МСҮТ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлт 20 хувиар нэмэгджээ
2019-06-17

Дейл Карнеги Трейнинг байгууллагаас Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын удирдлагуудад хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, чадамжид суурилсан Мэргэжлийн боловсрол, сургалт тогтолцоог бий болгох чиглэлээр өнөөдөр /2019.06.17/ сургалт зохион байгуулж байна.

 

Энэ үеэр Баянчандмань Политехник Коллежийн захирал Э.Амартүвшинтэй энэ салбарын талаар цөөн хором ярилцлаа.

 

 

-Чадамжид суурилсан мэргэжил боловсрол олгох сургалтын талаар яригдаж байна. Сургалтын ач холбогдлын талаар ярихгүй юу?

 

-Энэхүү мэргэжилтэн бэлтгэх, хүнд мэргэжил эзэмшүүлэх хамгийн шилдэг арга бол чадамжид суурилсан сургалт юм. Монгол Улсын хувьд 2013 оноос хойш мэргэжил боловсролын байгууллага, нэгжүүдээр чадамжид суурилсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Онол бага, дадлага ихтэй учраас сургалт маань  үр дүнгээ сайн өгч байна.

 

-МСҮТ төгсөгчид ажлын байраар хангагдаж чадаж байна уу?

 

-Сүүлийн жилүүдэд ажил эрхлэлт өсч байна. 2014-2015 онд хичээлийн жилд 56 хувьтай байсан бол энэ жил 20 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа.  Мэргэжилтэн ажилтан бэлтгэх хөтөлбөрийг төрөөс ихээхэн дэмжиж байгаа учир чадавхи, чанар илүү сайжирсан. Зарим төгсөгчид нь үргэлжлүүлэн  сурч, өөр чиглэлээр ажиллах хандлага харагддаг. 

 

-Хүүхэд, залуус ихэвчлэн ямар мэргэжлийг сонирхож сонгодог вэ?

 

-Ихэвчлэн Хоол үйлдвэрлэл, Хөдөө аж ахуй, газар тариалан, Барилга байгуулалт, IT-Компьютер програм хангамж зэрэг чиглэлээр хүүхдүүдийг сургадаг.

 

-Суралцагчдад  100 мянган төгрөгийн тэтгэмжийг хэрхэн олгодог?

 

-Монгол Улсад мэргэжилтэн бэлтгэж буй политехник коллеж, МСҮТ-үүд  доод тал нь 70, 80-аад багш, ажилтантай. Энэ хүмүүсийн цалин хөлс, урсгал зардлыг засгаас хариуцдаг. Суралцагчийг үнэ төлбөргүй сургадаг гэдгийг хүмүүс тэр бүрчлэн мэдэхгүй. Манай сургуульд л гэхэд хүүхдүүд үнэгүй дотуур байранд байрлаж, өдөрт гурван удаа хооллох бөгөөд сургалтын үйл ажиллагаанд ямар нэгэн төлбөр төлөх шаардлагагүй байдаг.  2018-2019 оны хичээлийн жилээс 100 мянган төгрөгний тэтгэлэг олгож эхэлсэн. Энэ бол тухайн хүүхэд хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлтгэх мөнгө юм.

 

МСҮТ болон политехник коллежид суралцъя гэсэн хүүхдүүдийн сонирхол хэр байна?

 

Сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна. Өөрсдийнх нь сонирхлоос шалтгаална л даа. Их, дээд сургуульд оръё гэхэд төгсөөд юу хийх нь тодорхойгүй, ажил олддоггүй. Манай МСҮТ-ийн суралцагчид төгсөөд шууд ажлын байранд зуучлагддаг гэдгээрээ онцлогтой.

 

Хичнээн суралцагч элсэх боломжтой вэ?

 

Жилд ойролцоогоор 25 мянга орчим хүүхдийг элсүүлдэг. Анги дүүргэлтийн хувьд янз бүр байдаг. Зарим үед 10 эсвэл 20 хүүхэд байх жишээтэй. Ер нь чадамжид суурилсан сургалтын тогтолцоогоор бол нэг ангид 15 хүүхэд байна. Тэгж байж дадлагад суурилсан сургалт маань хүртээмжтэй байна гэж үздэг.

 

О.Төгөлдөрмаа

 

Shuud.mn
Сонин хачин