Вашингтон Иранаас болж Ойрхи Дорнод руу 1000 цэрэг илгээхээр боллоо 
2019-06-18

Ойрхи Дорнод руу дахин 1000 цэргийн албан хаагч илгээхийг АНУ-ын Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгч Патрик Шанахан дэмжсэн талаар Пентагоны албан ёсны цахим хуудсан дээр мэдээлжээ. 


Энэ шийдвэр нь Оманы буланд газрын тос тээвэрлэгч хөлөг онгоцууд руу халдсан хэрэгт Ираныг буруутгаж байгаатай холбоотойгоор гарсан бөгөөд цэргүүдийг “батлан хамгаалах зорилгоор” илгээж байгаа талаар Пентагон мэдэгдсэн байна. 


“АНУ Ирантай зөрчилдөхийг хүсэхгүй. Бүс нутаг даяар ажиллаж байгаа манай цэргийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, түүнчлэн үндэсний ашиг сонирхлыг хамгаалахын тулд нэмэлт арга хэмжээ авч байна” хэмээн мэдэгдэлд онцолжээ. 


Энд дуулгахад, Вашингтон Ираны цөмийн хөтөлбөрийн нэг объект руу хязгаарлагдмал цохилт хийхээр төлөвлөж байгаа талаар НҮБ-ын дэргэдэх барууны дипломатуудаас авсан эх сурвалжтайгаар Jerusalem Post зургаадугаар сарын 17-ны өдөр мэдээлсэн юм. Түүнчлэн АНУ Ойрхи Дорнод дахь цэргийн хүчээ нэмэгдүүлж, энэ бүс нутаг руу дахин цэрэг илгээхээр төлөвлөж байгаа талаар мэдээлж байлаа. 


Эргэн сануулахад, өнгөрсөн долоо хоногт Оманы буланд газрын тос тээвэрлэж явсан хоёр онгоц руу торпедоор буудан, халдсан хэрэг гарсан. Энэ хэрэгт Америк Ираныг буруутгасан юм. Харин Иран улс үүнийг няцаан, Японтой хийх хэлэлцээрийг тасалдуулан, Ираны эсрэг эдийн засгийн терроризмоо халхлахын тулд ийнхүү хийгээгүй хэрэгт буруутгаж байна хэмээн мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн 

 

Танкерын дайн: АНУ, Иран нэгнээ буруутгаж байна 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Баттогтох:
Юун Иранаас болж байхдаа яахавдээ Трампын түрэмгийлэлийн бодлого л байхгүй юу
2019-06-18