АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөн орон нутагт хүчээ авчээ
2019-06-26

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч буй намынхаа гишүүдтэй уулзалт зохион байгуулж эхэлжээ. Тэд зургадугаар сарын 21-нд Төв аймгийн Ардчилсан намын гишүүдтэй анхны уулзалтаа хийсэн байна. Уулзалтад 200-гаад хүн оролцож намынхаа дотоод асуудлуудаар санал бодлоо солилцож чөлөөтэй ярилцсан аж. Төв аймгийн Ардчилсан намын гишүүд “Яаж Ардчилсан намын даргыг солих вэ?”, “С.Эрдэнийг хэрхэн огцруулах вэ?” гэдэг асуудлыг л голлон ярьжээ. Ингэхийн тулд Ардчилсан намын Онц их хурлыг хуралдуулах ёстой. Тиймээс Төв аймгийн Ардчилсан намын гишүүд Онц их хурлыг хуралдуулахын тулд гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулъя гэсэн санал санаачилга гаргасан байна.

 

Түүнчлэн орон нутагт Ардчилсан намын хүчирхэг, мэдлэг, чадвартай олон лидер байхад Төв аймгийн Ардчилсан намын даргаар Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч  Л.Төмөрчөдөр гэгчийг төв намаас  шууд томилсныг эгэл жирийн гишүүд эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Аймгийн Ардчилсан намын гишүүд нь өөрсдөө сонгох ёстой. Гэтэл гишүүдээс нь санал огт аваагүй аж.

 

Баянгол дүүргээс С.Эрдэнийн татаасаар Төв аймгийн Ардчилсан намын даргаар сонгогдсон Л.Төмөрчөдөр ажлаа авангуутаа шууд тушаал гаргаж сумдын Ардчилсан намын дарга нарыг сольжээ. Сумдын Ардчилсан нам буюу анхан шатны нэгжийн дарга нар мөн л гишүүдээсээ санал авч сонгогдох ёстой. Энэ дүрэм Төв аймгийн Ардчилсан намд огт хэрэгжээгүй аж. Ийнхүү хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэгчээр Баянголоос ирсэн тавиул дарга Төв аймгийн Ардчилсан намын анхан, дунд шатныхныг самарч эхэлжээ. 

 

Дундговьчууд Шинэчлэлийнхнийг талархан угтжээ

 

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн энэ сарын 22-нд Дундговь аймагт ажиллажээ. Дундговийн ардчилагчид “Ардчилсан намын дарга С.Эрдэнийг ирэхэд бид хөөгөөд явуулсан, харин та нарыг тосож угтлаа. Та нарыг дэмжиж байна. Шударга, зөв энэ тэмцэлдээ ялалт байгуулаарай” хэмээн Шинэчлэлийн хөдөлгөөнийхнийг талархан хүлээн авсан байна. Дундговийн Ардчилсан нам унтаа байгааг гишүүд нь юуны өмнө хэлж байжээ. Учир нь тус аймгийн Ардчилсан намын байр жилийн дөрвөн улиралд хаалттай, цоожтой байдаг гэнэ. Өвөл нь халаалтгүй тул хүн байх суух аргагүй гээд цоожилчихдог аж. Зуны дэлгэр цагт харин ямар шалтгаанаар намынхаа байрыг дангинатал цоожлоод алга болдгийг гишүүд нь ойлгохгүй байгаа гэнэ.

 

Дундговьчууд мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнийг огцруулахын тулд Онц их хурал зарлан хуралдуулахаар гишүүдийнхээ гарын үсгийг цуглуулахаар болжээ.

 

Гишүүдээ доромжилдог намын даргаасаа сална

 

Архангай аймагт Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхний гурав дахь уулзалт энэ сарын 25-нд болсон байна. Арын сайхан хангайн Ардчилсан намын гишүүдийн хөндөж тавьж байгаа асуудал, санал, шүүмжлэл өмнөх хоёр аймгийнхтай яг адилхан байж. Тухайлбал, аймгийн намын дотоод асуудалд төв намаас хэт их оролцож, гишүүдийн сонгох эрхэнд халдаж байгааг олон хүн хэлжээ. Мөн гишүүдийнхээ идэвх, оролцоог дэмждэггүй, уулзалт, хурал дээр үг хэлж,  асуулт асуухаар гишүүдээ дайрч доромжилдог гээд С.Эрдэнийн зан авир, ёс зүй, дүрмийн бус үйлдлийн талаар Ардчилсан намын эгэл жирийн гишүүд баримт жишээтэй ярьж, шүүмжлэлтэй хандаж байжээ.

 

С.Эрдэнийг нутгийн хүн гээд дэмжсэндээ харамсч байгаагаа ч Архангайн Ардчилсан намын гишүүд нуугаагүй аж. Тиймээс тэд С.Эрдэнийг яаралтай огцруулахын төлөө хүчээ нэгтгэнэ, Шинэчлэлийн хөдөлгөөнийхнийг дэмжихээ  илэрхийлсэн байна.

 

Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөнийхөн өнөөдөр буюу зургадугаар сарын 26-нд Баянхонгор аймгийн Ардчилсан намын гишүүдтэй уулзалт зохион байгуулж байгаа ажээ. Цаашид энэхүү уулзалт орон даяар үргэлжилнэ. Эхний гурван аймгийн Ардчилсан намын гишүүдтэй хийсэн уулзалтаас харахад тус намын эгэл жирийн гишүүд С.Эрдэнэ тэргүүтэй намынхаа удирдлагад итгэл алдарсан бөгөөд тэднийг яаралтай огцруулахыг хүсч буй ажээ. Дээрх аймгуудын Ардчилсан намын гишүүд Ардчилсан намын Онц их хурлыг хуралдуулах, ингэхийн тулд гишүүдийн гарын үсгийг цуглуулах аяныг эхлүүлье гэдэгт санал нэгдсэн байна. Ийнхүү Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөн орон нутагт хүчээ авчээ.

Б.Дорж

 

Shuud.mn
Сонин хачин
ТУНГААЖ БОД:
ЭРДЭНЭ БОЛ СУНГААГААР ШУДАРГААР СОНГОГДСОН ХҮН ШҮҮ ДЭЭ. НАМЫГ ЧАДЛЫНХАА ХИРЭЭР САЙН Л УДИРДАЖ БАЙНА
2019-06-26