Хонгконг: Оюутнууд эрх баригчдад нөхцөл тулгав 
2019-06-20

 

Хонгконгийн орон нутгийн захиргааны тэргүүн Кэрри Лам сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг түр хугацаанд зогсоох биш харин нэг мөр татгалзахгүй бол  оюутны нэгдлүүд болон залуусын хөдөлгөөн дахин эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэж мэдэгджээ. 


Тэд өнөөдөр буюу зургаадугаар сарын 20-ны 17:00 цаг хүртэл Кэрри Лам хуулиас татгалзсан тухай мэдэгдэл хийхгүй бол засгийн газрын байрны өмнө дахин олныг хамарсан жагсаал зохион байгуулна гэсэн шаардлага тулгажээ. 


Түүнчлэн эсэргүүцлийн жагсаал дээрээс баривчлагдсан хүмүүст шийтгэл ноогдуулахгүй байх, зургаадугаар сарын 12-ны өдөр цагдаагийнхан жагсагчдын эсрэг резинэн сум, нулимс асгаруулгч хий ашигласан явдлыг мөрдөн шалгахыг шаардсан байна. 


Энд дуулгахад, Хонгконгийн захиргааны тэргүүн БНХАУ руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг батлахтай холбоотойгоор  хямрал үүссэнд олон нийтээс хоёронтоо уучлалт гуйсан. Мөн энэхүү хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж байгаагаа мэдэгдсэн ч жагсагчид энэ хуулиас бүрэн дүүрэн, нэг мөр татгалзахыг шаардаж байгаа юм. 


Эргэн сануулахад, БНХАУ-ын хууль тогтоомжийг зөрчсөн этгээдүүдийг шүүхээр оруулахын тулд эх газрын Хятад руу шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн олон нийтийн эсэргүүцэл зургаадугаар сарын 9-ний өдрөөс эхлэсэн. Өнгөрсөн ням гаригт Хонгконгд түүхэн дэх хамгийн том жагсаал болж, үүнд Хонгконгийн 7 сая хүн амын 2 сая орчим нь оролцжээ. 

 

Г.Бямбасүрэн 

Shuud.mn
Сонин хачин