Трамп, Ши Жинпин нар G20-ийн хүрээнд уулзана 
2019-06-20

 

Японы Осака хотод болох Их 20 –ийн дээд хэмжээний уулзалтын хүрээнд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин болон БНХАУ-ын дарга Ши Жинпин нартай уулзана гэж  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. 


Тэрбээр энэ тухайгаа Фокс Ньюс агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр онцолсон байна. 


Ярилцлагын үеэр хөтлөгч “Орос болон Хятадын төрийн тэргүүнтэй харилцах харилцааны хэтийн төлвийн талаар ямар бодолтой байгаа” талаар асуухад  “Би Оростой нөхөрлөх хүсэлтэй, энэ хүсэл ч биелнэ гэж бодож байна. Ирэх долоо хоногт Японд болох Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёулантай нь /Путин болон Ши Жинпинтэй/ уулзана” хэмээн Трамп хариулжээ. 


Өдгөө худалдааны сөргөлдөөн зэрэг нөхцөл байдлын улмаас сайнгүй харилцаатай байгаа АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, яриа хэлэлцээр хийнэ гэсэн мэдээлэл өмнө нь гарч байлаа. Зургаадугаар сарын 18-ны өдөр Трамп Твиттер хуудсандаа энэ талаар мэдээлсэн бөгөөд Их 20-ийн дээд хэмжээний уулзалтаас ч өмнө хоёр талын төлөөлөгчид уулзан, худалдааны шинэ хэлэлцээр хийхэд бэлэн болсон талаар онцолж байв.


Энд дуулгахад, Их 20-ийн дээд хэмжээний уулзалт зургаадугаар сарын 28-29-ний хооронд Японы Осака хотноо болно. Дээд хэмжээний уулзалтад оролцохоор дэлхийн улс орнуудын тэргүүнүүд , төлөөлөгчид болон хэвлэл мэдээллийнхэн гээд 30 орчим мянган хүн Осака хотод ирэх юм байна. Тиймээс эдгээр зочдын аюулгүй байдлыг хангах үүднээс Осака хотод 25 мянган цагдаа бэлэн байдалд ажиллахаар болжээ. 


Мөн дээд хэмжээний уулзалт зохион байгуулахтай холбоотойгоор хотод тээврийн хөдөлгөөнд хязгаарлалт хийж, томоохон төмөр замын өртөөнүүд дээр тээш хадгалах хэсгийг ашиглахыг хориглон, Осака хотын галт тэрэгний төв буудал болон дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдах дүүргийн гудамжнуудаас бүхий л хогийн цэгүүдийг зайлуулжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин