Г.Занданшатар: Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь нийгмийн захиалга
2019-06-28

 

УИХ-аар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжсэн. УИХ-ын гишүүд тойрогтоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, иргэдийн саналыг авч байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзаж, тэдний сонирхсон асуултад хариуллаа.

 

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр УИХ нийт гишүүдийн олонхиор ирц бүрдүүлж, хууль батлахаар тусгажээ. Ингэснээр ирц бүрдэхгүй, хэлэлцэх асуудал хойшлох, эсрэг байр суурьтай гишүүд чуулганы хуралдааныг шантаалах зэрэг асуудал үүсэх вий гэсэн болгоомжлол байна?

 

-1992 онд Үндсэн хууль баталсны дараагаас эхлэн өөрчлөх, засах зүйл байна гэх яриа 27 жил үргэлжилсэн. Тиймээс 2000 онд дордохын долоон өөрчлөлтийг хийсэн бөгөөд дээрдүүлсэн, дутуудуулсан, хэтрүүлсэн зүйл ч бий. Жишээлбэл, УИХ-ын гишүүдийн 51 гишүүнтэй байх ирцийн асуудлыг оруулж ирж байсан. Гэтэл нэг нам 50 гишүүнтэйгээр сонгуульд ялалт байгуулахад нэг хүн байхгүй бол ирц бүрдэхгүй байснаас 160 удаа хурал хаясан, тэр хэмжээгээр Засгийн газар огцорч, ажил явахгүй, Ерөнхий сайдаа томилж чадахгүй байсан гээд олон бэрхшээл тулгарч байсан. Үүнээс үндэслэн 2000 онд 39 гишүүн буюу олонхоороо ирц бүрдүүлдэг болсон. Гэтэл одоо  39 гишүүнээр ирц бүрдүүлж, тэдний олонх буюу 20 гишүүн хууль баталдаг болох эрсдэлтэй. Энэ 20 гишүүний 15 гишүүн Засгийн газрын гишүүн байвал УИХ-ын хууль батлах үндсэн чиг үүрэг нь алдагдах юм. Тиймээс одоо нийт гишүүдийн олонх буюу 39 гишүүн зөвшөөрч байж хууль батлагдахаар нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа юм. Энэ мэт амьдрал дээр тулгарч байгаа олон практикийн өөрчлөлтүүдээс үүдэн хамгийн сайн шийдлүүдийг нэмэлт, өөрчлөлтөд тусгаж байгаа юм. Энэ бол дордуулсан долоон өөрчлөлтийн нэгийг л өөрчилж байгаа заалт. 

 

Ер нь бол 1990 оноос хойш цул тогтолцоо байж байгаа бүх нөхөөсөөр задарч байгаа юм. Хэтэрхий олон банк байхаар зээлийн хүү буурахгүй байх, 4-5 телевиз байхад зах зээлтэйгээ уялдаж байх ёстой гэсэн тооцоолол байдаг. Одоо нийгмийн шаардлага нь нэгдэх, задралаас нэгдэх чиглэл рүүгээ явж байгаа юм. Сонин, сайт гэхэд нэгдсэн нэг биш олон холбоотой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэхэд 100 гаруй холбоо байх. Энэ мэт маш олон нэгдэх шаардлага, нийгмийн захиалга байгаа юм. Энэ бүхэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бүүр цаад шалтгаан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, задралаас нэгдэл рүү явах боломжийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэж хэлж болно.Түүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өнгөрсөн хугацаанд ярьж, судалж, ард түмнээс санал авч ирсэн олон хэлэлцүүлгээс сайн, зөв зүйл гэдгийг нь шигшиж байгаа. Зарим хүмүүс Үндсэн хуульд зарим өөрчлөлтийг заавал тусгах ёстой гэдгийг хэлж байгаа. Б.Чимид багш хэлсэнчлэн "Үндсэн хууль бол хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө биш. Үндсэн хууль бол ард түмний хүсэл эрмэлзлэлийг араг яс, судсаар зангидсан тогтолцоо". Түүнээс нэг л судсыг таслахад системд шарх үүсгэнэ, үүнийг дордуулсан долоон өөрчлөлт тод харууллаа гэж хэлж байсан. Энэ системийн шарх 2000 оноос хойш хүндэрсээр буглаа болж, системээ доголдуулаад байгаа учраас засах нь зайлшгүй шаардлагатай юм. Үндсэн хуулийг дагаж 25 хуульд өөрчлөлт оруулна гэж тооцож байгаа. Ер нь бол иргэдийн олонх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжиж байна.

 

-Ерөнхий сайдыг огцруулах саналыг дараагийн Ерөнхий сайдыг хамтад нь өргөн барина гэх заалт бий. Зарчмын хувьд зөрчилдөхгүй юу?

 

-Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 13 Засгийн газар огцорч, насжилт нь дунджаар найман сар байгаа юм. Огцруулах үндэслэл нь хууль зөрчсөн гэсэн тохиолдол нь их цөөхөн бөгөөд нам хооронд болон дотоод зөрчлөөс үүдэж огцруулсан байдаг. Энэ хугацаанд нийтдээ 300 сайд солигдсон байгаа юм. Дараагийн хүн томилогдсоноор тухайн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэх санаа анхны Үндсэн хуульд байсан санаа. Ерөнхий сайд шинээр сонгогдсоноор тухайн Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно гэсэн ойлголт. Энэ удаагийн өөрчлөлтийн гол санаа нь сөрөг хүчин огцруулахдаа бус олонхийн дэмжлэг авсан хүнийг Ерөнхий сайдаар томилно. Дараагийн Ерөнхий сайдыг томилохын тулд өмнөх Ерөнхий сайдаас ямар ялгаатай, харьцуулах, дараагийн хүн нь илүү байх, гишүүд, ард түмэн хэн бэ гэдгийг нь таних боломж бий болно. Мөн Засгийн газар илүү тогтвортой байх нөхцөл бий болно. Дэлхийн бусад улсад их өндөр босго байдаг юм билээ. Тиймээс Засгийн газрыг огцруулах асуудлыг хязгаарлах үүднээс энэ заалтыг оруулж өгч байгаа юм.  Зарим хүмүүс Үндсэн хуульдаа биш хүмүүстээ байна гэдэг. Тэгэхээр 76 гишүүн, Ерөнхийлөгч, шүүгчээр “гэгээрсэн бурхад” томилоход хэцүү. Сайн тогтолцоонд муу хүн байсан ч сайн ажиллана, муу тогтолцоонд хэдий сайн хүн байсан ч муу тогтолцоондоо уусдаг. Гүйцэтгэх эрх мэдэлд хяналт буюу Засгийн газрыг огцруулах эрх нь бий. Өнгөрсөн хугацаанд 13 Засгийн газар огцорч, дунджаар найман сарын настай байгаа юм. Төрийн бодлого тогтвортой байх нь чухал байх ёстой. Гэтэл Засгийн газар буюу гүйцэтгэх эрх мэдлийг огцруулах олон тохиолдол, үйлдлүүд байдаг. Гэтэл шүүх эрх мэдэл байдаггүй. Шүүхийг хууль зөрчлөө, хулгай хийлээ гээд огцруулах эрх зүйн тогтолцоо байдаггүй. Шүүхэд итгэх ард түмний итгэл алдарвал, гүйцэтгэх эрх мэдэл хяналтдаа авна гэх Үндсэн хуулийн гадуурх эрх зүй гэж бий.

 

-Нэмэлт өөрчлөлттэй холбоотой шүүх, орон нутаг, гишүүдийн хариуцлагатай холбоотой асуудлууд шүүмжлэл дагуулж байна.Тухайлбал, УИХ шүүх эрх мэдэлд оролцох нь гэсэн.

 

-Иргэдтэй уулзаж байхад хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа зүйл бол шүүх эрх мэдэлтэй холбоотой асуудал. Шүүгчид итгэх ард түмний итгэл алдарсан байна. ҮАБЗ хуралдаж, эрхээ зөрчсөн 17 шүүгчийг чөлөөлсөн. Энэ шүүгч нарыг түдгэлзүүлж байгаад шалгахгүй бол шүүгчийг шалгах боломжгүй, бүх зүйл хаалттай. Шүүх эрх мэдэл рүү халдсан гэхээс илүү хараат бус, хариуцлагатай байхыг нэмэгдүүлж өгч байгаа юм. Шүүхийн ерөнхий зөвлөл бол шүүгч нарыг томилдог гол байгууллага. Нэг институциэс хамааралтай болохоор шүүгч нар хараат бус байна гэж үзэж байгаа юм. Шүүгчийн хариуцлагын хараат бус зөвлөл байгуулагдана. Одоо бол шүүгч нарын хууль бус үйл ажиллагаанд хариуцлага тооцох асуудал бүрхэг байгаа илүү тодотгож, хараат бус зөвлөлд тусад нь авч хэлэлцэнэ. Тус зөвлөл хараат бус гишүүдээс томилогдохоор байгаа юм.

 

 -УИХ-ын гишүүдтэй хариуцлага тооцох, эгүүлэн татах заалт яагаад тусгагдаагүй вэ?

 

-УИХ-ын гишүүдийн тоог нэмэх асуудал яригдаж байсан. Үндсэн хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай журмын тухай хуульд парламент, Ерөнхийлөгч, Засгийн газар өөрийнхөө эрх мэдлийг, бүрэн эрхийг сунгах санал гаргах эрх байдаг. Анх Үндсэн хуульд 143 гишүүнтэй байх санал оруулж байсан ч хэлэлцүүлгийн явцад 76 болгосон. Тухайн үеийн хүн амын тоо, бусад зүйлстэй уялдуулж 76 болгосон юм билээ. Хууль боловсруулах явцад холбогдох байгууллагуудаас санал авах үеэр дэмжээгүй. Гэхдээ гишүүдийн хариуцлагыг хоёр талтай ойлгох хэрэгтэй. Мэдээж хариуцлагатай байлгах үүднээс Дэгийн тухай хуулиар зохицуулж байгаа. Ёс зүй зөрчил гаргах, хуралдаа суухгүй бол цалин хасах гэх мэт заалтуудыг нэмсэн. Энэ асуудлыг органик хуулиар зохицуулна. Удахгүй УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэм боловсруулсан байгаа. Нөгөө талдаа гишүүд тойргийн ажил, харьяалагдах байнгын хороо, яамдын чиг үүргийн уулзалт, олон улсын хурал зөвлөгөөн гэх мэт уулзалтууд их байдаг. Тиймээс шууд утгаар нь гишүүд хариуцлагагүй байгаагаас хурал тасалж байна гэж ойлгож болохгүй. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт  оруулах, гишүүдийн Ёс зүйн дүрмийг баталсан тохиолдолд гишүүд илүү хариуцлагатай болно гэж үзэж байна.

 

-Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн 6.1 дэх заалт болох байгалийн баялаг ард түмний өмч гэх заалттай санал нийлэхгүй байгаа гэж ойлгосон. Байгалийн баялаг ард түмний өмч байх заалтыг яагаад өөрчилсөн бэ?

 

-Үндсэн хуулийн 6.1-т Монгол Улсын газар, газрын хэвлий, ой, усны нөөц ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн заалт хэвээр бий. Үүнийг хөндөөгүй. Мөн 6.2-т Монгол Улсын иргэнд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий, баялаг, ой, усны нөөц төрийн өмч мөн гэсэн заалт бий. Энэ хоёр заалт дээр нэг заалт нэмж байгаа. Гэтэл үүнийг ард түмний өмчийг төрийн өмч болгож өөрчилж байна гэж иргэдэд буруу, зөрүү ойлголт төрүүлж байгаа юм.  Байгалийн баялагтай улс ард түмэн нь яаж баян, өгөөжтэй байж болгохоор “Байгалийн баялгийг ашиглахдаа тэгш байдал, шударга ёс, үндэсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зарчимд нийцүүлж ашиглана” гэх заалтыг нэмж өгч байгаа. Үүнийг Норвеги улсын жишгээс авсан. Тус улс байгалийн баялгаа ашиглаж, ядуу иргэн байхгүй, хүн бүр байгалийн баялгаа тэгш хүртдэг. Энэ агуулгаар урт хугацааны иж бүрэн шийдэл дээр үндэслэж, хүн бүр мэдэх ёстой гэдгийг тодотгож өгсөн. Ингэж байж байгалийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой ч цөөхөн гэр бүлийн баяжих үндэс болоод байна гэх шүүмжлэл байхгүй болно. Хамгийн чухал зүйл бол тэгш байдал, тэгш нийгэм харьцангуй хүчтэй байдал бий болно гэж үзсэн.  

 

-Ерөнхийлөгч болон Ардчилсан намтай  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ойлголцолд хүрэх болов уу?

 

-Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга  ч гэсэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байгаа. Одоогийн төсөл бол гурван ч парламент дамнасан төсөл учраас ард түмэн бол өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Намууд болон Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлын хэсэг ажиллаж байгаа. Одоогоор 13 нам дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Энэ удаа Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл батлагдана гэж найдаж байгаа. 

Н.Энхлэн 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өнгөрсөн хэдэн жил төр засгаараа тоглож ашиг олох луйвар хийх арга хэрэгсэл болгочихоод одоо болохоор нийгмийн захиалга гэж жүжиглэхээ болимоор юм даа.Луйвар хулгайч нартайгаа яаж тэмцэх талаар заалт наана чинь бна уу
2019-07-05
Их хурлын даргаа:
Албан тушаалаа ашиглаж мэргэжлийн бус эгч Г.Батцэцэгийгээ төрийн албанд оруулж, төрийн ажлыг нурааж байгаагаа зогсоох болоогүй юм уу? Эгч чинь ажлаа мэдэхгүй түмний шившиг болж байгаагаа ичихгүй яваад байх юм аа. Түмнээс ичээч та хоёр. Та хоёрт ичих булчирхай байна уу?
2019-07-03
Сайхан гарчиг байна.Нийгмийн захилга дотор өгөөжийг нь тод томруун оруулаарай гэж хүсье.
2019-06-29
Хөөрхий хэдэн жилийн өмнө Америкт том аварид орсон гэсэн,Эрүүл мэнд нь ямар бол оо?
2019-06-29
ЗАНДАН ШАТАРТ:
АРД ТҮМНИЙ НЭРИЙГ БАРИХАА БОЛЬ. НИЙГМИЙН ЗАХИАЛГА ГЭЖ ХУДАЛ БҮҮ ДОНГОС. ҮНДСЭН ХУУЛЬ БУРУУГҮЙ . ТА НАРЫН ШУНАЛ УНАЛ ХЯЗГААРГҮЙ ТАЧААЛ БУРУУТАЙ. ЭРҮҮГИЙН ХУУЛЬ АВИЛГА АЛБАН ТУШААЛТАЙ ТЭМЦЭХ ХУУЛИА ЧАНД ХАТУУ МӨРД.
2019-06-29