СБД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шинэ байртай болно
6-18

 

 

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хариуцсан 1-9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт төр захиргаа, соёл, боловсрол, эрүүл мэнд, шинжлэх ухааны төв байгууллагууд, улс төрийн нам, олон улсын болон томоохон аж ахуйн нэгж байгууллага, их дээд сургуулиуд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг төвийн дүүрэг бөгөөд хэлтсийн барилга нь 1961 онд ашиглалтад орж барилгын ашиглалтын хугацаа дууссан, үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байсан юм.

 

Иймд Цагдаагийн байгууллагын зорилго, зорилтын хүрээнд алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл, боломжийг хангах зорилгоор тус хэлтсийн шинэ байрыг барихаар төлөвлөн /2019.06.17/ шинэ барилгын шавыг тавьж, барилгын ажлыг эхлүүллээ.

 

 

Шав тавих ёслолд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, ЦЕГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, ЦЕГ-ын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, тус хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваазул болон бусад албаны хүмүүс оролцлоо.

 

 

Тухайн барилга нь орчин үеийн шийдэл бүхий хотын өнгө үзэмжид нийцсэн, цаашид жишиг болохуйц томоохон бүтээн байгуулалт болох бөгөөд зоорийн давхартай нийт 6 давхар барилгын гүйцэтгэгчээр “Ширээт баян” ХХК ажиллах юм.

 

Барилгыг энэ оны 12 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч байгууллага ажиллах бөгөөд Цагдаагийн байгууллагын алба хаагчдын ажиллах аятай таатай орчин бүрдэж, цагдаагийн байгууллагаас ард иргэдэд үзүүлэх ажил, үйлчилгээ сайжирна гэдэгт итгэлтэй байна.

Shuud.mn
Сонин хачин