БЗД-ийн 1000 гаруй айл энэ зундаа орон сууцтай болно
2019-06-27

 

2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч компаниудын барилгын ажлын явцтай танилцлаа.

 

Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт буюу Нарантуул захын Ахмадын хотхоны зүүн хойно байрлах орон сууцны XIV хорооллын Б, Е хэсэгчилсэн талбайд Зургаан талт, Моннис Урбан Девелопмент болон Цагаан хуаран компаниуд дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, орон сууцны барилга барьж байгаа юм.

 

Моннис Урбан Деволопмент ХХК-ийн барьж байгаа орон сууцны барилгын талбайд очлоо. Тус компани нь НИТХ-ын 2013 оны 7/29 тоот тогтоолоор БЗД-ийн 13,14 хорооны нутаг дэвсгэр, орон сууцны XIV хорооллын Б хэсэгчилсэн талбайд нийт 11,3 га барилгажих талбайд 165 нэгж талбарт 2304 айлын 14 блок орон сууцны барилга, 300 хүүхдийн цэцэрлэг барих төсөл хэрэгжүүлэгчээр шалгаран үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус барилгын явцтай танилцахад барилгын гүйцэтгэлийн явц 95 хувьтай, гадна болон дотор заслын ажлаа хийж дууссан, одоо барилгын цэвэрлэгээндээ орсон, лифт ашиглалтад ороход бэлэн болсон байдалтай байлаа. Гүйцэтгэх захирал Б.Урантулгатай уулзаж, байдлыг тодруулахад “Манай компани Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны 110 айлын газрыг чөлөөлж, барилгын ажлаа эхлүүлсэн. Эхний ээлжийн 168 айлын орон сууцыг энэ 7 сардаа багтаагаад ашиглалтад өгөх гэж байна. Дараагийн 168 айлын орон сууцыг гадна талаа дуусгаад 9 сардаа дотор заслын ажилдаа орно, оны өмнө буюу 4 дүгээр улиралд ашиглалтад оруулна” гэв.

 

 

Зургаан талт ХХК-ийн захиалагчийн инженер Д.Батсайхан барилгын ажлын явцаа танилцууллаа. “Зургаан талт компани нь 2014 онд БЗД-ийн 13, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууцны XIV хорооллын Е хэсэгчилсэн талбайд 73 нэг талбарт 1599 айлын 21 блок орон сууцын барилга барихаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Эхний ээлжийн 5 блок 470 айлын орон сууцыг ашиглалтад өгч, газар чөлөөлсөн 150 айлд 170-аад орон сууцыг өгч оруулсан. Энэ оны 8 сард 180 айлын 12 давхар орон сууц, энэ оны сүүлчээр дахиад 180 айлын орон сууцыг ашиглалтад өгөхөөр эрчимтэй ажиллаж байна. Мөн 5 давхар үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулна” гэж ярилаа.

 

 

Цагаан хуаран компанийн барилга дээр очиход барилгын ажил дууссан, айлууд нүүж ороход бэлэн байдалтай байлаа. Цагаан хуаран ХХК нь мөн ижил талбайд 72 нэгж талбарт 1584 айлын 15 блок орон сууц болон 250 хүүхдийн цэцэрлэгийг барихаар төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. 864 айлын 6 блок орон сууцыг ашиглалтад оруулсан. Дараагийн ээлжийн 5 блок 528 айлын орон сууц ашиглалтад ороход бэлэн болсон байна.

 

Ч.Батбилэг дарга “Танай компаниудын барилгын гадна цахилгаан хангамжийн шугам сүлжээний хөрөнгө оруулалтын асуудал шийдвэрлэгдсэн, Цагаан хуаран компани 3,1 тэрбум, Моннис Урбан Девелопмент компани 1,5 тэрбум, Зургаан талт компани 2,5 тэрбум төгрөгөөр шийдэгдсэн. Нийслэлийн Засаг даргын захирамж энэ долоо хоногт гарч байгаа, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн дагуу тендер зарлагдаад явна. Тиймээс барилгын ажлаа эрчимжүүлж ажиллаарай” гэв.

 

Дээрх гурван компани ажлаа эрчимжүүлэн, төлөвлөсөн ажлуудаа хугацаандаа гүйцэтгэн ажилласнаар Нарантуул зах орчим буюу Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хорооны гэр хорооллын 1000 гаран айл энэ жилдээ шинэ орон сууцандаа орж чадах юм.

 

 

Эх сурвалж: Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар

Shuud.mn
Сонин хачин
Monnis ch hog doo.
2019-06-27
55:
бусад дүүргийн иргэд энэ орон сууцанд хамрагдаж болох уу кв/ м нь ямар үнэтэй гарах вэ
2019-06-27