Орост нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хязгаарлана  
2019-06-11

Нэг удаагийн хуванцар сав, баглаа боодлыг үйлдвэрлэх болон худалдаалахад хязгаарлалт тавих саналыг Оросын Байгаль орчны яам болон Хэрэглэгчийн хяналтын газар дэмжжээ.  

 

Улмаар дээрх байгууллагууд хамтран ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний нийгмийн хөгжил, хүний эрхийн зөвлөлийн экологийн комисст хог хаягдал үүсгэх эх үүсвэрийг багасгах тухай санал хүргүүлсэн талаар Регнум агентлаг мэдээллээ.  

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өмнө нь, гуравдугаар сарын 20-ны өдөр “Экологи” үндэсний төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хог хаягдал үүсэхээс сэргийлэхэд чиглэгдсэн тусгай хуралдаан дээр Оросын Байгаль орчны яам болон Хэрэглэгчийн хяналтын газар өөрсдийн байр суурийг илэрхийлэн, улмаар хуралдааны дүнгээр зөвлөмж гаргана гэж мэдээлж байв.  

 

Оросын Байгаль орчны яам хог хаягдлыг дахин боловсруулах түвшин бага гэдгийг онцлоод нэг удаагийн хуванцар эд зүйлсийг худалдахыг хориглох санал гаргаж байсан юм.  

 

Улмаар энэ саналын хүрээнд нэг удаагийн хуванцар сав үйлдвэрлэлтийг шат дараатайгаар багасган, олон удаа ашиглах боломжтой, байгальд шингэн задардаг баглаа боодлын үйлдвэрийг дэмжин ажиллахаар болсон байна.  

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин