Коно Тора: Нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулах нь Монголын эдийн засагт нэмэр болно
2019-06-16

 

Экспортын нэр төрөл нэмэгдэхгүй байгаад анхаарахыг онцлов

 

 

Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.

 

Айлчлалын хүрээнд өнөөдөр ноён Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхав.

 

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улс нь социалист нийгмийн үед ч, зах зээлийн нийгэмд ч Монгол Улсад ойр дотно байж, тусалж дэмжиж ирсэн гэдгийг дурдаад, өнөөгийн түвшинд тусламж, дэмжлэг, хөнгөлөлттэй зээл гэхээс илүүтэй харилцан ашигтай бизнесийн зарчимд тулгуурлан хамтарч ажиллах хэрэгтэй гэж үзэж буйгаа хэллээ.

 

Тухайлбал, Япон улстай байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд Япон руу 6000 орчим төрлийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн тарифын хөнгөлөлттэй оруулах болсон ч бодит байдал дээр ноолууран бүтээгдэхүүнээс бусад экспортын нэр төрөл нэмэгдэхгүй байгаад анхаарал хандуулах шаардлагатайг цохон тэмдэглэв. Улмаар хоёр орны эдийн засгийн болон бусад харилцааг дэмжих байнгын механизм байгуулахад анхаарал хандуулах, энэ нь Гадаад хэргийн сайд нарын эрхлэх асуудлын хүрээнд байж болох юм зэрэг санал дэвшүүлэв.

 

Мөн уулзалтын үеэр хоёр талаас Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөн ярьсан нь Японы эрчим хүчний сонирхлыг хангах, Монголын эрчим хүчний эх үүсвэрүүдийг экспортлох зэрэг ашиг сонирхолтой нийцэж байгаа талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

 

Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Таро Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн саналуудыг хүлээн авч, хоёр орны харилцааны байнгын механизм байгуулах зэрэг саналын хүрээнд харилцан айлчлал, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэхэд анхаарна гэлээ.

 

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Япон улсын Эзэн хаан Нарухитод мэндчилгээ уламжлахын зэрэгцээ Хаан сэнтийд заларсныг тунхаглах ёслолд оролцох урилгыг халуун дотноор хүлээн авсан гэдгээ мэдэгдлээ.

 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро манай улсад айлчилж байна. Айлчлал өнөөдөр албан ёсоор эхэлж,  ГХ-ны сайд Д.Цогтбаатар, Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро нар албан ёсны хэлэлцээ хийлээ. 

 

ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн нэгдүгээр шатыг амжилттай хэрэгжүүлсэн

 

Гэрэл зургийг MPA.mn

 

 

 

ГХ-ны сайд Д.Цогтбаатар:

 

-Монгол Улсын Гадаад харилцааны сайдын урилгыг хүлээн авч, манай улсад айлчилж байгаа Япон Улсын Гадаад хэргийн сайд, ноён Коно Таро-д талархаж байна. Япон улсын Гадаад хэргийн сайдын Монголд хийж байгаа дөрөв дэх удаагийн айлчлал юм.  Хоёр улсын Гадаад харилцааны  сайдын энэ удаагийн айлчлалаар хоёр улсын стратегийн түншлэлээ цаашид бэхжүүлэхдээ өндөр, дээд түвшний итгэлцсэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж явах чухал ач холбогдолтой. Хоёр орны харилцаа стратегийн түншлэлийн утга агуулгаар хөгжихдөө ардчиллын үнэт зүйлс дээрээ тулгуурлаж байгаа тодотгож, бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.

 

Хэлэлцээрийн үеэр ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд хөнгөлөлттэй зээлийн нэгдүгээр шатыг амжилттай хэрэгжүүлж байгаагаа хоёр тал онцлон тэмдэглэлээ. Хоёрдугаар шатны санхүүжилтийг ойрын хугацаанд олгох тал дээр яриа хэлэлцээ явж байгаа. Японы тал бусад түншүүдтэй яриа хэлэлцээг урагшлуулна гэдгээ хэллээ.

 

Хоёр орны харилцааг улам гүнзгийрүүлж байгаа нэг зүйл нь эдийн засгийн түншлэл. Эдийн засгийн түншлэлийн хүрээнд худалдааны салбар нэмэгдэж, хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаа.  Гэхдээ манай бизнес эрхлэгчдийн зүгээс экспортын бараагаа гаргахад тусламж, дэмжлэг хүсч байгаа юм. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг хоёр тал концессийн гэрээгээр амжилттай барьж байгуулсныг хоёр тал онцлоод, ойрын хугацаанд ашиглалтад оруулах талаар ярилцлаа.

 

Түүнчлэн Японы буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлгийг барьж ашиглалтад орууллаа. Цаашид эмч,  ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх, суралцуулах талаар ярилцлаа. Иргэд хоорондын харилцаа жил бүр нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Консулын анхдугаар уулзалтыг ирэх долдугаар сард хийхээр тохирлоо. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд болох гэж байгаатай холбогдуулан соёл урлаг, биеийн тамир, спортын чиглэлээр нягт хамтран ажиллахаар боллоо. Мөн олон талт хамтын ажиллагааны салбарт хэлэлцээгээ өрнүүлж ажиллахаар тохирсон хэмээв.

 

Япон-Монголын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байна

 

Япон Улсын Гадаад хэргийн сайд Коно Таро:

 

-Япон Улсын Гадаад хэргийн сайдын хүрээнд 9 жилийн дараа Монгол Улсад айлчлал хийж байгаадаа баяртай байна. Намайг халуун, дулаан хүлээж авсан ноён Д.Цогтбаатар, Монголын ард түмэнд талархлаа. Харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр өргөн хүрээтэй асуудлаар чухал яриа хэлэлцээр өрнөсөн гэж дүгнэж байна. Нисэх онгоцны буудлын  асуудал зөвхөн бүс нутгийн агаарын замыг холбох төдийгүй Монголын эдийн засагт хувь нэмэр оруулна гэж ойлгож байгаа. Ийм учраас шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулахын тулд хоёр талаасаа хамтраад ажиллах сонирхолтой байна.

 

Япон улс 2012 оноос хойш Монгол Улсын зэвсэгт хүчинтэй хамтарч энхийг сахиулах ажиллагаанд хамтарч, автозам гүүр байгуулах ажилд оролцуулж ирсэн. Монголын 900 цэргийн албан хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцуулсан байдаг. Цаашид гуравдагч орныг хамруулсан хамтын ажиллагааг дэмжиж ажиллах сонирхолтой байна.

 

Өнөөдөр “Хааны эрэлд” хамтарсан ажиллагаа болж  байна. Японы талаас хуурай замын цэргийн албан хаагчид энэ ажиллагаанд оролцож байгаа. Салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ нь нэмэртэй юм. Монголын залуучуудыг хүний нөөцийг хөгжүүлэх төслийг  хэрэгжүүлэх гэж байгаадаа баяртай байна. Мөн бүс нутгийн асуудлаа Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангид байлгахын төлөө ямар арга хэмжээ авах талаар ярилцлаа.  

 

Японы буцалтгүй тусламжаар АШУҮИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлгийг  барьж ашиглалтад оруулж байна. Энэ төсөл Япон-Монголын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлнэ гэж найдаж байна. Япон Улс Монголын цаашдаа ч ард иргэдтэй хамт алхаж явах болно. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Шинэ нисэх буудал 2016-н онд ашиглалтад орох.ёстой байсан?! Ирэх онд дөнгөж ажлаа эхлэх юм гэнэлээ?! ИНЕГ-ынхан гэж нэг дүүрчихсэн тэнэгүүд одоо юу хийж байдаг байнаа?! Эмгэнэлтэй?! Хариуцлага ярих эрхтэн дархатанч алгаа?!
2019-06-16
Иргэн:
Шинэ нисэх буудал 2016-н онд ашиглалтад орох.ёстой байсан?! Ирэх онд дөнгөж ажлаа эхлэх юм гэнэлээ?! ИНЕГ-ынхан гэж нэг дүүрчихсэн тэнэгүүд одоо юу хийж байдаг байнаа?! Эмгэнэлтэй?! Хариуцлага ярих эрхтэн дархатанч алгаа?!
2019-06-16
Иргэн:
Шинэ нисэх буудал 2016-н онд ашиглалтад орох.ёстой байсан?! Ирэх онд дөнгөж ажлаа эхлэх юм гэнэлээ?! ИНЕГ-ынхан гэж нэг дүүрчихсэн тэнэгүүд одоо юу хийж байдаг байнаа?! Эмгэнэлтэй?! Хариуцлага ярих эрхтэн дархатанч алгаа?!
2019-06-16
сер:
Японгүй бол манайх шилжилтийн үед сүйрэх байсан. Харин ч их тусалсан.
2019-06-16