Б.Отгонсүх даргын “лүндэн” одоо ч хэрэгжиж байна
6-27

 

НИТХ-ын төлөөлөгч Б.Отгонсүх 2019 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдсон.

 

Түүнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1702001240022 дугаартай хавтаст хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан байдаг юм.

 

Учир нь Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобуснуудад хянагч нар ажиллуулж, зорчигчдын карт уншуулж байгаа эсэх, жолооч цагийн хуваарийн дагуу явж байгаа эсэхэд хяналт тавихад зориулж 2017 онд шууд гэрээгээр “Сити баз консалтинг” ХХК-д 1.8 тэрбум олгосон байна. Ингэхэд нь тухайн үед НИТХ-ын төлөөлөгч байсан Б.Отгонсүх нөлөөлөл үзүүлсэн тухай хавтаст хэрэгт байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн.

 

Энэ хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас тэдэнд яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Харин Б.Отгонсүх шүүхээс ямар нэг ял, зэм хүртээгүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн үед АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс “Сити баз консалтинг” ХХК нь Б.Отгонсүхийн дэмжлэгээр шууд гэрээ байгуулж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мөнгө гаргасан. Үүнийг дагаад авлигын асуудал яригдсан гэж буруутгасан байгаа юм.

 

Гэтэл Нийтийн тээврийн үйлчилгээний газраас “Сити баз консалтинг” ХХК нь үргэлжлүүлээд 2018 онд 4.2 тэрбум төгрөг, 2019 оны  нэгдүгээр сард 528.252.745 төгрөг, хоёрдугаар сард 456.172.019 төгрөг, гуравдугаар сард 522.832.888 төгрөг, тавдугаар сард  564.738.326 төгрөг авчихсан байна. Сар бүр хагас тэрбум төгрөг гэсэн үг шүү дээ. Хамгийн сүүлд тавдугаар сар хүртэл энэ мөнгийг авчихсан баримт нь бидэнд байна. Гэсэн атлаа энэ компани автобусанд хяналт тавьдаг хүмүүстээ сүүлийн гурван сарын цалинг нь өгөөгүй байжээ. Энэ сарын 21-ний өдөр ажилтнууд нь НЗТГ-ын үүдэнд цалингаа нэхэж жагсаал хийсэн байна.

 

Ингэж “хэл ам” хийснийх нь дараа “Сити баз консалтинг” ХХК-иас дөрөвдүгээр сарын цалинг нь хагаслан олгосон байгаа юм.

 

Асуудал ингээд зогсоогүй. 2017 оноос хойш сар бүр хагас тэрбум төгрөг авсаар ирсэн “Сити баз консалтинг” ХХК-ийнхан ажилчдынхаа нийгмийн даатгалыг хагас дутуу төлдөг гэсэн мэдээлэл бас бий. 2018 оны есдүгээр сараас хойш автобусанд хяналтын ажилтны үүрэг гүйцэтгэж ирсэн хүмүүсийн нийгмийн даатгал дээрх хугацаанаас хойш бөглөгдөөгүй гэсэн үг.

 

Үүнээс гадна тус компанийнхан хяналтын ажилтнуудтай бүтэн жилээр хөдөлмөрийн гэрээ байгуулдаг байснаа энэ жил “…Сонгон шалгаруулалт хүртэл” гэсэн тодотгол тавьж хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.

 

Эндээс үзвэл сүүлд Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга болсон Ч.Сайханбаяр ч Б.Отгонсүхийн “зарлиг”-ийг үргэлжлүүлж, “Сити баз консалтинг” ХХК-тай шууд гэрээгээр хамтран ажилласаар байгаа бололтой.

 

Нөгөөтэйгүүр, Нийтийн тээврийн үйлчилгээний газраас автобусаар зорчигчид картаа уншуулж байгаа эсэх, автобусны жолооч маршрутаараа явж байгаа эсэхийг хяналтын ажилтан тавьж байгаад хараандаа байлгах зохицуулалтыг хийж, хөрөнгө санхүүгээ гаргасан байна. Харин тэрхүү ажлыг нь гүйцэтгэдэг гэх “Сити баз консалтинг” ХХК-д хяналт тавьдаг газар байна уу гэж асуумаар болоод байгаа юм.

 

Огт үзэгддэггүй байсан хяналтын ажилтнууд манай сонины энэ сарын 25-ны дугаарт “Монголын төр Б.Отгонсүх мэтийн этгээдэд үүдээ нээх учиргүй” нийтлэл хэвлэгдсэний маргааш бөөн бөөнөөрөө ажилдаа гарсан харагдана лээ. Бодвол тэдний цалинг “Сити баз консалтинг” ХХК-ийнхан хагас дутуу өгөөд эхэлсэнтэй холбоотой байж мэднэ. Юутай ч Б.Отгонсүх даргын “лүндэн” одоо ч хэрэгжиж байгаа нь тодорхой боллоо. Өнөөдрийг хүртэл тендер зарлахгүй яваад байгаа нь хууль зөрчсөн үгүйг хууль хяналтын байгууллага тогтоох биз. Харин хяналтын ажилтнуудын цалин пүнлүүг яаралтай гүйцээж олгох асуудалд Б.Отгонсүх одоо очсон ажлаа бодсон ч, анх нөлөөлөл үзүүлснээ санасан ч анхаарлаа хандуулах ёстой юм.

 

Бид  энэ асуудлын  талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас тодруулахаар ХМОНХХ-ийн дарга н.Мөнхбаатартай уулзахад “…Тэр асуудлын талаар С.Амарсайхан даргаас биш Б.Отгонсүхээс өөрөөс нь тодруулах хэрэгтэй. Мөн НТҮГ-ын орлогч даргаас асууж болно” гэсэн юм.

 

Засаг даргын орлогч Б.Отгонсүхтэй холбогдож “Сити баз консалтинг” ХХК-ийн талаар уулзаж ярилцлага тодруулга авах хүсэлтээ илэрхийлэхэд “…Танай сонин тэр талаар бичсэн байсан. Одоо юу гэж бичих гэсэн юм бэ”  гээд утсаа салгалаа.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Б.ДАМДИН-ОЧИР, Б.БЯМБАЖАРГАЛ

Shuud.mn
Сонин хачин
оороо бизнес хийж баяждаггуй МАН -ынхан гэж тор руу ухэн хатан зутгэдэг ЦУНХЧИД ихтэй болжээ. 20 онд хуйгаар чинь автобус зогсоож байгаад ачнаа
2019-06-27
сайн ном уншуулахгуй бол явчихжээ хоорхийс
2019-06-27
миний муу найз:
Миний найз даанч гэнэт баяжаад байсан ийм учиртай байсан юмуу. Ард чинь байдаг томчуудаараа аргалуулаа.
2019-06-27