Мэргэжил бүхэн сайхан: “Аварга” дугуйг АНАГААГЧ
2019-07-02

Хэн ч анзаардаггүй, хэнд ч анзаарагддаггүй хүмүүс л энэ улс орны дутууг гүйцээж, дундуурыг дүүргэж байх шиг...Ийн бодсоор Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах Нарийн сухайтын нүүрсний уурхайн дугуй засварчин Ц.Эрдэнэбилэг гэх эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж яваа эгэл нэгэнтэй ярилцлаа. Тэр энгийн нэг автомашины дугуй засдаггүй. 110 тоннын хүндтэй өөрөө буулгагч буюу белаз гэх нүсэр том техникийн, нэг ширхэг нь л цоо шинэ “Ланд крузер” автомашины үнэд дүйх өртөгтэй дугуй засварладаг. Жижиг техниктэй зүйрлэх юм биш л дээ.

 

 

Түүнийг Цэнджавын Эрдэнэбилэг гэнэ. Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат. Хангайн хүн говьд ирсэн түүх сонихон.

 

Тэрбээр уул уурхайн салбарт анх 1993 оноос өдийг хүртэл ажиллажээ. Анх уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 18 хараахан хүрээгүй жаахан хүү хөл тавьсан аж. Тэнд үйлдвэр, цех, хэсгийн аваргад хоёр ч удаа тодорхойлогдох хүртэл амжилттай ажиллаж, 6,000 ажилчнаас үйлдвэрийн даргад нэр дэвшиж үнэ цэнэтэй ажилтанд тооцогдов. Энэ талаар Ц.Эрдэнэбилэг “Миний залуу нас Эрдэнэт үйлдвэрт өрнөсөн. Тэнд 25 жил ажиллаад 2018 оноос МАК-ийн Нарийн сухайтын уурхайд дугуй засварын болон механик цехийн хэсэгт сургагч багшаар ажиллаж байна. Өөрийн мэддэг чаддаг зүйлээ өөр нэг үндэсний компанид үлгэрлэж, зааж зөвлөх зорилгоор хангайн хүн говьд ирчихээд байна” хэмээсэн.

 

Харахад л сүрдэм “аварга” том дугуйг нөхөж засахад хоёр удаагийн боловсруулалт хийгддэг байна. Халуун хүйтэн гэсэн хоёр үе шаттайгаар нөхдөг аж. Эхлээд тухайн гэмтэлтэй хэсгийг олж ухаад тусгай халаах буюу хий хавсарсан технологиор дүүргэлт хийнэ. Үүний дараа нөхөлтийг хийдэг байна. Товчхондоо “аварга” дугуйг ингэж “анагаадаг” аж. Гэхдээ амар ажил биш. МАК-ийн Нарийн сухайтын нүүрсний уурхайн зөвхөн дугуй засварын болон механик цехийн хэсэгт 270 хүн ажилладаг бөгөөд нэг ажлын байран дээр 85 хүн ажилладаг байна.

 

“Дугуй засварчид зүрхтэй хүмүүс байдаг” хэмээн хэсгийн даргынх нь хэлсэн үг сэтгэлд буув. Учир нь тэд дугуй нөхөхдөө сэтгэл зүрхээ бүрэн зориулдаг гэнэ. Тэгээд нөхсөн дугуйгаа хачин их хайрладаг гэсэн.

 

Энэ талаар Ц.Эрдэнэбилэг “Дугуй нөхнө гэдэг буян хийж байна гэсэн үг. Анх 1996 онд оросын дугуйг уул уурхайн компаниуд их хэрэглэдэг байлаа. Тэр үед дугуйны эдэлгээ дууссан тохиолдолд дахин ашиглах боломжгүй гээд хаядаг байсан. Харин Герман улсын "Рема тип топ" компанийн дугуй нөхөх технологи монголд орж ирснээр дугуйг нөхөж, засварлаад дахин ашиглах боломжтой болж эхэлсэн. Нөхөөд үйлчилгээнд гаргахад нөхөөсөөр алдана гэж бараг байхгүй. Өнгөрсөн жил ийм дугуй 50 ширхгийг нөхсөн. Уул уурхай эрчимтэй хөгжиж байгаа энэ үед дугуйн хэрэгцээ маш их байгаа. Тийм учраас дугуйг сайн нөхөж зассанаар эдийн засгийн хувьд маш их ач холбогдолтой. Нэг дугуй шинээр авахад ойролцоогоор 120-160 сая төгрөг зарцуулдаг. Мөн экологид ээлтэй. Дахин ашиглах боломжгүй болсон үед нь дугуйг хэрчээд хоёр дахь түүхий эд хийдэг” гэв.

 

 

Белаз буюу өөрөө буулгагч гэх нүсэр техникийн дугуй 110 мянга орчим километр туулах стандарттай байдаг аж. Харин эвдрэлтэй дугуйг нөхөж дахин ашиглалтад оруулснаар нэмээд 60-70 мянган км илүү явдаг гэнэ. Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байх хугацаанд нь чулууны улмаас дугуй их гэмтдэг байжээ. Харин энд говь нутгийн чулуу хатуулга ихтэй, дугуй усанд тэсвэргүй материал тул норсны улмаас гэмтэл үүсэх нь их байдаг гэдгийг онцолсон.

 

Ц.Эрдэнэбилэг засварчин мэргэжилтэй. 1996 онд Германы дугуй засварлах Рема тип топ тоног төхөөрөмж монголд нэвтэрсэн тэр цагаас хойш дугуйчин мэргэжилтэй болжээ. Өдгөө тэрбээр Эрдэнэт хотноо эхнэр, гурван хүүхдийнхээ хамт аж төрдөг. Өмнөговь аймагт 28 хоног ажиллаад Эрдэнэтэд гэртээ харьж 14 хоног амардаг байна. Хангай газрын хүн ингэж л говь нутгийн зүг ирж буцах жим татуулан ажлаараа хамт олноо манлайлж, амжилтаараа шавь нартаа үлгэрлэж явна. Тэр машины марк харахаасаа илүүтэй дугуйг нь л хамгийн түрүүнд онцолж хардаг гэнэ лээ.

 

Манайд Улсад өнөөдөр ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь их, дээд сургуульд орж байна. Гэтэл дээд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байгааг судалгаанд дурдсан байдаг.

 

Манайд их сургууль төгссөн “дээд” мэргэжилтнүүд хангалттай байна. Гэтэл үйлдвэрлэл, технологийн газруудад мэргэжилтэй ажилтан хомсдож, гагнуурчин, барилгачин, тоосгочин засварчин зэрэг нарийн мэргэжлийн ажилтнууд дутмаг байгааг учирладаг.

 

Тэгвэл хэний ч онцлоогүй “дугуй засварчин” гэх ажил мэргэжил эзэмшин үндэсний томоохон хэмжээний компанийн үнэ цэнэтэй ажилтан болсон эгэл засварчны амьдралын зам дардан байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ч атарсайхан:
Мэргэжил бүхэн сайхан тэр дундаа эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж явна гэдэг амжилт бүтээл гаргаж байгаа гэсэн үг. Ажлын амжилт эрүүл энхийг хүсье
2019-09-12
Axdaa ulam ix ámjilt xvsei.
2019-09-10
Bilgee:
gutsaad bgarai chi uuruu changalahgui ysiin sug.min
2019-07-16
zochin:
Bilgee ahdaa ajiliin amjilt husii
2019-07-04
Гэрдэгжав:
Миний ах ч эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж бусдад үлгэрлэн зааж буй хүндээ амжилт ах
2019-07-02
аймгийн начин, чөлөөт бөхийн дэд мастер, залуу шүү, билгээ чи белазын головкыг янзын чангалдаг байсан шүү тээ,Батбилэгтэй хамт,
2019-07-02
Bilgee:
gutsaad bgarai chi uuruu changalahgui ysiin sug.min
тэгшээ хөөрхөн бичлэгтэй шүү
2019-07-02