Шинэ Зеланд иргэдээсээ зэвсэг худалдан авна 
2019-06-20

Шинэ Зеландын Засгийн газар иргэдээсээ зэвсэг худалдан авахаар болжээ. Тодруулбал, 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Крайстчерч дэх сүмд халдлага болсны / хоёр сүмд гэмт этгээдүүд халдаж, нийтдээ 52 хүний амь хөнөөсөн/ дараа тус улсад хагас автомат буу эзэмшихийг хориглосон юм. Тиймээс энэ төрлийн бууг оршин суугчдаасаа худалдан авах кампанит ажил өрнүүлж, үүнд 130 гаруй  сая ам.доллар зарцуулахаар болсон гэж тус улсын цагдаагийн сайд Стюарт Нэш мэдэгдснийг “Нью Зиленд геральд” сонин дамжуулжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр хэдэн зуун төрлийн зэвсэг, сумны магазин болон бусад дагалдах хэрэгслүүдийг худалдан авах зорилгоор 123 сая ам.долларыг төсөвт тусгасан бол зэвсэг хураах ажиллагааг зохион байгуулахад 11,6 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ. 


Энэ ажлын хүрээнд худалдан авах зэвсгийн төрлийн жагсаалтыг нийтлэх бөгөөд зэвсгүүдийг зах зээлийн үнийх нь 95 хүртэлх хувьтай тэнцэх үнийн дүнгээр худалдан авах юм байна. Нөхөн төлбөрийн хэмжээ зэвсгийн ашиглалтын байдлаас хамаарахын дээр гагцхүү шаардлагатай зөвшөөрлийн дагуу буу эзэмшиж байсан хүмүүст л нөхөн төлбөр олгох аж. 


Шинэ Зеландын оршин суугчдаас зэвсэг хураах ажиллагаа ирэх сарын дундаас эхлэн 12 дугаар сарын 20 хүртэл үргэлжилж, дараа нь цугларсан зэвсгийг устгалт оруулна гэж эх сурвалж мэдээлжээ. 


Энд дуулгахад, 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Шинэ Зеландын эрх баригчид галт зэвсгийн хуулийг чангатгаж байгаа талаар мэдэгдснээс хойш иргэд 672 зэвсгийг цагдаагийнханд хүлээлгэн өгсөн байна. 


Түүнчлэн 5 мянга орчим иргэн зэвсгээ хураалгахад бэлэн байгаа тухайгаа тусгай цахим хуудсаар дамжуулан мэдэгджээ. Одоогийн байдлаар тус улсад 14,3 мянган хүн галт зэвсэг эзэмшдэг гэсэн бүртгэл байдаг юм байна. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин