Индонез нийслэлээ шилжүүлнэ 
2019-06-19

 

Индонезийн эрх баригчид хүн ам шигүү суурьшсан Жакарта хотоос өөр хот руу нийслэлээ шилжүүлэхээр шийджээ. Энэ ажил 2021 онд эхэлнэ гэж Индонезийн Үндэсний хөгжлийн төлөвлөлтийн сайд Бамбанг Брожонегоро мэдэгдснийг Синьхуа агентлаг  дамжууллаа. 


“Бид 2021 онд бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ. Нүүлгэн шилжүүлэх явц 2024 он гэхэд дуусна гэж найдаж байна хэмээн тэрбээр мэдэгджээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр шинэ нийслэл тус улсын төв хэсэгт байх Калимантан арал дээр байгуулагдах бөгөөд нийслэлийг шилжүүлэх өртөг 32,5 тэрбум ам.доллар гэж төлөвлөсөн байна. 


Энд дуулгахад, Жакартагийн дэд бүтэц хуучирсны улмаас нийслэлийг шилжүүлэх саналыг Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр гаргажээ.  

 

Uber компанийн хийсэн судалгаагаар энэ хотод машинтай хүмүүс жилийн 22 өдрийг түгжрэлд өнгөрүүлдэг нь Азидаа маш өндөр үзүүлэлт юм. Мөн Inrix компанийн гаргасан илтгэлд дурдснаар Индонезийн нийслэл дэлхийн хамгийн их ачаалалтай мегаполисын жагсаалтанд 12 дугаар байранд оржээ. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин