Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсэг хуралдав
2019-06-26

 

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай” Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолыг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр баталсан. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж байна. Энэхүү ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд 6 дэд хэсэг ажиллаж байгаа юм. 

 

    Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд хэсгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан ахлан ажиллаж байгаа бөгөөд тус дэд хэсэг өнөөдөр (2019.06.26) хоёр дахь удаагаа хуралдав. Дэд хэсэгт шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн доктор Ц.Цогт, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч Ч.Энхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг нар ажиллаж байна. 

 

    Дэд хэсгийн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийн үеэр шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн талаар Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан санал нэг бүрийг хэлэлцлээ. 

 

    Монгол Улсын Үндсэн хуульд 4 багц сэдвийн хүрээнд 20 зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөлд тусгагдсан юм. Үүнээс шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд дараах асуудлыг тусгасан. Үүнд: 

 

1.Хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, 30 нас хүрсэн иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр, тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан иргэнийг давж заалдах шатны шүүхийн шүүгчээр, хууль зүйн дээд боловсролтой, хуульчийн мэргэжлээр 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр томилохоор өөрчлөн найруулав.

2.Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, хорин нэгэн шүүгчээс бүрдэхээр зааж, уг шүүхийн шүүгчийг 12 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилохоор өөрчлөв. 

3.Бүх шатны шүүхийн шүүгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл томилж,  Ерөнхийлөгчид батламжлуулахаар хүргүүлэх, Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах, эсхүл Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл батламжлахаас татгалзаж үндэслэлээ нийтэд мэдээлэх, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилохдоо томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ Улсын Их Хуралд танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шинэчлэн найруулав.

4.Бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчдийн дотроос нийт шүүгчийн олонхын саналаар гурван жилийн хугацаагаар сонгох, ерөнхий шүүгчийг тухайн шүүхэд нэг удаа улируулан сонгож болохоор өөрчлөв.

5.Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тоог 10 болгон нэмэгдүүлж, Ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүн дэх зохистой төлөөллийг шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэдээс тэнцвэртэй бүрдүүлж, дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулахаар тусгана. Шүүгчдээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг сонгохдоо нэгийг хяналтын шатны шүүхийн шүүгчдээс, нэгийг давж заалдах шатны шүүхийн шүүгчдээс, гурвыг анхан шатны шүүхийн шүүгчдээс тус бүр дундаасаа сонгохоор тусгав. 

6.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус-гишүүдийг нэр дэвшүүлж, Улсын Их Хурал хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилохоор заав.

7.Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхын саналаар сонгож, зөвлөл шийдвэрээ нийт гишүүний олонхын саналаар гаргахаар тусгав. 

8.Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад шийтгэл ногдуулах, чөлөөлөх шийдвэрийг Шүүгчийн хариуцлагын зөвлөл гаргахаар нэмнэ. Зөвлөл нь шүүн таслах ажлын туршлагатай хуульч, хууль зүйн эрдэмтэн, нэр хүндтэй иргэдийн тэнцвэртэй төлөөлөл бүхий есөн гишүүнтэй, зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллаж, тус зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо нэр дэвшүүлж, нийт гишүүний олонхийн саналаар сонгохоор нэмэв.

9.Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн иргэнийг томилгооны сонсгол хийсний үндсэн дээр Улсын Их Хурал нийт гишүүний олонхын саналаар томилохоор өөрчлөв. 

10.Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг есөн жилийн хугацаатай нэг удаа томилох, дахин томилохыг хориглохоор өөрчлөхөөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгасан юм.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин