Есдүгээр сард ДАШТ-ий хоёр тоглолт хүлээж авна
2019-06-17

Монголын эрэгтэй хөлбөмбөгийн шигшээ баг түүхэндээ анх удаа ДАШТ-ий эхний шатыг даваад байгаа билээ. Дараагийн шатны сугалаа долдугаар сарын 17-нд Катарын нийслэл Доха хотноо болно. Энэ сугалаанд эхний шатанд ялсан 6 баг дээр 34 баг нэмэгдэж, Ази тивийн нийт 40 баг найман хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Хэдхэн хоногийн өмнө гарсан FIFA-гийн чансаагаар Иран, БНСУ, Япон, Австрали, Катар, Арабын Эмират, Саудын Араб, БНХАУ гэсэн орнууд хэсэг тэргүүлэх нь тодорхой болсон.

 

 

Харин манай улсын хувьд сүүлийн буюу 5-р сагсанд Индонез, Сингапур, Балба, Камбож, Бангладеш, Гуам гэсэн орнуудтай оржээ. Тэдэн дээр Макао-Шри Ланкийн хожсон нь нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл эдгээр улсуудтай таарахгүй гэсэн үг. Хоёрдугаар шатны тоглолтууд 2019 оны 9-р сарын 5-нд эхэлж, 2020 оны 6-р сарын 9-нд өндөрлөнө. Нэг баг энэ хугацаанд хэсэгтээ найман удаа тоглоно. Дэлгэрэнгүй хуваарийг танилцуулья:

 

2019.09.05 МОНГОЛ - А4

2019.09.10 МОНГОЛ - А3

2019.10.10 А1 - МОНГОЛ

2019.10.15 МОНГОЛ - А2

2019.11.19 А4 - МОНГОЛ

2020.03.26 А3 - МОНГОЛ

2020.03.31 МОНГОЛ - А1

2020.06.04 А2 - МОНГОЛ

 

Энэхүү хуваарийг харвал манай шигшээ баг хэсгийн эхний хоёр тоглолтыг нутагтаа хийх бололтой. Тэр тусмаа хэсгийнхээ арай сул хоёр багтай дараалан тоглох нь эдгээр тоглолтуудаас оноо, хожил авах магадлал хамгийн өндөр гэж ойлгож байна. 3-р болон 4-р сагсанд өнгөрөгч оны сүүлээр Зүүн Азийн АШТ-д бидэнтэй учирч байсан БНАСАУ, Тайвань, Хонконгийн багууд бий. Үүний дараа хамгийн чанга хуваарь болох хэсгийн тэргүүлэгчийнхээ нутагт зочилно. Харин тэд манай талбайд ирэх жилийн 3-р сарын сүүлээр ирнэ.

 

Хоёрдугаар шатанд хэсгээ өнгөлсөн баг 3-р шатанд орох эрх, 2023 оны Азийн АШТ-ий эрхийг хамт авна. Харин хэсэг тус бүрт дэд байр эзэлсэн хамгийн сайн үзүүлэлттэй дөрвөн баг дээрх эрхийг мөн авна. Үлдсэн дөрвөн баг болон хэсэгтээ 3-р байр эзэлсэн нийт 12 баг ДАШТ-д үргэлжлүүлэн өрсөлдөх боломжгүй ч, Азийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөнө. Хэсэгтээ 4 болон 5-р байр эзэлсэн багуудад ч мөн 2023 оны Азийн АШТ-ий эрхийн төлөө өрсөлдөх боломж хэвээр үлдэх учраас манай шигшээ баг хэсгийн сүүлийн байр эзэлсэн ч цаашид дор хаяж хоёр тоглолт хийнэ гэсэн үг.

 

А.Одбаяр

Shuud.mn
Сонин хачин