АНУ, БНСУ-ын тусгай төлөөлөгчид Солонгосын хойгийн асуудлыг хэлэлцэнэ 
2019-06-18

Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдлын асуудал хариуцсан Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгч Ли Ду Хун зургаадугаар сарын 18-ны мягмар гаригт ажлын айлчлал хийхээр АНУ-ыг зорьжээ.

Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамны мэдэгдснээр, тэрбээр лхагва гаригт Вашингтон хотод болох Алтлантын зөвлөлийн хуралд оролцон, БНАСАУ-ыг хариуцсан АНУ-ын тусгай төлөөлөгч Стивен Бигэнтэй уулзах юм байна. 


Эх сурвалжийн мэдээлснээр, энэ уулзалтын үеэр Солонгосын хойг дахь нөхцөл байдлын талаар ярилцаж, цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээрийг БНАСАУ-тай дахин хийхэд  зориулагдсан хамтын ажиллагааны арга замуудыг хэлэлцэх гэнэ. 


Энэ уулзалтын гол зорилт нь Вашингтон болон Пхеньяны хэлэлцээрийг сэргээх явдал гэдгийг Ли Ду Хун онцлоод “хэлэлцээрийн ширээний ард эргэн суух нь өнөөдөр урьд өмнөхөөс илүүтэй чухал байна. Бид Америкийн түншүүдийн хамт ийм байр суурьтай байгаа бөгөөд энэхүү зорилгод хүрэхийн тулд дипломат бүхий л хүчин чармайлтыг гаргана” гэж мэдэгджээ. 


Энд дуулгахад, хоёр тусгай элчийн уулзалт Солонгосын хойгийн хувьд нэн чухал улс төрийн үйл явдлуудын өмнө болж байгаагаараа онцлогтой. 


Тодруулбал, ирэх пүрэв гаригт БНХАУ-ын дарга Ши Жинпин анх удаа БНАСАУ-д айлчлах бол , долоодугаар сарын сүүлээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Өмнөд Солонгост айлчлах юм.

 
Эргэн сануулахад, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох хэлэлцээр энэ оны хоёрдугаар сард зогсонги байдалд орсон. Учир нь энэ үед БНАСАУ-ын тэргүүн Ким Жон Ун болон АНУ-ын Ерөнхийлөгч Трамп нар Ханойн дээд хэмжээний уулзалтын дүнгээр цөмийн зэвсэггүй болгох болон Хойд Солонгосын эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлах талаар тохиролцоонд хүрч чадаагүй юм. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин