“Хавдрын эсрэг үндэсний аян- 2019” Хөвсгөл аймагт үргэлжилж байна
2019-06-18

Хавдар өвчин нэг л өглөө сэрэхэд үүсдэг өвчин биш юм. Эрт шатанд нь болон хавдрын урьтал эмгэгийг илрүүлж чадвал Монголын хүн амын дунд нас баралтын хоёр дахь шалтгаан болохгүй байх боломжтой. Иймд олон нийтийн дунд хавдар өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх тухай мэдлэг мэдээлэл олгох, зорилтот бүлгийн иргэдийг цогц үзлэг шинжилгээнд хамруулах, үндэсний хэмжээний аян өрнүүлэх ажлыг ХААН Банкны тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /МҮОНРТ/-тэй хамтран энэ онд ес дэх жилдээ хэрэгжүүлж байна.

 

 

Энэ жилийн хувьд тус аяныг Нийслэлийн Хан-Уул дүүрэг болон Дархан-Уул, Хөвсгөл аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс өнгөрөгч 5-р сард Хан-Уул дүүрэгт амжилттай эхлүүлсэн юм. Эхний зогсоол болох Хан-Уул дүүрэгт 1,200 гаруй иргэнийг хамруулж чадсан аяны багийнхан өнгөрсөн долоо хоногт Дархан-Уул аймагт ажилласан. Тэгвэл энэ долоо хоногт буюу өчигдрөөс эхлэн аяны баг Хөвсгөл аймагт ажиллаж эхэллээ.

 

Хөвсгөл аймаг дахь тус аяны нээлтэд аймгийн удирдлагууд, Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлгийн төлөөлөл оролцож, аяныг хэрэгжүүлэгч талуудад талархал дэвшүүлэн, Хөвсгөлчүүдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм. Аяны хүрээнд уламжлал ёсоор зорилтот бүлгийн иргэдийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг шинжилгээнд хамруулж, олон нийтэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг мэдээлэл олгох, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулах ажлыг зохион байгуулна. Өнгөрсөн хугацаанд Хөвсгөл аймагт тус аян 5 удаа хэрэгжиж байсан бөгөөд энэ жил 6 дахь жилдээ хэрэгжиж буйд аймгийн ард иргэд тун их талархаж, тэдний хүсэн хүлээдэг аян болтлоо танигджээ. “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг найман жилийн турш хэрэгжүүлэхдээ хавдрын өвчлөлийг бууруулахад бодитой хувь нэмэр оруулаад зогсохгүй төрөөс анхаарлаа хандуулах түвшинд ач холбогдлыг нь олон нийтэд таниулж  чадсан нь энэхүү аяны хамгийн том үр дүн гэж зохион байгуулагчид онцолж байлаа. 

 

Хөвсгөл аймгийн хувьд сүүлийн 5 жилийн байдлаар 1316 хорт хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж, хорт хавдраас үүдэлтэй 1017 хүн нас барсан байна. Ерөнхийдөө Хөвсгөл аймаг 100,000 хүн амд ногдох зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлөөр 12-т жагсаж байгаа бөгөөд элэг, ходоод, уушигны өмөнгийн өвчлөл нь улсын дунджаас өндөр үзүүлэлттэй байдаг аж.

 

 

Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлж чадвал бүрэн эмчлэгдэх боломжтой бөгөөд аяны үзлэг оношилгоогоор хавдрын эхний үе шатандаа оношлогдон цаг алдалгүй эмчилгээ хийлгэн эрүүл саруул болсон иргэд олон байдаг билээ. Энэ жилийн хувьд “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы сүүлчийн зогсоол Хөвсгөл аймаг бөгөөд 6-р сарын 17-ноос эхлэн 5 хоногийн турш эмч нарын баг тус аймагт ажиллах юм.

 

Энэ дашрамд дурдахад, өнгөрсөн найман жилийн хугацаанд  аяны багийнхан 72,440 км зам туулан Монгол орны өнцөг булан бүрт хүрч ажилласан бөгөөд нийт 120 мянга гаруй иргэнийг хавдраас урьдчилан сэргийлэх цогц үзлэг оношилгоонд үнэ төлбөргүй хамруулан, 596 яаралтай мэс ажилбар хийж, амьдрал бэлэглэсэн юм. Мөн тус аяны хүрээнд 10,000 гаруй эмч мэргэжилтнийг сургалтад хамруулсан байна. Аяныг хамтран хэрэгжүүлэгч, ХААН Банк Сангийн хувьд өнгөрсөн хугацаанд 1.1 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт үзүүлээд зогсохгүй, аяныг хэрэгжүүлэх бүхий л зохион байгуулалтад хамтран ажиллаж, орон нутгийн 2,700 гаруй ажилтнаа эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн болгож бэлтгэн, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг олон нийтэд түгээгээд байна.

 

Та, бид хавдраас урьдчилан сэргийлж чадна!

Shuud.mn
Сонин хачин