Гарааны бизнесүүдэд 10 сая төгрөгийн зээл олгоно
2019-06-11

Эдийн засгийн идэвхтэй хүн амын 54 хувийг 15-34 насны залуучууд, бүртгэлтэй ажилгүй иргэдийн 60 гаруй хувийг 15-34 насны ажил хайж байгаа залуучууд эзэлж байна. Залуучуудын ажилгүйдлийг бууруулах нэг боломж бол бизнес эрхлэх тэр дундаа гарааны бизнес эрхлэх явдал юм.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ХНХЯ, Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар,  хамтран залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрийг гурав  дахь жилдээ зохион байгуулж байна. 

 

Гарааны бизнес эрхлэх зорилготой, ирээдүйд шинэлэг бизнес эрхлэхэд зайлшгүй шаардагдах авьяас, ур чадвар эзэмших, тасралтгүй суралцаж, өсч дэвших хүсэл эрмэлзэлтэй залуус энд цугларсан гэж ойлгож байна. Анх залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих туршилтын хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж байсан бол өнөөдөр дүүргүүд өөрсдөө гардан зохион байгуулах хэмжээнд хүрсэн байна.

 

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга Г.Энхбаяр "Баянгол дүүрэгт залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа нь энэ юм. Энэ жилийн хувьд сургалтанд хамрагдах хүсэлтэй 140 орчим залуус бүртгүүлснээс шалгарсан 60 орчим залуус гурван өдрийн хугацаанд гарааны бизнес эрхлэх сургалтад хамрагдаж, шилдгээр шалгарсан гарааны бизнесүүдэд 10,0 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй 36 сарын хугацаатай зээл олгоно.

 

 

Залуучууд та бүхэн зөвхөн санхүүгийн дэмжлэг авахаас илүү гарааны бизнес эрхлэх ур чадварт суралцах, туршлагатай менторуудын зөвлөгөө авч бизнесээ хөгжүүлэх, Баянгол дүүргийн гарааны бизнес эрхлэгч залуучууд та бүхэн хоорондоо танилцах, хамтран ажиллах нөхцөл бололцоо бүрдэх юм" гэлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын үндэсний маркетингийн холбооны удирдах зөвлөлийн дарга Старт ап маркетинг төвийн захирал н.Золзаяа "Залууст гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх сэдэл, урам зориг өгөх, гарааны бизнес эрхлэгч залууст бизнесээ өргөжүүлэх мэдлэг, мэдээлэл өгөх, оролцоог нэмэгдүүлэх сургалтыг Банягол дүүрэгтэй хамтран зохион байгуулж байна. Баянгол дүүргийн хувьд дөрөвдэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд тэд  илүү  туршлагажсан нь харагдаж байна. Старт ап маркетинг төвийн хувьд энэхүү хөтөлбөр дээр хоёр дахь жилдээ хамтран ажиллаж байна.

 

 

Төвд явагдах 72 цагийн сургалтыг манай төвийн дадлага туршлагатай багш нар удирдан явуулна. 72 цагийн хөтөлбөрийн дараа залуучуудын сэтгэлгээ, чадварт маш их өөрчлөлт авчирдаг. Тиймээс энд шалгарч ирсэн залуучууддаа амжилт хүсье. Энэ хөтөлбөрт хамрагдаж чадсан л бол дуустал нь, үр дүнг нь гартал хичээгээрэй гэж залуучууддаа уриалмаар байна" гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

Залуучууд болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын төгсөгчдийг аж ахуй, бизнес эрхлэх ур чадвар, шинэлэг санаанд тулгуурлан гарааны болон санхүүгийн дэмжлэг олгох, бизнесээ тогтвортой эрхлэхийг дэмжих арга хэмжээнд хамруулж байнгын ажлын байртай болгох замаар тэдний хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд уг хөтөлбөрийн зорилго орших аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин