Сэрэмжлүүлэг: Дахин нэг залуу усны ослоор хорвоог орхилоо
2019-06-25
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн өдрүүдэд халуун нар хэд хоногоор үргэлжлэн төөнөж, гол ус зорих иргэдийн тоо эрс нэмэгджээ. Улмаар өнгөрөгч амралтын өдрөөр таван ч хүн усны ослоор амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарсан байна. 

 

Гэтэл өчигдөр /2019.06.25/ мөн л 22 настай залуу усны ослоор хорвоог орхижээ. Тодруулбал Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд Туул голын усанд хүн живсэн тухай дуудлага тухайн өдрийн 19:12 цагт Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын  Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 10 км замыг туулан 19:27 цагт очиж Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны харьяат иргэн Д /22 настай, эрэгтэй/-ийн цогцсыг уснаас гаргаж тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

 

Томчууд азгүй, санамсаргүй, болгоомжгүйгээс болоод амь насаа алдах тохиолдол элбэг. Урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан амралт, зугаалганд ихээр явдаг. Найз нь тоглоод нөгөөгөө ус руу түлхчихдэг. Сэлж чадахгүйн улмаас тоглоом нь "шоглоом" болж, найз нь амь эрсдэх явдал ч бийг Онцгой байдлын албаныхан хэлсэн. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ усанд сэлэх оролдлого хийдэг. Харамсалтай нь ийм бодлогогүй үйлдлийн хариуг амиараа төлөх нь элбэг аж. Усанд живж амиа алдсан иргэдийн ихэнх нь буюу 90 хувь нь архидан согтуурсан үедээ осолддог байна. 

 

Иймд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэдий сайн сэлдэг ч гэсэн усанд орохгүй байх нь зөв. Хүчтэй аадар бороо энэ сарыг дуустал орох төлөвтэй байгаа. Тиймээс амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ, гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх,бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх,тээврийн хэрэгслийн жолооч нар баталгаатай зам,гүүрээр зорчиж гол усанд унах,осолдох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Нийслэлийн Онцгой байдлын газрын гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй онцгойлон анхааруулсан юм. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин