Гялгар уутыг хориглосон ТОГТООЛ хаачив?!
2019-06-19

Хэдхэн сарын өмнө л нийлэг уутны хэрэглээг хязгаарлаж, орлох бүтээгдэхүүн хомс байгаад ард иргэд бухимдаж байв. Харин өнөөдөр хаа саагүй гялгар уут худалдсан, хэрэглэсэн хүмүүс.

 

Өдрийн 15 цагийн үед 13 дугаар хороололд байрлах “НОМИН Хайпермаркет”-ийг зорилоо, гялгар уутнаас татгалзсан эсэхийг тодруулахаар.  Зүүн 4 замын автобусны буудлаас Номин руу явах замд 100-ийн торонд хүнсээ хийсэн олон хүн зөрсөн нь хэн нэгнээс асууж тодруулах шаардлагагүйг илтгэнэ. Товчхондоо гялгар уутнаас хэн ч татгалзсангүй, тогтоол хэрэгжсэнгүй.

 

“НОМИН Хайпермаркет”-ийн II давхарт байрлах Terranova хувцасны хэсэгт үйлчлүүлэгчид худалдаж авсан бараа бүтээгдэхүүнээ тэдний нэрийн шошготой уутанд хийжээ. Бас улаан, цэнхэр судалтай гялгар уутыг барьсан хүмүүс ч цөөнгүй. Худалдагчаас нь гялгар уутыг орлох өөр бүтээгдэхүүн байгаа эсэхийг лавлахад “Өөрсдийн гэсэн шошготой уутыг хэрэглэх нь хүмүүст илүү хялбар байдаг, манай тор харьцангуй зузаан учраас  тэр гялгар уутны хязгаарлалтыг зөрчөөгүй. Харин иргэд худалдаж авсан бараагаа өөр торонд хийх тохиолдол цөөнгүй гардаг. Тэр нь эрээн нимгэн эсвэл нэг удаагийн гялгар байдаг” гэсэн тайлбарыг өглөө.

 

 

Нэгдүгээр давхарын хүнсний хэсэг ч ялгаагүй, гялгар торны хэрэглээг хязгаарласангүй. Ууттай чихэр, боорцог, том савлагаатай ундаа, хүүхдийн тэжээл зэрэг зүйлийг нэг торонд багтаасан эмэгтэйгээс яагаад даавуун тор худалдаж авахгүй байгааг  асуухад “Даавуун уут үнэтэй, гэр ойрхон  болохоор эгч нь ажрах үгүй. Гялгар уутны хэрэглээг хориглосон юм бол оронд нь хэрэглэх зүйлийг хямд өгөх хэрэгтэй. Үнэгүй ч өгсөн яадаг юм” гэсээр дэлгүүрээс гарлаа.

 

Үнэхээр гялгар уутыг орлох уут ховор, сонголтгүйгээс гадна үнэтэй нь үнэн. Номин дэлгүүрт гэхэд даавуун тор 4000 төгрөгийн үнэтэй байна. Жижиг супермаркетуудад 2500-3500 төгрөгийн үнээр зарагддаг.

 

“Номин”-оос гараад тус дүүрэгт байрлах “Сансар” хүнс худалдааны сүлжээ дэлгүүрээр орлоо. Мөн л адил шошго нь л өөр болохоос гялгар тортой үйлчлүүлэгч олонтаа. Кассан дээрх худалдагчаас гялгар торыг хязгаарласан байхад яагаад зарсаар байгаа тухай асуухад “Бидэнд орлуулаад үйлчлүүлэгчид өгөх уут хомс байна. Даавуун торыг бол иргэд манайхаас авах боломжтой ч гялгар торгүйгээр үйлчилгээ үзүүлэх боломжгүй байна. Хүмүүс даавуун тор гэхээсээ илүү гялгар уутыг хямд гээд илүү сонгодог” гэсээр борлуулалтын ажлаа үргэлжлүүлэв.

 

Эндээс гялгар уутыг хориглосон тогтоол хэрэгжихгүй байгааг харж болно. Нимгэн, зузаанаас нь хамаарч үйлчлэх энэ тогтоол бүхэлдээ хэрэгжихгүй, мартагдах хэмжээнд хүрснийг нуух шаардлагагүй. Харин албаны хүн гялгар уутны хэрэглээ багассан гэсэн тайлбарыг өгч байна.

 

 

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын мэргэжилтэн А.Оюун “Бид гялгар уутны нимгэн, зузаан дээр л хязгаарлалт хийсэн болохоос бүх гялгар уутыг хориглоогүй. Үүнийг хүмүүс мэдэхгүй байна. Хэрэв тогтоолд заасны дагуу 0.035 мм болон түүнээс нимгэн нэг удаагийн уутыг иргэд, ААН ашиглаж байгаа бол бид биш мэргэжлийн хяналт, ХХААХҮЯ хяналт шалгалт хийж, арга хэмжээ авах ёстой.

 

Гэхдээ тогтоол гарлаа гээд хүмүүс шууд гялгар уутыг хэрэглэхээ болихгүй. Одоо харьцангуй хэрэглээ нь багассан гэж бид харж байна. Хэрэгжилт аажмаар үр дүнгээ өгсөөр байна. Хэрэглэгч даавуун тор худалдаж авч чадахгүй бол хайрцагийг хэрэглэх боломжтой” гэсэн тайлбарыг өгч байна.

 

Тэгэхээр гялгар уутыг хориглосон Засгийн газрын тогтоол шууд хэрэгжинэ, хэрэгжүүлнэ гэж хүлээх хэрэггүй аж. Нэг үгээр хэлбэл хууль дүрэм хэрэгжүүлэгч төрийн байгууллага иргэдэд найдаад сууж буй бололтой. Дэлгүүрүүд зарж байгаа бол иргэн мөнгөө төлөөд худалдаж авна. Харин дэлгүүрт хориглож, зарахаа больчихвол иргэн байхгүй зүйлийг нэхэхгүй нь мэдээж биз. Ямартай ч сүржин эхэлсэн гялгар уутыг хориглосон тогтоолын хэрэгжилт даржин байна.   

 

О.Төгөлдөрмаа

Shuud.mn
Сонин хачин
зочин:
монголын хууль 3 хоног гэж. хууль гэж гууль болжээ. худлаа попорсон л юм байна.
2019-06-19