Г.Ганжигүүр: Иргэний үүргээ нэр төртэй биелүүлэх боломжийг алба минь олгосон
2019-06-27

 

Аврагч хүн гэдэг аливаа эрсдэлийг сөрж зогсдог баатрууд. Эх орон, ард түмнийхээ төлөө амь насаа үл хайрлан, өргөсөн тангаргаа адис болгон тэмцдэг эгэл баатруудын нэгэн төлөөллийг энэ удаагийн “Онцлох зочин” буландаа урьсан юм. “Ахин мэндэлсэн тэр үеэсээ л амьдралын утга учир, аз жаргалыг энгийн зүйлээс мэдэрч, хийсэн, бүтээсэн бүхнээ бусдадаа өвлүүлэх зорилго тавин ажиллаж байна даа” хэмээн хуучлах түүнийг ахмад Г.Ганжигүүр гэдэг. Тэрбээр өдгөө ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад 19 дэх жилдээ үүрэг гүйцэтгэж байна. Сэтгэлийн гүн дэх бодлыг нь сэдрээж, ярьмааргүй санагдсан тэр л сэдвийг хөндсөн түүний ертөнцөөр уншигч таныг аялуулж байна.

 

ДУРСАМЖ БҮХЭН ШҮХЭРТЭЙ ХОЛБООТОЙ БОЛОХООР МӨРӨӨДӨЛ БАЙЛАА

 

-Хүнд хэрнээ хүндтэй албатай амьдралаа холбосон тэр үеэс тань ярилцлагаа эхэлье?

 

-Юуны өмнө мөр зэрэгцэн ажиллаж байгаа алба хаагчдынхаа амрыг эрье. Ажлын гараагаа Сэлэнгэ аймгийн Хилийн цэргийн 0243 дугаар ангиас эхэлсэн би шүхэрчин болох хүсэлдээ хөтлөгдөн Улаанбаатар хотод Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид шилжин ирж байлаа. Ингээд 2000 онд Гал түймэртэй тэмцэх газарт “Шуурхай бүлэг” байгуулагдахад шүхэрчин-гал сөнөөгчөөр ажилд орсон доо. Миний аав Сэлэнгэ аймгийн Байгалийн түймэр эсэргүүцэх агаарын харуулын албанд шүхэрчин-зааварлагчаас дарга хүртлэх албан тушаалыг хашсан хүн. Шүхрийн спортын “Сэлэнгэ” клубын үүсгэн байгуулагч юм. Энэ клубт би наймдугаар ангид байхдаа суралцаж, шүхэрчин болсон. Хүүхэд насны минь дурсамж бүхэн шүхэртэй холбоотой болохоор шүхэрчин болно гэдэг мөрөөдөл минь байлаа. Тэгээд арван жилийн сургуулиа төгсөөд цэргийн сургуульд орохоор шалгалт өгтөл тэнцээгүй. Тэгэхээр нь хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлж, багаас бэлтгэгдсэн шүхэрчнээрээ ажиллахыг зорьсон хэрэг.

 

-Мөрөөдлөө биелүүлж, аавынхаа ажил, мэргэжлийг үргэлжүүлж байгаа тань бахархал юм даа?

 

-Тийм шүү. Аав, ээжийн хүү эх орны хүү болон үйл хэргийг нь үргэлжлүүлэн ажиллаж байгаадаа бахархдаг юм. Харин Монгол Улсын иргэний үүргээ нэр төртэй биелүүлэх боломжийг алба минь олгосон гэж хэлж болно.

 

-Тэгвэл та өнөөдөр мөрөөдлөө биелүүлээд зогсохгүй шүхэрчин- аврагчдыг бэлтгэх хариуцлагатай үүргийг хүлээн ажиллаж байна. Сайхан биш гэж үү?

 

-Шүхэрчдийг бэлтгэдэг сургууль гэж байхгүй. Монголын шүхрийн спортын нийгэмлэг, Зэвсэгт хүчний 084 дүгээр анги, ОБЕГ-ын харъяа Үндэсний аврах бригад гэсэн гурван бүтцэд л шүхэрчдийг дадлагажуулж, сургаж байна. Миний хувьд 2014 оноос хойш шүхэрчин-зааварлагчаар ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, шүхэрчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах үүрэгтэй. Тиймээс алба хаагчдынхаа бэлтгэл, бэлэн байдлыг хангах, шинээр албанд орж ирж байгаа алба хаагчдаа сургах зорилгоор жилд хоёр удаагийн буюу хавар, намар буултын дадлага сургуулийг зохион байгуулдаг. Агаарын ажиллагааны салбар маань 40 гаруй шүхэрчин-аврагчидтай. Сүүлийн таван жилийн хугацаанд 20 гаруй алба хаагчийг шүхэрчнээр бэлтгэсэн байна. Бусдыг удирдан чиглүүлж, сайн шүхэрчин болгохын төлөө хичээж байгаа учраас бие болоод сэтгэлзүйн хувьд ачаалал их л дээ. Гэхдээ миний ажил, үүрэг болохоор хоёргүй сэтгэлээр зүтгэж л байна.

 

 

-Шүхэрчин хүний хамгийн сайхан мэдрэмж юу вэ?

 

-Онгоцноос үсрээд шүхэр задлах 5 секундын хугацаа. Богинохон хугацаанд асар их аз жаргал, эрх чөлөөг мэдэрдэг. Нөгөөтэйгүүр улсын хэмжээнд тохиолдсон гамшиг, ослын голомтод газраар, машинаар хүрч очих боломжгүй газарт агаараас эрэн, хайх ажиллагаа явуулж, ослын голомтод газарддаг. Буугаад шүхрээ эвхэж хойноо үүрээд, багаж зэвсгээ урдаа бариад гамшигтай тэмцдэг тийм л онцлогтой. Тийм болохоор алба хаагчдаа гамшгийн голомтод хүргэж өгөөд, аюул осолгүй газардуулж, үүргээ сайн биелүүлээд ирэх тэр мөч хамгийн сайхан. Шүхэрчин болсноос хойш 200 гаруй удаагийн буулт хийсэн байна даа.

 

-Шүхэрчин аврагчид маань шүхрийн спортоор хичээллэвэл амжилтад хүрэх юм шиг санагддаг. Таны хувьд энэ спортоор хичээллэж, уралдаан тэмцээнд орж байв уу?

 

-Миний хувьд шүхрийн спортын улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан амжилттай. Спортын хувьд нэгдүгээр зэрэгтэй тамирчин.  Мөн хоёр удаа Үндэсний баяр наадмын үеэр буулт хийж байлаа. Ер нь бол шүхрийн спортын тамирчид бэлтгэчихсэн газарт буулт хийдэг бол аврагчид гамшгийн нөхцөл байдлаас хамаараад буух орчин нөхцөл нь янз бүр гэх мэтээр шүхэрчин, шүхэрчин-аврагч хоёр хоорондоо ялгаатай л даа.

 

-Шүхэрчин-аврагчид ихэвчлэн ой, хээрийн түймэрт үүрэг гүйцэтгэдэг.  Түймрийнхээ нөхцөл байдлаас шалтгаалаад чамгүй удаан хугацаагаар үүрэг гүйцэтгэх нь ч бий. Таны хувьд хамгийн удаандаа хэд хоног ажиллаж байв?

 

-Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Булган, Төв, Сэлэнгэ, Завхан аймгуудад ой, хээрийн түймрийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байлаа. Хамгийн олон хоногоор гэвэл 2002 онд Архангай, Завхан аймгийн нутгийг хамарсан түймрийн дуудлагаар 75 хоног ажиллаж байлаа.  Дуудлагаар очиж ажиллаад, гарсан галыг тархаалгүй, бүрэн унтраагаад тухайн орон нутгийн удирдлагад хүлээлгэн өгөөд буцах сайхан ч шатсан газрыг хараад өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрдөг юм. Харин хамгийн сүүлд өнгөрсөн гуравдугаар сард Төв аймгийн Заамар суманд гарсан уурхайн ослын голомтод үүрэг гүйцэтгэсэн байна.

 

ААВЫН МИНЬ БУЯН ЗАЯА ТҮШСЭН БАЙХ Л ГЭЖ БОДДОГ

 

-Онцгой байдлын байгууллага үүсэн байгууллагдаж хөгжил дэвшлийн төлөө тэмүүлсэн энэ 15 жил бидэнд алдаа оноо, амжилт ололт, бас мартах учиргүй сургамжийг ч үлдээж. Тэгэхээр одоогоос 12 жилийн өмнө буюу 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймагт гарсан гал түймрийг унтраахаар явсан тэр дуудлагын талаар л таниас асуух гээд байна л даа?

 

-Цаг хугацаа их хурдан юм. Гэхдээ сэтгэлд гүн шарх үлдээсэн тэр үе өнөөдрөөрөө. Энэ дуудлагын талаар, мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэхээр мордсон дайчин нөхдийнхөө тухай их бодно оо. Хэцүү л дээ. Олон сайхан найз нөхөд, журмын анд нараа нүдэн дээрээ алдана гэдэг. Тухайн үед би эргэлтэд цохигдоод ухаан алдсан байсан. Сэрэхэд харанхуй болчихсон, нөхцөл байдал үгээр хэлэмгүй тийм дүр зураг харагдсан л даа. Маш хүнд бэртэлтэй байсан ч босох ёстой, заавал босно гэсээр байгаад тэргүүн түрүүч Х.Сүхбаатартайгаа хоёулаа хоёр биеэ босгож байсан. Хоёулаа шүхрээ дэлгээд борооны ус тосож, бусдадаа уух юм дөхүүлж, хоол унд хийж өгч аль болохоороо л амьдрахын төлөө дөрөв хоног тэмцсэн. Ахин амьдрахад минь 30 гаруй жил эх орныхоо онгон дагшин байгалийг хамгаалахын төлөө зүтгэсэн аавын минь буян заяа түшсэн байх л гэж боддог.

 

-Өнөөдөр тэднийхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж хөшөөнд нь цэцэг өргөлөө. Нулимсаа унагах тань анзаарагдсан…?

 

-Энэ өдөр /06 дугаар сарын 14/  их  эрт сэрнэ ээ. Бид өглөө  үүрэг гүйцэтгэхээр явж байсан. Хамтдаа инээлдээд л онгоцондоо суух гээд алхаж явсан үе маань тод санагддаг юм. /бодлогошрон дуугаа хураав/  Өнөөдөр үйл хэргийг нь үргэлжлүүлээд хөдөлмөрлөж байгааг минь харж, баярладаг байх аа гэж гэгээлгээр л боддог доо. Тэр үеэс хойш Онцгой байдлын байгууллагын алба хаагчид юу хийдэг вэ гэдгийг ард түмэн ойлгож эхэлсэн. Өнөөдөр тухайн үетэйгээ харьцуулшгүй албаны чадавх маань дээшилж, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл байдал бүрэн дүүрэн хангагдаж байгаад энэ албаны алба хаагчийн хувьд талархалтай байдаг.

 

 

-Тэр үеэс хойш шүхрээр буулт хийсэн үү?

 

-Хоёр жил гаруй хугацаанд буюу 2010 он хүртэл буулт хийсэн. Биеийн байдал, бэртэл гэмтлээс шалтгаалаад буух боломжгүй болсон ч  олон сайхан шавь нарыг бэлтгээд, тэднийгээ сургаж, дадлагажуулаад явж байна. Ажлын ачааллаас үүдээд бэртэл сэдрэх, ядрах үе зөндөө. Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд маань эмчилгээ, сувилгаанд хамруулж, ажиллах нөхцөл боломжоор хангадагт нь баярлаж явдаг даа.

 

АМЬ СӨРЖ, АВРАГДСАН УЧРААС Л ТЭГДЭГ БАЙХ

 

 -Амьдралын түшиг, дэмжлэг болсон гэр бүлээ танилцуулаач?

 

-Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Гурван хүү, нэг охинтой.  Эхнэр маань бас энэ албаны хүн. Үндэсний аврах бригадад химичин аврагчаар 10 гаруй жил ажиллаж байна. Хоёулаа мөр зэрэгцээд үүрэг гүйцэтгэж байгаагаараа бахархдаг юм. Гэхдээ үр хүүхдүүд маань орхигдох гээд байдаг тал бий л дээ. Энэ бүхнийг зохицуулж, үр хүүхдүүдээ сайн ойлгуулж, халамжлах үүргийг хань минь л гүйцэтгэдэг. Бага байхдаа ч ойлгодоггүй  байсан одоо бол ойлгоод бие, биеэ дэмжээд том болж л байна.

 

-Гурван сайхан хүүтэй хүн. Мэргэжлээ өвлүүлэх хүсэл байдаг л байх?

 

-Мэдээж. Гэхдээ хүүхдүүд маань бага байна. Залгамж, халаагаа өвлүүлнэ гэдэг маш их бахархал байдгийг сайн мэдэх хүний хувьд асуудалгүй дэмжинэ. Аав минь ч намайг маш сайн дэмжсэн учраас өдий зэрэгтэй амьдарч байна. Гэхдээ эхнэр маань жаахан дургүйцдэг л юм. Аргагүй шүү дээ. Амь сөрж, аврагдсан учраас л тэгдэг байх.

 

-Таны ярианд энгийн зүйлээс л аз жаргалыг мэдрэх нь чухал гэдэг үг нэлээд олон гарч байна?

 

-Хүн бүхэн өөр, өөрийн гэсэн үүрэгтэйгээр л  хорвоод томилогдсон байгаа. Тухайн үүргээ биелүүлэх гэж сайн, муу замын аль алийг нь л даван туулна. Ахиад амьдрах эрх надад олгосон нь хүртэл тийм л учиртай байх. Хийж, бүтээж байгаа ажлаасаа, хайраа шингээсэн гэр бүлээсээ гээд аз жаргалыг мэдрэх боломж олон шүү дээ.

 

-Ярилцсан танд баярлалаа. Ажил, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье?

 

Баярлалаа. Эх орон, ард түмнийхээ төлөө өргөсөн тангараг нэгтэй  Онцгой байдлын байгууллагын үе, үеийн удирдлага, алба хаагчдадаа 15 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Та бүхний минь зорьсон бүхэн биелж, зогсолтгүй урагшлах зам мөр нь сүүн цацалтай байх болтугай. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа та бүхнээрээ үргэлж бахархаж явдаг шүү.

 

Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
zochin USA aas:
Burhan min ene zaluug iveeh boltugai. Ner turtei hund ajil hiij baigaa ene zaluud bolon ger buliinhend n hamgiin sain saihniig husie.
2019-06-27
Ган:
ЭНЭ ЗАЛУУС ТУХАЙН ҮЁДЭЭ УЛС ТӨРИЙН ЗОЛИОС БОЛСОН ШҮҮ ДЭЭ. ОДОО АМЬ ҮРЭГДСЭН ШҮХЭРЧДИЙН ГЭР БҮЛ МЭДЭЖ БАЙГАА АМЬ ҮРЭГДСЭН ШҮХЭРЧИДИЙН ГЭР БҮЛ АМЬД ҮЛДСЭН ШҮХЭРЧИД ОДОО БҮГД ХҮНД ЯДУУ АМЬДАРЧ БНА. ТЭДНЭЭР ЗҮГЭЭР ШОУ ХИЙГЭЭД ТОГЛООД Л ХАЯСАН НЬ ҮНЭН.ОНЦГОЙН САЙД НЬ ОДОО ХОТЫН ДАРГА АМАРСАЙХАНЫ АХ ОТГОНБАЯР ГОЛ ШОУ ХИЙСЭН ХҮН ДЭЭ. ШҮХЭРЧДИЙН АР ГЭРИЙГ ДУУГҮЙ БАЙЛГАЖ ЧАДСАН ХҮН НЬ ХУР НАМСРАЙ ДАРАА КОМИСАР ЦОЛ ШАГНУУЛЖ ДЭД ДАРГА БОЛСОН.ЭДГЭЭР САЙХАН ЗАЛУУСЫГ ОНЦГОЙН ДАРГА БАДРАЛ ТЭРГҮҮТЭЙ НӨХӨД ЗҮГЭЭР Л ӨӨРСДИЙНХӨӨ УЛС ТӨРИЙН КАРЬЁР БОЛГОН АШИГЛАЖ САЙН НЭРИЙН АРД НУУГДАЖ БУЗАР МУУХАЙГ ҮЙЛДСЭЭР ОЛОН ЖИЛ БОЛЛОО. АВРАГЧ ГАЛ СӨНӨӨГЧ НАРЫН АМЬДРАЛ УРУУДСААР БНА.БИДНИЙ ТӨЛӨӨ ГЭСЭН ДАРГА ХЭРЭГТЭЙ.
2019-06-27
zochin:
iim saihan daruuhan,ajildaa hairtai,hudulmurch mundag zaluus ontsgoigiin alband zutgedeg yum.Bid zaluustaa uram dem uguh heregtei
2019-06-27