Байгаль нуурыг зорьсон сэтгүүлчид
2019-07-01

 

Зах нь үл харагдах цэнгэг нуур, үүлс хөвөх их ус, тойрон хүрээлсэн саглагар ой, тэр дунд байрлах модон байшингууд, моддын дундаас гялтайх нар, хаа нэгтээ хөвж харагдах усан онгоц, тэнгэр газрыг нийлүүлсэн өтгөн манан, шувуудын жиргээнээс өөр чимээгүй нам гүм орчин... Энэ бол “Сибирийн цэнхэр нүд” гэгдэх Байгаль нуурын дүр төрх. Ийм л байгалийн сайхныг сонгож, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо сэтгүүлчдэд зориулсан тав дахь сургалтаа зохион байгууллаа.

 

 

Тус холбоо “Мазаалай Номадик тур” компанитай хамтран сэтгүүлчдийг Байгаль нуурын эрэг дэх Зори баазад тухлуулж, хувь хүний хөгжлийн талаар сургалт явуулав.

 

 

Сургалтын чиглүүлэгч багшаар Amar Investment ХХК-ийн захирал Ч.Сайхнаа ажиллаж, хамгийн сүүлд хэзээ өөртөө дүгнэлт хийснийг, өөрийнхөө дутагдал, давуу талаа хэрхэн дүгнэдгийг, ямар үед эмордог вэ, бусдын сэтгэлийг ойлгож, таньдаг уу гэхчлэнгээр хувь хүн рүү, дотоод сэтгэл рүү хандаж ярилцсан нь илүү ач холбогдолтой байлаа. Магадгүй Байгаль нуурын хөвөөнд очоод эрэн сурвалжлах мэдээг хэрхэн бэлтгэх вэ, эх сурвалжаа хэрхэн нууцлах вэ гэж мэргэжил рүү чиглэж, бүр сэтгүүлчдэд хууль эрхзүй, эдийн засгийн мэдлэг олгоё гэж хүндэрсэн бол хүнд хүрэхгүй байсан биз. Харин өөрийнхөө тухай бодох сэдлийг төрүүлж, хөнгөхөн эморуулж чадсан нь ажлаасаа хөндийрч, тархиа амрааж буй сэтгүүлчдэд таарсан тун байлаа. Мэдээж, хэдэн цагаар өөрийнхөө тухай бодолд дарагдаж сууна гэж юу байхав, аялсан.

 

“Мазаалай Номадик тур” компанийн аяллын маршрут Улаанбаатараас хөдөлж, Аглаг бүтээлийн хийд орсноор эхэлнэ. Байгалийн өвөрмөц тогтоц, хүний гараар бүтсэн бурхан шашны гайхамшигт бүтээлүүдийг гороолон үзэж, нүд сэтгэлээ баясгах нь таатай. Ингэж аян замаа даатгасан аялагчид Урьхан дээр саатаж, хоол идсэнээр Улаан-Үдийг зорих их зам шуударна. Монголын Алтанбулаг, Буриадын Хиагтын боомтоор хил нэвтэрч, өглөөний нартай уралдан Иволгин дацанд ирлээ. “Амьд бурхан” гэж нэрлэгдсэн Итгэлт хамбад мөргөж, хүслийн чулуунд хүслээ шивнээд, хийдийг гороолон тойрч, эрүүл энх, саруул сайхныг хүсэн залбирах нь сэтгэл, итгэл сэргэм таатай. Хүн бүр сүсэглэн залбирдаг энэ дацангаас цааш хөдөлж, Улаан-Үд хотыг дайран, зорьсон газар болох Байгаль нуурыг зүглэлээ. Битүү ой шугуй дундуур 200 гаруй км давхиж, “Сибирийн цэнхэр нүд”-ийн эрэгт ирж, байгалийн сайхныг мэдрэх юутай сайхан. Их хотын чимээнээс холдож, тархи, чихээ амраах нь хамгийн тансаг мэдрэмжүүдийн нэг байв.

 

 

Байгаль нуурын эрэгт аялагчдад зориулсан олон бааз бий. Үнэ нь харилцан адилгүй, тав тух, шинэ хуучин, орны тооноос хамаараад хоногийн 450-600 рублийн төлбөртэй. Төлбөрт өглөөний цай, өдрийн болон оройн хоол багтана. Мөн аялагчид Байгаль нуураар усан онгоцоор аялах боломжтой. Том усан онгоц нэг хүний 500 рубль бол жижиг моторт завь 250 рублийн үнэтэй. Ийм төлбөрөөр эргээс холгүй орших арал дээр очиж, дурсгалын зураг татуулна. Хамгийн сайхан нь тархи амраах усны чимээ, нүд чилээх хязгааргүй далай, тэнгэр чиглэсэн өтгөн ой шугуй...Монголын газар нутаг байсан гэдэг гэх харамын сэтгэлийг өдөөх нь гунигтай.

 

 

Ингэж Байгаль нуурын эрэгт хоёр хоног тухалсан сэтгүүлчид буцах замдаа орж, Улаан-Үд хотод саатлаа. Тэнд дэлхийн хамгийн том толгойны хөшөө болох Ленин багш, Буриадын төв театрын өмнө зургаа татуулж, багахан шоппинг хийснээр их хот руугаа хүлгийн жолоо заллаа.

 

Аялал-сургалт таатай, тухтай, хөгжилтэй, танин мэдсэн, сэтгэл сэргээсэн сайхан байлаа. Баярлалаа, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбоо. Баярлалаа, “Мазаалай Номадик тур”.

 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Сургалт гэдэг чухал шүү энэ цагийн сэтгүүлчидэд хэрэгтэй юм зохион байгуулсан байна. Яагаад тийм хол явж сургалт хийв гэдэг нь сонин байна
2019-07-01