодорхойгүй байгаа.

 

Үүнтэй зэрэгцээд Монголбанкнаас “Голомт” руу гэрээгээ зөрчсөн тухай албан бичиг хүргүүлж байв. Уг нь “Голомт” банк руу хэдэн жилийн өмнө 100 тэрбум төгрөг Монголбанкнаас дэмжлэг болгон шилжүүлж, тэтгэсэн байдаг юм. Дотоод актив чанаргүйтэх эрсдэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд 2014 оны арваннэгдүгээр сард Монголбанк, “Голомт” банк, “Бодь интернэйшнл” ХХК-ийн хооронд өрийн бичиг шилжүүлэх гурвалсан гэрээ байгуулсан байдаг. Энэ гэрээний дагуу Төвбанк 100 тэрбумынхаа зээлэнд өрийн бичиг эзэмшигч болсон юм билээ.

 

Гэвч “Голомт” банк гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зөрчих явдал нэг бус удаа гаргасан ч Монголбанкны Хууль эрхзүйн газраас нь нэг албан бичиг шидсэн болоод л өнгөрсөн байдаг.

 

Тэгсэн атлаа 30 шахам жил хэвийн үйл ажиллагаа явуулж байсан “Капитал” банкийг Төвбанк элдвээр шахаж байсан түүхтэй. Тухайлбал, Дүрмийн сангаа 23 тэрбум төгрөгөөр зузаатгаж, 48 тэрбум төгрөгөөр Эрсдэлийн сан байгуулчихаад байхад нь Төвбанкнаас гэнэт ээлжит бус шалгалт хийж, уг санг 198 тэрбумаар нэмж, 237 тэрбум болгосон. Энэ нь банкны алдагдлыг өсгөж, үйл ажиллагааг нь доголдуулахад хүргэснийг “Капитал” ТУЗ-ийн гишүүн асан Ш.Гоохүү нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. “Капитал”-ынхан олигархүудын бүлэглэлд нэгдээгүйдээ ийнхүү хүчээр дампуурч гэж үзэх үндэслэлтэй. Олигарх эзэнтэй банкууд нь юу ч болоогүй мэт үйл ажиллагаа явуулсаар буйгаас үүнийг тод харж болно.

 

Худалдаа хөгжлийн болон Улаанбаатар хотын банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, төрийн өмчит хэд хэдэн компанийг өөрийн болгосон “Сахал” хэмээх Должингийн Эрдэнэбилэг тэргүүтэй хүмүүсийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахдаа олон хууль зөрчсөн үндэслэлээр шалгаж буй билээ.

 

“Монголын зэс корпорац”-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авахын тулд гурван удаагийн гүйлгээгээр 400.27 сая ам.доллар шилжүүлсэн. Уг мөнгийг Худалдааны хөгжлийн банкны захирал болон түүнтэй холбоотой эргэн тойрны хүмүүсийн байгуулсан компаниудад тус банкнаас зээл өгөх замаар “Монголын зэс”-ийг санхүүжүүлсэн. Тухайлбал, “Кью Эс Си” хэмээх “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг эзэмшдэг компаниас 62.9, “Ривер стоун”, “Юнайтед энержи систем” компаниас тус бүр 70, “Канетик” компаниас 68 сая ам.доллар зээлсэн.

 

Өөрөөр хэлбэл, эдгээр компанид Худалдаа хөгжлийн банк зээл өгөх замаар “Монголын зэс” мөнгө босгосон. Эндээс Худалдаа хөгжлийн банкны удирдлага Банкны тухай хуульд заасан “Арилжааны хэлцэл хийж бизнесийн ашиг олох зорилгоор хадгаламж эзэмшигчийн мөнгийг ашиглаж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тодорхой болсон. Эцэст нь төр 100 хувь эзэмших ёстой үнэ цэнтэй аж ахуйн нэгжийг хууль бусаар хувийн хэвшилд өгсөн нь буруу гэж дүгнэн хууль сахиулах байгууллагынхан тусгай ажлын хэсэг гарган шалгаж яллагдагчаар тооцоод буй билээ.

 

Шалгалтын явцад Худалдаа хөгжлийн банкны удирдлагын буруутай үйл ажиллагаанаас болж Монгол Улсын Хөгжлийн банк их хэмжээний алдагдал хүлээсэн нь тодорхой болоод зогсохгүй, төрийн хөрөнгөөр төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг Д.Эрдэнэбилэгийн эзэмшлийн хувийн компаниуд авсан нь тодорхой болоод буй.

 

Жишээ нь “Худалдаа хөгжлийн банкнаас гурван сарын хугацаатай 22.6 сая ам.доллар, еврогийн своп арилжаа хийснээр Хөгжлийн банканд 8.1 тэрбум төгрөгтэй тэнцэх алдагдал хүлээсэн байдаг. Энэ нь “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг эзэмшигч “Кью Эс Си”-д зээл олгохын тулд ийм своп хэлцэл хийсэн нь тодорхой болсон юм.

 

Мөн Хөгжлийн банк “Каргилл” олон улсын санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн зээлийн эх үүсвэрээр Худалдаа хөгжлийн банкнаас авсан 45 сая ам.долларын зээлийг төлж барагдуулсан гэх мэтээр толгой эргүүлсэн гүйлгээ Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийн гар хөл болсон хүмүүс хийсэн гэх баримт ч байдаг аж.

 

Хууль сахиулах байгууллагуудын эх сурвалжуудаас авсан мэдээллээр “Д.Эрдэнэбилэг Худалдаа хөгжлийн банкнаас Хөгжлийн банканд эх үүсвэр байршуулах замаар өөрөө ТУЗ-ийнх нь даргаар ажилладаг аж ахуйн нэгжийн охин компани болох “Кью Эс Си”-д зээл олгуулж, Хөгжлийн банканд дээр дурдсан 8.1 тэрбум төгрөгийн хохирол, Худалдаа хөгжлийн банкандаа 66.5 сая ам.долларын муу зээл үүсгэж, энэ хэмжээгээр Эрсдэлийн сангийн зардал үүсэх нөхцөл бүрдүүлсэн” хэмээсэн юм.

 

Харилцагч, хадгаламж эзэмшигчдэдээ ийм өндөр хэмжээний эрсдэл учруулчихаад байхад Монголбанк энэ талаар ганц ч үг ган хийхгүй, хамгаалсаар байгаа нь хачирхалтай. Магадгүй Н.Баяртсайхан тэргүүтэн эздэдээ үйлчилж буй нь дээр өгүүлсэн эрсдэлүүдээс харагдана. Тэгсэн атлаа Олон улсын валютын сангаас хийсэн шалгалтаар хангалттай дүн үзүүлсэн “Капитал” банкны үйл ажиллагааг тусгайлан авч үзэж, хавчин шахаж, дампууруулсан нь Н.Баяртсайхан тэргүүтэй хүмүүс “60 тэрбум”-ынхны, “хонгил”-ынхноо хамгаалж байгаагийн илрэл гэлтэй.

 

Учир нь Төвбанкнаас “Капитал” банкны үйл ажиллагааг бодитой дүгнэж, хуулийн дагуу арга хэмжээ авалгүй, зөвхөн шаардлага, сануулга, үүрэг, даалгавар өгөх зэргээр л өдөр хоногийг аргацаасан нь үүнийг илтгэнэ. “Капитал”-ынхан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, ТУЗ-өөс нь болон гүйцэтгэх удирдлагаас нь удаа дараа Монголбанкны холбогдох албан тушаалтнуудад хандаж санал, хүсэлтээ хүргүүлж байсан ч огт ойшоож үзэж байгаагүй юм билээ.

 

Тэгэхээр Төвбанкы ерөнхийлөгч Н.Баяртсайхан тэргүүтэй эрх мэдэлтнүүд, Хяналт шалгалтын газрынхан өөрсдийнх нь эрх ашигт үйлчлээгүй, хэтэвчийг нь зузаалахад хувь нэмрээ оруулаагүй “Капитал”-ыг хазайсан дээр нь түлхсэн гэхэд буруудахгүй. Өөрөөр хэлбэл, Төвбанк аавын хүүхдүүдийг алаг үзсэн нь үүнээс тодорхой харагдана.

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
МАН Монголын бүх өөдтэй өнгөтэй болгоныг хулгайлж авчихсан байна ш дээ дандаа МАН-ын нөхдүүдийн өмч болсон байх юм тэгсэн мөртлөө АН руу гүтгэлэг хийх дуртай
2019-06-11