Биометрийн шинэ алхам: Зүрхний цохилтоор ХҮНИЙГ ТАНИХ технологи бүтээжээ 
2019-07-02

Биометрийн хөгжил нүдний өмнүүр л хурдацтай хөгжиж буй ертөнцөд бид амьдарч байна. Ухаалаг утасны түгжээг гаргахад хурууны хээ ашигладаг технологи саяхан гарсан мэт санагдаж байгаа ч үүний араас царай таних технологи хэдийнэ хөгжөөд, хэрэглээнд нэвтрээд эхэлжээ. Харин дараагийн алхам нь юу байх бол? 

 


Хүнийг таних шинэ боловсруулалт хийсэн тухай Пентагон саяхан мэдээлэв. АНУ-ын Батлан хамгаалах яаманд ажилладаг судлаачид болон инженерүүд хэт улаан лазер ашигладаг төхөөрөмжийн анхдагч хувилбарыг бүтээжээ. Энэ төхөөрөмжийн тусламжтайгаар хүнийг зүрхний цохилтоор нь “таних” боломжтой гэнэ. 


Энэ төхөөрөмжийг Жетсон гэж нэрлэжээ. Төхөөрөмж лазерын виброметр дээр үндэслэгдсэн, зүрхний цохилтоос үүсэх хүний биеийн гадаргуун бичил хөдөлгөөнүүдийг мэдрэх чадвартай аж. 


Энэ бол үнэхээр ирээдүйтэй алхам гэж шинжээчид үзэж байгаа юм. Учир нь хүн бүр  cardiac signature буюу зүрхний гарын үсэг гэгдэх зүрхний цохилтын өөр өөрийн онцлогтой байдаг. Энэ цохилт өөрчлөгдөхгүй, мөн хуурамчаар хийнэ гэж байхгүй. 


Саяхныг хүртэл хүнийг алсын зайнаас таних биометрийн түгээмэл арга нь царай таних явдал байв. Гэвч энэ аргыг ашиглахад сайн дүрслэл хэрэгтэй бөгөөд өөрөөр хэлвэл шаардлагатай өнцөг олж авна гэдэг тун хүндрэлтэй гэдэг нь энэ аргын гол дутагдал юм. 


Түүнээс гадна царай таних гэдэг нь хамгийн найдвартай арга биш. Сахал, нарны шил, эсвэл алчуур зүүж, үсээ өөрчилөхөд л систем танихгүй байх магадлал өндөртэй. 


Харин дээрх шинэ төхөөрөмж нь хүний зүрхний цохилтыг тоолж, мэдээллийн баазтай үзүүлэлтүүдийг харьцуулан хувь хүнийг 95 хувийн нарийвчлалтайгаар таних аж. 


Гэхдээ одоогоор гагцхүү хязгаарлагдмал нөхцөлд л систем ажиллаж байгаа гэж Вести мэдээлсэн байна. Тодруулбал, 200 метрийн зайнд нимгэн материалын цаанаас  (футболка, нимгэн цамц гэх мэт) зүрхний хэмнэлийг бичиж авах боломжтой , харин хувцасны зузаан давхарга төхөөрөмжийн ажиллагаанд саад болдог гэнэ. 


Түүнчлэн мэдээлэл олж авахад 30 секунд шаардлагатай бөгөөд энэ нь объект ийм хугацаанд хөдөлгөөнгүй зогсох ёстой болно гэсэн үг. 


Гэхдээ энэ хугацааг 5 секунд эсвэл бүр бага болгох бүрэн боломжтой гэж Америкийн мэргэжилтнүүд үзэж байгаа гэнэ. 


Хэдийгээр одоогоор ажиллагааны хувьд учир дутагдалтай байгаа ч лазер ашигласан арга асар их маргаангүй давуу талтай гэдгийг мэргэжилтнүүд онцолсон байна. Тэдний өгүүлснээр царай таних эсвэл хурууны хээ таних технологийн адилаар хуурах боломж огт байхгүй гэнэ. 


“Царай таних технологитой харьцуулахад зүрхний биометр нь илүү найдвартай, 98% хүртэлх нарийвчлалтайгаар таних боломжтой” гэж шинэ төхөөрөмжийг боловсруулагчдын нэг Вэньяо Сюй онцолжээ. 


Энэхүү шинэ төхөөрөмжийг Пентагон алан хядах ажиллагаатай тэмцэх, цагдаагийн ажлыг сайжруулах, цэргийн зорилгоор ашиглах зэргээр хэд хэдэн төрлөөр ашиглах боломжийг судалж байгаа юм байна. 


Түүнчлэн зөөврийн  төхөөрөмжид суулган , эмнэлгийн зориулалтаар ашиглах, мөн хамгаалалттай нутаг дэвсгэррүү нэвтрэхэд аюулгүй байдлын систем болгон ашиглах боломжтой гэж төхөөрөмжийг боловсруулагчид онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин