Хүчингүй тогтоолоо хамгаалсан УИХ хийгээд төлөөлөлгүй торойх Хэнтийчүүд
2019-06-18

 

Хэнтий аймгийн УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол  хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлтийг парламент хүлээж авалгүй буцаасан. Нөхөн сонгуулийн товыг гаргасан тогтоолыг УИХ-ын сонгууль явуулах заалттай жишсэн, Засгийн газрын тусгай санд улсын төсвөөс мөнг тусгадгийг үл мэдэгчийн өнцгөөс хандаж, захиалагт шийдвэр гаргасан гэж УИХ-ын гишүүд ҮХЦ-ийг шүүмжилж байна.

 

ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ хүлээж авахгүй буцаасан ч нөхөн сонгууль явуулах ажиллагаа үргэлжилнэ гэсэн үг биш. Нэгэнтээ ҮХЦ-ээс захиалгат шийдвэрээ хүлээж авсан эрх баригч хүчин МАН нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулаагүй. Нөхөн сонгуульд оролцох бусад улс төрийн хүчнүүд ҮХЦ-ийг  МАНАН-гийн, сөрөг хүчнийхэн МАН-ын захиалгаар ажиллалаа гэж шүүмжилж байхад эрх баригч хүчин МАН “Хэрвээ нөхөн сонгууль явагдсан бол МАН-ын дарга У.Хүрэлсүх өрсөлдөж ялах байсан” хэмээн матрын нулимс унагаснаар энэ удаагийн урьдчилсан бэлтгэсэн сценаритаа цэг тавиад байна.

 

Захиалагч тал гэгдэх эрх баригчид мөн л “ҮХЦ-ийг захиалгаар шийдвэр гаргасан” гэж шүүмжилж дүгнэлтийг хүлээж авахгүй тогтоолоо хамгаалсан дүр эсгэсэн ч, цаашид хэрхэх талаар ямар нэг чиглэл гаргасангүй. Учир нь цаг хугацааны хуваарьтай нөхөн сонгууль явуулах УИХ-ын тогтоол эдүгээ хүчингүй болсон. Энэ удаад парламент олон нийтэд “хууль зөрчсөн тогтоол батлаагүй” гэдгээ л харуулах гэснээс бус нөхөн сонгууль явуулж, орон гарсан суудлаа нөхөн, цаашлаад төрд төлөөлөлгүй байгаа Хэнтийчүүдийг бодолцсон гэвэл гэж бүүр ч саналтгүй.

 

Нэгэнтээ Үндсэн хууль зөрчсөн гэх ҮХЦ-ийн дүгнэлт парламентаас буцаагдсаны дараагаар хуулийн дагуу Цэц Их суудлын хуралдаанаараа хэлэлцэнэ. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан мөн л хуулийн дагуу 30 хоногийн дотор хуралдах заалттай. ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар ямар ч шийдвэр гарсан энэ удаагийн нөхөн сонгууль хүчингүй болсон. Хэрвээ УИХ-ын тогтоол хүчинтэй үйлчилсэн бол өнөөдөр Хэнтийг бага газрын их тулаан болж, 11 улс төрийн хүчний нэр дэвшигчид сурталчилгаагаа хийж, улаан тоос татуулж байх байлаа. Өнөөдөр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гээд Хэнтийчүүд эрх баригч хүчнийг ч, Засгийн газрыг ч бүхэл нь атгаж байгаа. Гэхдээ тэд парламентад орон гаргасан, Хэнтийнхээ тойргийг төрд төлөөлөлтэй болгох улс төрийн болон хувийн ч сонирхол алга. Ямартаа л төрд төлөөлөлгүй Хэнтийн 42 дугаар тойргийг Хэнтийн угсаа гаралтай, гишүүн Н.Учрал төлөөлөх санал гаргаж байх вэ.

 

Эдүгээ улс төр жилийн дараа явагдах УИХ-ын сонгуулийн бэлтгэлт ажил руу хошуураад эхэлсэн. УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхлээд байна. Энэ удаад Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхээс  УИХ-ын сонгуулийн хуулийг ямар тогтолцоо, системээр явагдах эсэх нь шийдэгдэнэ. Хэдийгээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан төслийг Ерөнхийлөгч шаардлага хангаагүй гэж, сөрөг хүчин энэ парламентыг чадамжгүй гэж дүгнэж байгаа ч эрх баригч хүчин МАН ойлголцох зарчмыг барьж байна. Улстөрчид, улс төрийн намууд сөргөөцөлдөж байдаг ч улс төрд мөнхийн эрх ашиг үйлчилдэг. Тохироо бүрдсэн нөхцөлд Үндсэн хуульд өөрчлөлт оруулан баталж, ирэх сонгуулийн жилээ угтах нь тодорхой. Тэгээд ч эрх баригчид Үндсэн хуулийн өөрчлөлтийг буцаах бус батлах замыг сонгож байгаа юм билээ. Тиймээс  зуны халуун өдрүүдөд улс төр амрахгүй,  Үндсэн хуулийн хэлэлцүүлгээр үргэлжилвэл нөхөн сонгуулийн сураг ч тасрах биз.

 

Үүнийг ч эрх баригчид тооцоолсон байгаа. Ер нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх нутагтаа ажиллахдаа парламентад Хэнтийн асуудлаар бүхэл нь нөлөөлнө гэж ярьсан байх ч магадлалтай. Төрд төлөөлөлгүй 42 дугаар тойргийн сонгогчид л өргөдөл, хүсэлт барин хандах гишүүний болсон нь тэдэнд падгүй. Ирэх оны төсвийг хэлэлцэхэд гишүүд тойрог тойрогтоо хөрөнгө оруулалт тусгуулахаар зүтгэнэ, харин тус тойргийг төлөөлөх эрхэм энэ үед үгүйлдэнэ. 

 

Тиймээс ч УИХ түмэнд таалагдах гэж хүчингүй болсон тогтоолоо хамгаалж, Хэнтийн 42 тойргийнхон төрд төлөөлөлгүй торойж байна. Хуулиараа намар нөхөн сонгууль явуулах нэг боломж байгаа ч шийдвэр гаргах эсэхийг эрх баригчид, тэр дундаа парламентын гаднах, МАН-ын дарга У.Хүрэлсүх мэднэ. 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин