С.Батболд: Төрийн албыг бэхжүүлэх заалт тунхаглалын чанартай байна
2019-06-14

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар завсарлагагүйгээр үргэлжилж байна.  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж  хариулт авч байгаа юм.

 

 

УИХ-ын гишүүн С.Батболд:

 

-1992 онд батлагдсан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах болсон цаг үеийн нөхцөл бүрдсэн гэдэгтэй санал нэгдэж байна. Энэ хуулийг үзэхэд өөрчлөлтийг тал талаас нь бодолцож, оруулж иржээ гэж харж байна. Төр, нийгэм, улс төрийн туршлагатай олон хүмүүсийн ажил, хөдөлмөр болжээ. Асуудлыг тал бүрээс нь хөндөж, нухацтай ярьж байгаа нь зөв. Дээрээ суудлаа олохгүй бол доороо суудлаа олохгүй гэдэг. Төрийн боловсон хүчин үйл ажиллагаанаас эхэлдэг. Энэ талаар хэр тусгасан. Сонгууль бүрээр яамдын нэрийг өөрчилдөг. Төрийн албыг бэхжүүлэх заалт харьцангуй тунхаглалын чанартай байна. Агентлагууд өөрсдөө бие даасан хуультай, ажил нь тогтвортой явагддаг. Харин яамд байнгын өөрчлөгддөг. Яам тус бүрийг хуулиар байгуулж, төрийн албаны чухал шаардлагыг хангаж өгөх нь зүйтэй. Засгийн газрын тэргүүнийг энэ хуулиар зохицуулж, эрхийг нэмэхээр байгаа. Засгийн газрыг яаж тогтвортой байлгах вэ гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Сонгуулийн холимог тогтолцоог олон хүн санал болгосон. УИХ-ын гишүүнийг сонгохыг хүнээр явна гэдгийг Үндсэн хуульд зааснаар явуулна. Гадаад орнуудад ч мөн  ийм заалттай байдаг. Тогтолцоо гэдэг үгийг санал хураалтын явцдаа шийдвэрлэх байх. Төрийн албаны тогтолцооны зарчмуудыг Үндсэн хууль суулгаж өгөхгүй бол байнга төрийн албаны хуулиар явах болоод байгаа юм.

 

Яамдын нэрийг хуулиар зааж өгье. Есөн яамны нэрийг хуульчлаад, гурван яамыг Ерөнхий сайд оруулж өгье гэсэн санал гарсан. Гэтэл байнга Үндсэн хуулиа өөрчлөх шаардлага гардаг. Тиймээс Үндсэн хуульд нэр заах боломжгүй байгаа.

 

Доктор н.Машбат:

 

-Засгийн газрын тогтвортой байдлыг хангахын тулд Ерөнхий сайдад эрх мэдэл өгөх хэрэгтэй болсон. УИХ-аас хэт хамааралтай байхыг багасгаж байна. Дотоод хяналт, кабинетын системийг хангаж өгөхийн тулд Ерөнхий сайд өөрөө танхимаа бүрдүүлж байгаа юм. 

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

 

-ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийн хугацаа зургаан жил байдаг. Зургаан жилдээ сугардаггүй нэр авдаг. Гэтэл яагаад бүрэн эрхийн хугацааг нь 9 болгочихсон бэ?

 

Хуульч О.Мөнхсайхан:

-Нэг удаад л бүрэн эрхийн хугацаатай 9 жилээр томилогдохоор болж байгаа. Дахин сонгогдохгүй. Одоо бол дахин сонгогдоод 12 жил болж байгаа.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:

 

-Сонгуулийн тогтолцоо журмыг хуулиар зохицуулна гэж байгаа. Сонгуулийн тогтолцоо, журамтай холбоотой маргаан үүсч байсан. ҮХЦ шийдээ гаргасан. УИХ-ын сонгуулиар иргэд нийтээрээ, чөлөөтэй шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаатай байна гэж Үндсэн хуульд заасан. Хүнийг сонгодог байх тогтолцоо өөрчлөгдөөгүй. Ээлжит сонгууль болохоос өмнө нэг жилийн өмнө хуулинд өөрчлөлт оруулахгүй гэж Үндсэн хуулиндаа зааж өгч байгаа.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Сонгуулийн тогтолцоо бүх заалтаараа байгаа. Органик хуулиар өөрчилбөл дахиад Үндсэн хуулийн маргаан болно. 

 

Л.Энх-Амгалан: Хөгжил дэвшил саад болсон  чөдрийг тайлж, чөтгөрийн тойргоос гарах цаг болсон.

 

 

12:30 цаг:

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж  хариулт авч байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

 

-Дархан, Эрдэнэтийн асуудлыг Үндсэн хуульд тусгах хэрэгтэй байна. Эрдэнэтийн хүн амын 98 хувь нь хотын статустай болох санал өгсөн байдаг. Хот тосгоны хууль гэж хэрэгждэггүй хууль байдаг. Яагаад дэд ажлын хэсэг байгуулж, баахан ажиллуулаад орж ирж байгаа томъёоллыг өөрчилсөн юм.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

 

-Манай ажлын хэсэг хоёр гурван жил ажиллаа. Дархан, Эрдэнэтийг хот тосгон болгох асуудлыг таван удаа хэлэлцүүлсэн. Хоёр жил ажиллаад дээрх дүгнэлтэд хүрч байгаа юм. Улаанбаатар, Дархан,  Эрдэнэт хот байна гээд заахаар бусад аймгийн төвүүд орхигдоод байна. Тийм учраас Нутгийн удирдлагын тухай хуульд оруулахаар хуулийн төсөл боловсруулагдаад явж байна. Энэ асуудлаар Д.Дамба-Очир 12 жил ярьж байна. Бид хоёр зөрчилдөөд байгаа юм биш. Улсын хэмжээний хот байна, өөрийн удирдлагатай байна гэж заасан байгаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж шийдэх гээд байгаа асуудлаа нэг мөр хагалаад явж болохгүй юу. Засгийн газрын гишүүн нь 76. Ерөнхий сайд нь Засгийн газраа бүрдүүлэх юм байна. Одоо бол супер парламенттай. Энэ хуулиар супер Засгийн газартай болох гээд байна шүү. Хот тосгоныг хуулиар зохицуулна гэжээ. Гэтэл Монгол Улс аймаг, нийслэлтэй байна гэж Үндсэн хуульд заасан байгаа.

 

Хуульч О.Мөнхсайхан:

 

-Парламентн тогтолцоотой 21 улсыг судалж байсан. Ерөнхий сайд өөрөө хариуцлагаа хүлээгээд, бодлого хэрэгжүүлэх танхимын гишүүнээ өөрөө огцруулж томилдог юм билээ. Япон зэрэг улсад Ерөнхий сайд  нь өөрөө хариуцлага хүлээдэг жамаар явдаг. Өнөөдрийн тухайд хамгийн боломжит хувилбар нь энэ.

 

Хуульч н.Машбат:

 

-Өөрөөсөө байгуулаагүй гүйцэтгэх эрх мэдлийг хянах асуудал гадаад улсад өөр байдаг. Хот тосгоны хуулийг өөрийн удирдлагаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийг тогтооно гэсэн. Хотын статус нь өөрөө бие даасан байдаг. Хотдоо засаг захиргааны нэгжийн хувьд хуулиараа тогтооно. Улсын хэмжээний хот аймгийн статустай, аймгийн статустай хот сумын хэмжээнд байх юм.

 

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

 

-1992 оноос хой 27 жилийн турш Үндсэн хууль үүргээ сайн гүйцэтгэсэн. 2016 онд МАН-д 65 суудал өгнө гэдэг нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхийг өгсөн гэж ойлгодог. Бид одоо хөгжил дэвшил саад болсон  чөдрийг тайлж, чөтгөрийн тойргоос гарах цаг болсон. Бид Үндсэн хуульдаа хуулийг дээдэлсэн, шудрага ёсыг тогтоох шүүхтэй, төртэй байна гэсэн. Харамсалтай нь өнөөдөр иргэд төрдөө итгэхгүй байна. Өнөөдөр Монголд Шударга шүүх байхгүй байна гэдгийг ард түмэн хэлж байна. Бид үүндээ дүгнэлт хийх хэрэгтэй. 27 жил суусан шавраасаа гарах хамгийн зөв гарц Үндсэн хуулийн өөрчлөлт. Өнгөрсөн 27 жил 15 Засгийн газар байгуулагдаж 300 сайд төрсөн байна. Бид гурван жилийн дотор боловсролын салбарт дөрвөн сайд солилоо. Үүн дээрээ бид цэг тавих ёстой гэлээ.

 

УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна

 

11:40 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн нэг дэх төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг танилцуулан илтгэл тавив. Тэрбээр: 

 

-Монгол Улсын Үндсэн хууль 1992 онд батлагдан мөрдөгдсөнөөс хойш 27 жил болж байна. Энэ хугацаанд Монгол Улсын төрийн байгууллыг шинээр төвхнүүлж, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг шат дараатай хийсний дагуу улс орны нийгэм, улс төр, эдийн засгийн амьдралд зарчмын шинэтгэлүүд хийгдэж ирлээ. Төрийн байгууллыг шинээр эмхлэн байгуулах, хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх явцад төрийн институци хоорондын харилцааны болон Улсын Их Хурлын үйл ажиллагааны практикт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2000 онд Үндсэн хуульд зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч тэдгээрийн зарим нь төрийн эрх мэдэл хоорондын хяналт-тэнцлийг хангахад сөрөг үр дагавар авчирсан тухай эрдэмтэн судлаачид, олон түмний зүгээс шүүмжлэл хүлээх болов.

 

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага үүссэн тухай хууль тогтоогчид төдийгүй хуульч, эрдэмтэн судлаач, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн дунд байнга яригдаж, зарим иргэн, иргэний нийгмийн байгууллагаас Үндсэн хуулийн шинэ төслийг боловсруулж Улсын Их Хуралд ирүүлж байсныг үе үеийн Улсын Их Хурал анхааралдаа авч, 2011, 2012 онуудад Улсын Их Хурлын зарим гишүүд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл санаачилж, өргөн мэдүүлж байв. 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 27 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргаж, Улсын Их Хурлын даргын 2015 оны 08 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн боловч тухайн үеийн Улсын Их Хурал бүрэн эрхийн хугацаандаа хэлэлцэж амжаагүй.

 

Харин 2016 онд Монгол Улсын Ерөнхий сайд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага байгаа эсэхийг судлах зорилгоор эрдэмтэн судлаачдаас бүрдсэн ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн судалгааны үр дүнд Үндсэн хуулийн зарим зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ. Тус ажлын хэсгээс шаардлагатай гэж үзсэн асуудлаар үндэслэл, тайлбар бүхий 46 заалттай тайлан, санал гаргасан байна. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор Зөвлөлдөх зөвлөл байгуулж, 6 багц асуудлаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж, түүнээс 5 багц асуудал нь зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн.

 

Улмаар 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсгийг байгуулав. Тус ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн хүрээнд Зөвлөлдөх санал асуулгаар дэмжигдсэн 5 багц асуудлаар 22 заалт бүхий төсөл боловсруулсан байна. Уг төслийн талаарх иргэдийн саналыг харгалзах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Монгол Улсын Их Хурлын 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 39 дүгээр тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах үүрэг бүхий ажлын хэсэг, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Улсын Их Хурлын даргын 107 дугаар захирамжаар олон нийтийн санал авах хэлэлцүүлгийг улсын хэмжээнд зохион байгуулах ажлын хэсгийг тус тус байгуулж ажиллуулав.

 

Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын Тамгын газар 2017 оны 7 дугаар сараас 12 дугаар сард 21 аймаг, нийслэлийн хэмжээнд нийт 68 удаагийн бүсчилсэн хэлэлцүүлэг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 330 шахам мянган иргэнээс нийтдээ 5 580 гаруй мянган нэгж санал хүлээн авч, бүртгэх, нэгтгэх, ангилах ажлыг зохион байгуулж, үр дүнгийн танилцуулгыг боловсруулан, нийтэд мэдээлж, Улсын Их Хурлын албан ёсны цахим хуудсанд байршуулсан байна гэдгийг дурдав.

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Үндсэн хуулиар тунхагласан ардчилсан тогтолцооны ололтыг улам бататган,  парламентат ёсны уламжлалыг хадгалан, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах замаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах ажлын хэсэг төслийн хэрэгцээ, шаардлагын тандалт судалгаа, зөвлөлдөх санал асуулгын үр дүн, Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмж, олон нийтийн хэлэлцүүлгийн дүн, эрдэм шинжилгээний хурлууд, эрдэмтдийн санал, дүн шинжилгээ, харьцуулсан судалгаа зэрэгт дурдсан дүгнэлт, санал, зөвлөмжийг харгалзан үзсэний үндсэн дээр доор дурдсан дөрвөн багц асуудлаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсрууллаа. Үүнд:

  1.      Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
  2.      Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
  3.      Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт;
  4.      Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлт.

 

Дээрх дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд нийцүүлэн Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, үндсэн бүтэц, зарчмыг хөндөхгүйгээр 20 зүйлийг хамарсан нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсрууллаа гээд энэ дөрвөн багц асуудлын хүрээнд төсөлд тусгагдсан зүйл, заалтуудыг гишүүдэд танилцуулсан юм.

 

Нэг. Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад:

 

1.Улсын Их Хурлын ээлжит чуулганы үргэлжлэх хугацааг 75 хоног болгох, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, Үндсэн хууль, бусад хуульд заасан, эсхүл хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн бол нууц санал хураалт явуулж болохоор зааж, Улсын Их Хурлын гишүүн өөр ажил, албан тушаал хавсран ажиллахыг хязгаарлах өөрчлөлт оруулав.

 

2.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж шийдвэрлэсэн бол Улсын Их Хурал өөрөө тарах, Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, Ерөнхий сайдыг шинээр томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг Ерөнхийлөгч тараах, Улсын Их Хурал тарсан тохиолдолд сонгууль зарлах, явуулах хугацааг тогтоосноор 2000 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгийг Улсын Их Хурлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор өөрчлөн найруулав.

 

3.Улсын Их Хурал сайд нарыг нэг бүрчлэн хэлэлцэж томилох бүрэн эрхээсээ татгалзах, мөн улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зарлага нэмэгдүүлэхийг хориглох, төрийн санхүү, төсвийн хяналт /аудит/-ыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтоох нэмэлт, өөрчлөлт оруулав.

 

4.Хуулийн биелэлтийг хангахтай холбоотой нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар хянан шалгах түр хороог байгуулах, түүний бүрэн эрх, ажиллах журмыг тогтоосон нэмэлтийг оруулав.

 

5.Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох боломжийг нээхийн зэрэгцээ ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглосон.

 

6.Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах, намын дотоод зохион байгуулалт нь ардчилсан зарчимд нийцсэн байх, хөрөнгө, орлогын эх үүсвэр болон зарцуулалтаа нийтэд байнга ил тод байлгах үүрэг хүлээх, намын зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилт, ил тод байдал, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх болзлыг хуулиар тогтоохоор тусгав.

 

7.Төрөөс байгалийн баялгийг ашиглахдаа одоо болон ирээдүй хойч үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангах, тэгш байдал, шударга ёсны зарчмыг баримтлах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг алс хэтээ харсан урт хугацааны төрийн бодлогоор тодорхойлох зохицуулалтыг Үндсэн хуульд тусгав.

Хоёр.Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багц асуудлын хүрээнд:

 

1.Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхын суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхыг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулахаар өөрчлөв.

 

2.Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадаагүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлэх, Ерөнхий сайд нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Засгийн газрын гишүүнийг томилж, чөлөөлж, огцруулах бүрэн эрхтэй байхаар өөрчлөн найруулав.

 

3.Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн саналаар Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналаа хамтад нь албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх, Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол шинэ Ерөнхий сайдыг томилох, өмнөх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцох, Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцрохоор тусгав.

 

4.Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэх, хэрэв тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцох, тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилохоор тусгав.

 

5.Ерөнхий сайд, Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тогтоож, Засгийн газрын гишүүн Улсын Их Хурлын гишүүнээр хавсран ажиллахыг хязгаарлан 2000 оны нэмэлт, өөрчлөлтийн нэгийг өөрчлөн найруулав.

 

6.Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байх, шатлан дэвших зарчимд үндэслэх, төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр, эсхүл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, төрийн албаны чадахуйн зарчмын хэрэгжилтэд тавих хяналт хараат бус байх талаар зохих нэмэлтийг оруулав.

 

7.Монгол Улсын Ерөнхийлөгчид тавих насны босгыг 55 болгон нэмэгдүүлж, бүрэн эрхийн хугацааг зургаан жилээр зөвхөн нэг удаа сонгохоор өөрчилнө. Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд хуулиар олгохоор өөрчлөн найрууллаа.

 

Гурав.Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багцад:

 

1.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр, тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор өөрчлөн найруулав.

 

2.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэхээр зааж, уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор өөрчиллөө.

 

3.Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж, Ерөнхийлөгчид батламжлуулахаар хүргүүлэх, Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, эсхүл Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлэх, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шинэчлэн найруулав.

 

4.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхийн саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор өөрчлөв.

 

5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлж, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн дэх зохистой төлөөллийг шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэдээс тэнцвэртэй бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахаар тусгана. Шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгохдоо нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгохоор тусгалаа.

 

6.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус-гишүүдийг нэр дэвшүүлж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор зааж өгөв.

 

7.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгож, зөвлөл шийдвэрээ нийт гишүүний олонхын саналаар гаргахаар тусгав.

 

8.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэрийг Шүүгчийн хариуцлагын зөвлөл гаргахаар нэмнэ. Зөвлөл нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, нэр хүндтэй иргэдийн тэнцвэртэй төлөөлөл бүхий есөн гишүүнтэй, зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж, тус зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгохоор нэмэв.

 

9.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний үндсэн дээр Улсын Их Хурал нийт гишүүний олонхын саналаар томилохоор өөрчиллөө.

 

10.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглохоор өөрчлөв.

Дөрөв.Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн багц асуудлын хүрээнд:

 

1.Улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтоохоор тусгасан.

 

2.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нутгийн өөрийн удирдлагын үндсэн байгууллага байх, хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд орон нутгийн татвар тогтоох, өмчийн эрх эдлүүлэх замаар эдийн засгийн үндсийг бүрдүүлнэ. Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдөөс сонгогдсон төлөөлөгчдөөс бүрдэх, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын шийдвэр гаргах хүрээг тодорхойлж өгсөн болно.

 

3.Аймаг, нийслэлийн Засаг даргыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас нэр дэвшүүлж Ерөнхий сайд, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга томилох, сум, дүүргийн Засаг даргыг тухайн сум, дүүргийн иргэд сонгохоор тусгалаа. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмаар огцруулах, чөлөөлөхөөр тусгасан гэдгийг танилцуулав.

 

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12.00 цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр тусгасан. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг батлах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг баримтална. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгахаар тусгасныг танилцуулсан юм. 

 

Үүний дараагаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг боловсруулсан урилгаар оролцож байгаа төлөөлөгчдийг УИХ-ын дарга танилцууллаа. Үндсэн хууль тогтоогч Гандантэгчинлэн хийдийн тэргүүн Д.Чойжамц, н.Лхамжав, Төрийн соёрхолт Н.Жанцанноров, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр нар чуулганы хуралдаанд урилгаар оролцож байна. 

 

Одоо хууль санаачлагачийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. Дараагаар нь Засгийн газрын болон байнгын хорооны илтгэлийг хэлэлцэх юм. Чуулганы хуралдаан завсарлагагүй үргэлжилнэ гэдгийг УИХ-ын дарга анхаарууллаа. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
Ж.Доожав:
Төрийн эрх бүх ард түмний мэдэлд байна гэдэг тунхагийг баталгаажуулах.төлөөлдөө захирагддаг биш захирдаг баймаар юм.хариуцлагагүй бол татдаг ,сольдаг баймаар байна. Байгалын баялгыг ашиглах заочим дээр баялгаас орох орлогын 50-аас доошгүй хувийг ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулдаг болгох. парламентийн гишүүний үндсэн чиг үүргийн нэгд хариуцлагатай шудрага байж, сонгогчдынхаа эрх ашгийн төлөө үнэнчээр ажиллах гэж оруулмаар байна. Тэд хэний төлөө яах гэж сонгогдсон гэж. УИХ-ын гишүүд хэт алдагдалтай төсвийг буцаахаас бусдаардураар халдахыг хориглох гэсэн агуулгыг тусгамаар байна. Еранхий сайдаас бусад засгийн газрын гишүүд улсын их хурлын гишүүн байхыг хориглох Ерөнхий сайд зөвхөн өөрийнхээ танилын хүрээнд л засгмйн газрыг бүрдүүлэх нь дээ. Еранхийлэгчид нэр дэвших шалгуурт Доктороос багагүй боловсролтой ангил хэлээр орчуулагчгүйгээр ярилцах чадвартай гэсэн мэдлэг боловсролын шалгуур нэммээр байна.
2019-07-25
Сү.Батболд чамайг түмний хараал идээсэй..................
2019-06-18
Ард түмний хөрөнгийг гарамгай луйварддаг том гарын хулгайч үхэхдээ алтан авсанд хэвтэх нь тийм таатай байгаа юм байлгүй .........
2019-06-18
Cү. Батболд хэлгүй дүлий юм шиг байсан сонгууль дөхсөний шинжүүдээ хэлд орж бас хөлд орж сонгууль маань дөхчихсөн юм байна шүү дээ
2019-06-18
SU batbold hudlaa gar:
Su batbold metiin luivarchin nohdiig dahin songoj bolohgui, turiin alba yaamdiig jinhene nuraadag hulgaich ih ariuhan yum yaridag boloh gej jujiglehgui shuu, yamarch idevhgui iimerhuu nohor dandaa buruu yum hiih tul dahin songoltgui
2019-06-15
оффшорчин:
Ард түмний болон улсын хөрөнгийг луйварддаг загалмайлсан эцэг,оффшоорчин, шуналын мангас сү. батболд гадаадад амьдарч, хааяа л нэг УИХ-д харагддаг хэрнээ тасалдаг гишүүд дунд нэр нь гардаггүй бас хэвлэлийнхэнтэй хаалтын гэрээтэй гэх зальт этгээд хэдэн үеэрээ жаргах байхдаа.Буянаараа болог.
2019-06-14
Иргэн:
Тэргүүн зэргийн луйварчин
2019-06-14
иргэн:
Мѳнхсайхан хуульч нэртэй МАНАН мафийн гар хѳл болсон луйварчинг ажлын хэсэгт оруулсан юм уу.Болиочээ мѳнгѳний цагаан солиотой нѳхѳр шүү дээ.
2019-06-14