Дэлхийн “Универсиад-2019” наадмын тухай ЦОГЦ мэдээлэл
2019-07-02

Универсиад 2019-ын хугацаа, оролцох орон, боломж

 

Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXX дугаар наадам Италийн Наполи хотноо 2019 оны 07 дугаар сарын 3-14-нд болно. Наадам Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ), Италийн Засгийн газар, Кампана мужийн захиргааны ивээл дор явагдана. Зуны Универсиад наадамд 5 тивийн 120 орчим орны 8,000 тамирчин, төлөөлөгчид оролцохоор мэдүүлгээ гаргажээ. Универсиад наадамд тухайн улсын оюутны спортын холбооны санал болгож, мэдүүлэг гаргасан их, дээд сургуулийн өдрийн ангид суралцдаг, 17-25 насны оюутан тамирчид оролцдог. Энэ насны хязгаар 2019 оны Универсиадаас өмнө 17-28 нас байсан бол 2019 оны наадмаас эхлэн насны хязгаарыг бууруулсан юм. Наполи 2019 наадам нь спортын 15 төрөлд, 12 өдрийн туршид болж, 222 багц медалийн төлөө оюутан тамирчид хүч чадал, ур чадвараа сорин өрсөлдөнө.

 

 

Дэлхийн оюутны “Универсиад”наадмын тухай товчхон

 

Дэлхийн оюутны спортын “Универсиад” наадам нь 2 жил тутамд сондгой тоотой жилүүдэд өвөл, зуны спортын төрлүүдээр зохиогддог. Зуны Универсиад наадам анх 1959 онд Италийн Турин хотноо явагдсан ба энэ жил өөрийн 60 жилийн ойн баяртай золгож байна. Харин өвлийн наадам 1960 оноос эхлэн XXIX дах удаагаа зохиогдсон. Дэлхийн спортын түүхэнд Универсиад наадмыг оролцсон орон, хүний тоо, спортын олон төрлөөр зохиогдож байгаа хэлбэр, далайцаараа олимпийн дараа ордог “Бага олимп” хэмээн зүй ёсоор нэрлэдэг ба оюутан залуучуудын спортын их баяр наадам юм. Учир нь Универсиадад 5 тивийн 200 орчим орны 12,500 оюутан тамирчид нэг улсын, нэг хотод хуран цугларч, нэгэн зэрэг хугацаанд спортын олон төрлийн тэмцээнд орж, тамирчид нь нэгдсэн тосгонд нэг дороо амьдарч тэмцээнүүдээ оролцдог онцлоготой. Универсиад гэдэг үг нь их сургууль (University) гэсэн үгнээс үүсэлтэй. Мөн олон талт (Universal) цогцолбор арга хэмжээ гэсэн үгний утгыг ч бас илэрхийлдэг гэж үздэг. Мөн Олимпиад (Olympic), Спартикиад хэмээх үгний сүүлийн “иад” дагаварыг авч их наадам гэсэн үгний төгсгөлтэй ижил утга санааг Универсиад гэсэн нэр харуулдаг байна.

 

Универсиадын эх орон Итали улс

 

Италиулс нь ийнхүү 11 дэх удаагаа өвөл, зуны Универсиад наадмыг эх орондоо хүлээн аваад байна. Үүнээс: өвлийн 6 удаа, зуны наадмыг 4 хүлээн авч явуулжээ. Итали улс нь газар дундын тэнгисийн эрэгт Европ тивийн баруун урд хэсэгт байрладаг, олон жилийн түүхтэй улс билээ. Наполи хот нь Италийн 3 дах том хот. Зөвхөн Ром, Милан хотуудын дараа ордог. Энэ улс нь газар дундын тэнгисийн эрэгт оршдог тул халуун чийглэг уур амьсгалтай ба нутгийн хойд хэсгээрээ Альпийн нурууны уулархаг тогтоцтой 302,340 км² дөрвөлжин нутагтай, нийтдээ 59,216,672 сая хүн амтай юм.

 

Итали улс нь бүгд найрамдах улс бөгөөд парламентын засаглалтай, Ерөнхий сайдаар удирдуулсан засгийн газартай. Итали улс их долоогийн гишүүн бөгөөд эдийн засгийн өндөр хөгжилтэй орон юм. Өдгөө нэг хүнд оногдох ДНБ $34,260 үзүүлэлтээр дэлхийд 8 байрт, эдийн засгийн хүчин чадлаар дэлхийд өндөр байр суурь эзэлдэг. Хөгжлийн түвшингээр дэлхийд болон тивдээ дээгүүр эрэмбэлэгдэж байна. Эдийн засгийн салбарын хувьд техник технологийн бүтээгдэхүүн, химийн бодис, тээврийн тоног төхөөрөмж, эрчим хүчний бүтээгдэхүүн, ашигт малтмал болон өнгөт метал, нэхмэл эдлэл ба хувцас, хүнс, тамхи үйлдвэрлэн гаргадаг байна.

 

Итали улсыг дэлхийн оюутны спортын төв гэж үздэг ба анхны зуны Универсиад болж байсан бол өвлийн наадам 6 удаа 1966 онд /Сестриере/ 1975 онд /Ливино/ 1985 онд /Белуно/ 2003 онд /Тарвизо/ 2007 онд /Турин/ 2013 онд /Трентино/ хотуудад болж байсан бол харин зуны Универсиад наадам нь Турин хотноо 1959, 1970 онд, 1975 онд Ром хотноо, 1997 онд Сицили мужид нийтдээ 4 удаа зохиогдож байсан түүхтэй.

 

Наадмын таних тэмдэг, бэлгэдэл ба уриа

 

Наадмын таних тэмдэг нь "XXX дугаар зуны Универсиад", "Наполи 2019" гэсэн бичлэгтэй бөгөөд ОУОСХ-ны брэнд тэмдэг болсон 5-н таван хошууг оруулан бүтээжээ. Энэхүү таних тэмдэг нь оюутан залуучуудын итгэл, найдвар, хичээл зүтгэлийг илэрхийлж, үргэлж өдөө өргөн тэмүүлэхийг бэлэгдсэн байна.

 

Наадмын бэлгэдэл нь Грекийн үлгэр домогт өгүүлснээр “Партенопа” лусын дагинаар дүрслэн хийсэн. Мөн неаполитаны домог, түүхэд Наполи хотын эртний нэр нь бөгөөд Мелания Аканфора уран зураач энэхүү бэлэгдлийг бүтээсэн.

 

Универсиад 2019 наадамд оролцохоор Наполи хотыг зорин ирж байгаа оюутан залуусыг “Бусдаас онцгой” буюу “to be unique” гэсэн уриагаар угтан золгож байна.

 

Наполи "Универсиад- 2019" наадмын эрхэм зорилго бол дэлхийн оюутан залуучуудыг нэг дор нэгтгэн цуглуулж, олон үндэстэн угсаатны өв соёлыг таниулах, эв нэгдэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, спортоор өрсөлдөн шилдэг тамирчид, шинэ одуудыг төрүүлэн гаргаж, оюутны спортыг сурталчлах явдал юм.

 

Наполи хот ба “Универсиад”-ын эрх авсан тухай

 

Наполи хот нь Италийн урд хэсэгт оршдог улсынхаа том хотуудын нэг. Наполи хот  эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал хөгжсөн, олон зуун жилийн түүхтэй. Наполи хот нь 119,02 км² газар нутагтай, 967,069 хүн амтай.Цаг агаарын хувьд жилийн дундаж нь 07 сарын эхээр 24-28 градус дулаан байдаг. Наполи хот нь олон төрлийн  хоолтой, ялангуяа Итали хамгийн сайн пицца хийдгээрээ алдартай юм. Наполи хотын бэлэг тэмдэг нь “Coat of Arms”. Наполи нь 1442 онд Сицилийн хаан Агароны Альфонсо нь хоёр Сицилийн нийслэлийг нэгтгэж байгуулагдсан бөгөөд бэлгэдэл нь Арагон болон хоёр Сицилийн хаант улсын өнгийг бэлгэджээ.

 

Универсиад 2019 оны наадмын эрхийг Бразили улс нийслэл хотдоо хийхээр эрхийг нь 2013 онд ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооны хурлаар 6 жилийн өмнө авсан байсан боловч, улс төрийн асуудал, сонгуулийн улмаас Дэлхийн оюутны спортын XXX дугаар зуны “Универсиад” их наадмыг хүлээн авч чадахгүй болсон юм. Иймээс 2016 онд наадмын эрхийг Наполи хотноо шилжүүлэхээс өөр аргагүй болсон. Наполи хот наадамд бэлтгэх богино хугацаанд их ажлыг хийж амжуулсан бөгөөд Итали оронд олон удаагийн Универсиад наадам болж байсан туршлага нь ч тэдэнд сайнаар нөлөөсөн хэрэг. Наполи хотноо анх удаа Универсиад их наадам болно. Дээрх шалтгааны улмаас энэ удаагийн наадмын зарим төрөлд оролцох багийн тоог хязгаарласан ба зай, жинг цөөлж явуулах болсон.

 

Универсиад 2019 наадмын спортын төрлүүд

 

Наполи хотноо явагдах зуны Универсиад XXX дугаар их наадам нь спортын 15 төрлөөр явагдана. Универсиад наадам нь өөрөө үндсэн 12 албан ёсны төрөлтэй. Үүнд: Волейбол, гимнастик (уран сайхны гимнастик,спортын гимнастик), жүдо, сагсан бөмбөг, туялзуур жад, усан спорт (сэлэлт, усны бөмбөг, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт) теннис, хөлбөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, таэквондо, байт харвааны төрөл ордог. Харин Наполигийн Зохион байгуулах хорооноос Универсиадын дээрх төрлөөс гадна буудлага, дарвуут завь, регби-7 зэрэг нэмэлт 3 төрлийг наадмын хөтөлбөрт оруулахаар санал гарган ОУОСХ-ноос баталж өгсөн.

 

Зохион байгуулах хороо ба бэлтгэл ажил

 

Наадмын зохион байгуулах ажлыг Кампана мужийн хуулиар 2016 онд ARU ба “Универсиадын бүсийн агентлаг” байгуулан дарга ба бүрэн эрхт төлөөлөгчөөр Винкензо Де Лука томилон ажиллуулж байна. Агентлаг нь ЗБХ-ны үүргийг хүлээн, наадмын үйл ажиллагаа, өдөр тутмын ажлыг удирдан явуулж, нийтдээ 600 гаруй хүний орон тоогоор байнга ажиллах болсон. Агентлаг нь захиргаа, хүний нөөц, маркетинг харилцаа, наадмын үйлчилгээ, харуул хамгаалалт, эмнэлэг, дэмжлэг үзүүлэх газар зэрэг бүтэцтэйгээр олон хэлтэст хуваагдан үйл ажиллагаагаа явуулж байна.

 

 

Наполигийн наадамд орсон Зуны Универсиадын 15 төрлийн тэмцээнийг Италийн Засгийн газар, Олимпийн хороо-CONI, оюутны спортын холбоо-CUSI, ажилтнууд удирдан явуулна. Мөн наадмын тэмцээнүүдийг ОУОСХолбоо, ОУ-ын спортын холбоодын техникийн хорооны мэргэжилтнүүд ирж зааварчлан, зөвлөх ажлаар томилогджээ.

 

Наадмын үеэр олон мянган сайн дурын ажилтан, оюутан ажиллах ба тэдгээрийг эртнээс ЗБХ-оос бэлтгэж, төрөл бүрийн сургалтад хамруулжээ. Зохион байгуулах хорооноос наадмын “Мастер төлөвлөгөөг”-г 2016 онд боловсруулан гаргаж ОУОСХ-нд хүлээлгэн өгч, үндэсний ОСХ-дод явуулсан юм. Тус төлөвлөгөөнд ЗБХороо, дэд хороодын бүрэлдэхүүн, ажлын чиглэл, журам, наадмын төрлүүд ба тэмцээн явагдах газрууд, санхүү, төлөвлөлт, хэвлэл мэдээлэл, тээвэр, хоол байр, тамирчдын тосгон, хүлээн авч, үдэх, ёслолын болон нээлт, хаалтын тухай дэлгэрэнгүй тусгасан байдаг.

 

Универсиадын тамирчдын тосгон

 

Универсиадын төлөөлөгчид уламжлал ёсоороо бүгд нэг дор тамирчдын хотхонд амьдардаг. Энэ удаа тамирчдын тосгон нь 3-н өөр хотод байрлан үйл ажиллагаагаа явуулна. Наполи хотноо тэнгисийн эргийндагуу байрласан Коста Викториа, МSC Лиринка нэртэй 2 усан онгоц дээр тамирчдыг байрлуулна. Мөн Касерто, Беневенто, Салерно /Авеллино/ хотуудад бол зочид буудал, оюутны хотхонд тамирчид байрлана. Тосгон нь тамирчдын, олон улсын, үйлчилгээний гэсэн 3 үндсэн хэсэг газруудтай. Тамирчдын амьдрах хэсэг нь өндөр хамгаалалттай, зөвхөн төлөөлөгчдийн мандатаар нэвтрэн орох журамтай ажээ.

 

Тосгонд эмнэлэг, түргэн тусламжийн поликлиник, уулзалт хурлын өрөө бүхий байр, хэвлэл мэдээллийн төв, банк санхүүгийн үйлчилгээний газар, худалдааны дэлгүүр, шуудангийн газар, олон зуун хүнийг нэг дор хүлээн авах чадал бүхий хоолны ресторан, 24 цагийн харуул хамгаалалттай хяналтын байр, сэргээшийн төв нэг дор байрлажээ. Тамирчдын тосгоны үйл ажиллагаа 2019 оны 06 дугаар сарын 27-нд үүд хаалгаа нээж 07 дугаар сарын 16-нд хаагдана.

 

Универсиад их наадмын спортын барилга байгууламжууд

 

Наполи хотод Универсиад XXX дугаар зуны их наадмын тэмцээнүүдийг явуулахад шаардлагатай58 спортын заал, танхим, талбай, спортын байгууламжууд ашиглагдах ба тэмцээний зориулалтаар 34, бэлтгэлийн 24 заал, танхим, талбайг байгуулж, шинэчлэн засварлан бэлэн болгосон. Ихэнх спортын байгууламжийг засч, тохижуулан ашиглав. Тиймээс энэхүү Универсиад наадам нь хамгийн бага төсөвтэй наадмын нэг болж байна.

 

Наадмын төлөөлөгчдөд визийн хөнгөлөлт үзүүллээ

 

Наадмын бүх төлөөлөгчид нь мэдүүлгийн дагуу Итали улс руу визтэй зорчих ба визийн татвараас бүрэн чөлөөлөх шийдвэрийг тус улсын Засгийн газраас нь гаргасан тул урьдчилсан мэдүүлгийн дагуу төлөөлөгчдийн визийг тухайн орнуудад нь олгож, тусгай шугмаар хурдан хугацаанд Наполи хот руу хил нэвтрүүлэх ажлыг зохионо.

 

Италийн оюутны спортын холбоо дэлхийн шилдэг нь

 

Европ болон дэлхийд хамгийн идэвхтэй, сайн холбоодын дотор Италийн оюутны спортын холбоо CUSI ордог. Бүх муж, хотуудад оюутны спортын төв CUS байгууллага биеэ даан ажиллаж, улсаас санхүүжилт авахын зэрэгцээ өөрсдөө барилга байгууламжаа ашиглуулан үйлчилгээ үзүүлж мөнгө олдог. Италийн ОСХ нь гадаадад 2 жил тутамд 20 орчим оюутны ДАШТэмцээнд баг тамирчдаа оролцуулдаг. Олон төрлөөр оюутны ДАШТ өөрийн орондоо хүлээн авч явуулдаг. Италийн иргэн Примо Небиоло 1961-1999 онуудад олон улсын оюутны спортын холбоог тасралтгүй 38 жил удирдаж байсан.

 

Наадмын нээлт, хаалтын ёслол, соёлын ажиллагаа

 

Универсиад 2019 наадмын нээлт, хаалтын ёслолын ажиллагаа Наполи хотын “ Сан Паоло” 60.000 хүний суудалтай төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Италийн алдарт хөгжмийн зохиолч, алдартай найруулагч нарын удирдсан менежментийн баг энэхүү арга хэмжээг зохион байгуулах эрхээ авч бэлтгэж байна. Энэ үйл ажиллагаанд олон хамтран зохион байгуулагч байгууллага, компаниудыг сонгон авчээ.

 

Наадмын нээлтийн ёслол нь 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 21:00 цагаас эхлэнэ. Нээлтийн ёслолын ажиллагаанд оролцохоор олон орны сайд, дарга нар очно. Наадмыг нээж Итали улсын Ерөнхийлөгч Сергио Маттарелла үг хэлнэ. Нээлтийн үеэр үндэсний соёлын өв, уламжлалыг харуулсан үзүүлбэрүүд, үндэсний болон орчин үеийн урлагийн тоглолт, дуу, хөгжим тоглох ба спортын төрлүүдийг харуулсан өнгө өнгийн чимэглэлүүдийг гаргаж үзүүлэх юм. Бусад арга хэмжээ нь ОУОСХ-ны протоколын дагуу явагдана. Энэхүү цэнгэлдэх хүрээлэнд байрлуулсан аяган хэлбэртэй бортго дотор “Универсиад”-ын галыг асаах ба наадмын турш бадамлан асах ажээ. Хаалтын ажиллагаа 07 дугаар сарын 14-нд 21:00 цагт явагдаж урлагийн одууд, хип попын одууд оролцсон залуусын дуу хөгжим, шоу цэнгээнээр наадмын арга хэмжээг дуусгахаар зохион байгуулжээ. Универсиадын хүрээнд олон төрлийн соёлын арга хэмжээг явуулна. Наполи Универсиадын тосгонд орой бүр соёлын арга хэмжээ зохиогдохоор төлөвлөгдсөн байна.

 

“Универсиад 2019” хэвлэл мэдээллийн сурталчилгаа

 

“Сан Паоло”-гийн төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэдэх олон улсын хэвлэлийн төвд бүх сэтгүүлч нарт зориулан Олон улсын хэвлэлийн төв байгуулан ажиллуулж байна. Хэвлэлийн 1000 гаруй төлөөлөгч нар хүрэлцэн ирж сурвалжлах мандатаа ЗБХ-ноос авна. Телевизийн шууд дамжуулах төвд 400 хүн ажиллана. Тэд олон улсын хэвлэлийн төвд ажиллаж өдөр, цаг тутамд мэдээллийг дэлхийн 209 орны 7 тэрбум гаруй үзэгчдэд хүргэх юм. Олон улсын хэвлэл мэдээллийн төвд гадаадын 400 гаруй сэтгүүлч нар ажиллана. Их наадмын үйл ажиллагааг Италийн томоохон телевиз RIA, бусад сувгууд шууд дамжуулан мэдээлэхээр гэрээ байгуулжээ. Түүнчлэн Евро спорт, Оросын Матч ТВ спортын суваг, БНХАУ-ын ССТВ-5 спортын суваг, Казахстаны “Хабар ТВ”, Азийн телевизүүдийн холбоо дамжуулахаар гэрээ байгуулсан юм.

 

Универсиад наадмын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг наадмын Зохион байгуулах хорооны портал сайт https://www.universiade2019napoli.it/en Олон улсын оюутны спортын холбооны портал сайт http://www.fisu.net болон www.livefisu.tv сувгаар шууд үзэж болно. Мөн олон улсын олимпийн хорооны www.olympicchannel.comмэдээллийг шууд хүргэхээр болжээ. Наадмын тэмцээний тухай мэдээ материал, хуваарь, дүнг дээрх вэб сайтад мэдээллийг хурдан шуурхай байруулна. Наадмын тэмцээнүүд 07 сарын 02-ны өдрөөс эхлэн усанд үсрэлт, хөлбөмбөг, усны бөмбөгийн урьдчилсан шатны тэмцээний төрлүүдээр эхлэн явагдана.

 

Монголын оюутны спортын холбооны вэб сайт www.mssf.mn, болон тус холбооны фэйсбүүк хаяг: www.facebook.com/ mongolian student sports federation/Монголын оюутны спортын холбоо орж мэдээлэл авах боломжтой. Түүнчлэн Монголын тамирчдын тухай мэдээллийг цаг тухайд нь наадмын үеэр хүлээн авч үзэх боломжоор Монголын оюутны спортын холбоо хангана.

 

Универсиад 2019 наадмын тээврийн үйлчилгээ

 

Наадмын төлөөлөгчдийг Наполи хотын “Чародичино” ОУ-нисэх онгоцны буудлаас тухайн орны Оюутны спортын холбоодын ирүүлсэн тээврийн хуваарийн дагуу тосч, тамирчдыг автобус, жижиг тэргээр тамирчдын хотхон руу хүргэн байрлуулна. Тамирчдын тосгоноос 2019 оны 06 дугаар сарын 27-ноос эхлэн өдөр бүр чиглэлийн унаагаар нийт тамирчид төлөөлөгчдийг тэмцээн болон бэлтгэлийн байр, талбай, заал руу хүргэнэ.

 

Эмнэлэг, допингийн сорил авна

 

Наадмын үеэр допингийн олон сорилыг сонголтоор авна. Тамирчидын тосгоны ойролцоо эмнэлгийн томоохон поликлиник 24 цагаар ажиллаж тамирчдад үйлчилнэ. Наполи хотын 10 гаруй эмнэлэг, түргэн тусламжийн төвүүд бэлэн байдалд ажиллаж, тэмцээн, бэлтгэлийн газруудад эмч, сувилагч өргөн бүрэлдэхүүнтэй багууд ажиллана. Тэмцээн, бэлтгэлийн газар бүрт эмнэлгийн пункт, түргэн тусламжийн машин байна. Багуудад массаж, эмнэлгийн өрөө хуваарилан олгоно. Наадмын үеэр Италийн допингийн эсрэг төв, ОУОСХ-ны эмэнлгийн комисстой хамтран сорилыг авч, Ром хот дах ВАДА -д бүртгэлтэй тусгай лабораторид шинжилгээний үр дүнг гарган мэдэгдэнэ.

 

Универсиадын ивээн тэтгэгч ба түншүүд

 

Универсиад наадмын ОУОСХ-ны албан ёсны түнш байгууллагаар БНХАУ-ын Qiaodan,Taishan компани, Италийн ЗБХ-ны ивээн тэтгэгчээр “Givova“, VitaSnella, Trenitalia, Alcott, Control, GaldieriAuto компани ба корпарациуд ивээн тэтгэн оролцож байгаа бол спортын тоног төхөөрөмж, хэрэглэл материалын чиглэлээр Chemical, Mikasa, Arena, Dunlop, Decathlon, Eurotarget зэрэг хэд хэдэн томоохон байгууллагууд хамтран ажиллаж байна.

 

Тамирчдын хоол

 

Универсиадын тамирчдыг тосгонд нэг ээлжиндээ олон зуун хүн нэгэн зэрэг хүлээн авч хооллох ресторан 24 цагийн үйлчилгээтэй, Ази, Европ, олон үндэсний хоолоор үйлчилнэ. Харин тосгоноос хол тэмцээнтэй байгаа газруудад /lunchbox/-ын захиалга авч хүргэх ажлыг зохион байгуулна. Хоол хийх, хүргэх асуудлыг Италийн мэргэжлийн томоохон компаниуд хариуцан ажиллаж байгаа ажээ.

 

Сайн дурын ажилтан

 

Универсиад наадамд сайн дураараа ажиллахаар дэлхийн болон Италийн хот, мужуудаас ажилтан, оюутнууд онлайнаар бүртгэл, хүсэлтээ явуулснаас ярилцлага, шалгалтад тэнцсэн сайн дурын ажилтан, оюутнуудыг шалгаруулан авчээ. Тэдний олонх нь Италийн төрөл бүрийн хотын ИДС-иас ирэх оюутнууд, төрийн бус байгуулгуудын сайн дурын ажилчид, иргэд сонгогджээ. Универсиад наадмын Гүйцэтгэх хорооны дэргэд Сайн дурын ажилтан нарын хороо 2017 оноос байгуулагдаж ийнхүү 2 жилийн дотор сонголтоо хийжээ. Сайн дурын ажилтнууд олон чиглэлийн ажил, үйл ажиллагаанд оролцохоор хуваарилагдсан байна. Үүнд: баг тамирчдтай ажиллах, тосч аван үдэн гаргах, хүндэт зочид, тамирчдын тосгон, нээлт хаалтын ажиллагаа, мандат бүртгэл, хэвлэл мэдээлэл зэрэг олон хэсэгт хуваагдан ажиллана.

 

Наадмын билетийн борлуулалт

 

Наадмын билетийн үнэ харьцангуй хямд байна. Учир нь иргэд ялангуяа оюутан залуусыг тэмцээн, наадмыг өргөнөөр үзүүлэх боломжийг зохион байгуулагч нар нээн өгчээ. Харин нээлт, хаалтын ёслолын арга хэмжээний билет нь үнэлгээ өндөр байгаа юм. Спортын төрлүүдээс сагсан бөмбөг, жүдо, таэквондо, байт харваа, теннис, хөлбөмбөгийн төрлийн тэмцээний билет эрэлт хэрэгцээ ихээхэн өндөр байна. Учир нь эдгээр төрөлд Италийн олон алдартай од болсон олон тамирчид ирж оролцох тул нутгийн иргэд олноороо ирж үзэхээр захиалгаа өгч, билетээ худалдан авчээ. Билетийн борлуулалтыг онлайн хэлбэрээр хийж байгаа ажээ. Наадмыг Италийн болон Европын олон хот, улсуудаас ирсэн үзэгчид, жуулчид очиж үзэхээр төлөвлөсөн байна.

 

Наадамд оролцох Монголын тамирчдын тухай

 

Монголын тамирчид анх 1965 оноос Универсиад наадамд оролцож эхэлсэн түүхтэй. Энэ жил 21 дэх наадамдаа оролцох гэж байна. Манай тамирчид энэ удаа спортын 7 төрлөөр (жүдо, таэквондо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, теннис, ширээний теннис) 46 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Үүнээс 33 тамирчин /18 эмэгтэй, 15 эрэгтэй/ оролцоно. Эдгээр тамирчид нь Монголын 11, гадаадын 1 их, дээд сургуулийг төлөөлөн оролцож байна. Наадамд оролцох зарим тамирчдын 2019 онд явагдсан Монголын оюутны спортын холбооны Улсын аварга шалгаруулах тэмцээнээс сонгон шалгаруулсан ба бусад төрлөөр сонголтыг тухайн холбооны УАШТ, олон улсын тэмцээнүүдэд оролцсон амжилтыг үндэслэн шалгаруулсан байна. Монголын баг тамирчид МОСХ-ны албан ёсны түнш Испаний алдарт “Кельме” брэндийн иж бүрэн хувцасыг өмсч, жигдрэн оролцож байна.

 

Монголын оюутны баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа 2019 оны 06 сарын 25-ны өдөр МУИС-ийн төв номын сангийн эрдмийн танхимд болж, МОСХ-ны Ерөнхийлөгч, ОУОСХ-ны Ерөнхий санхүүч Д.Баясгалан, Итали улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Андрэа Дэ Фэлип нар болон БСШУСЯ, БТСГ, Спортын холбоод, ИДС-ийн удирдлагууд хүрэлцэн ирсэн. Итали улсад болох Дэлхийн оюутны спортын зуны XXX Универсиад наадамд оролцох нийт тамирчид, дасгалжуулагч, албаны хүмүүстээ спортын өндөр амжилт гарган, эх орныхоо нэр хүндийг дэлхийн спортын тавцанд цуурайтуулан, Монгол улсынхаа төрийн далбааг олон удаа өргөн мандуулж, амжилттай сайн оролцохыг хүсэн ерөөж хүндэт зочид үг хэлсэн. Тамирчдыг төлөөлөн буудлагын ҮШБагийн тамирчин, ОУХМ Г.Нандинзаяа, таеквондогийн ҮШБагийн тамирчин, ОУХМастер П.Тэмүүжин нар тангараг өргөсөн ба алтан соёмбот төрийн далбааг Наполи хотын тэнгэрт өргөн мандуулж жагсах үүргийг жүдо бөхийн ҮШБагийн тамирчин, ОУХМ Ц.Цогтбаатарт даалган Монгол Улсын “Төрийн далбаа”-г МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгаланг гардуулан өгөв.

 

Универсиад 2019 наадамд явахад БТСГазраас зарим баг, тамирчидад санхүүгийн дэмжлэг үзүүлсэн ба оюутан залуусаа дэмжиж БСШУСЯам, Монголын жүдо, таэквондо, ширээний теннис, усан сэлэлт, байт харваа, буудлага, теннис зэрэг 7-н спортын төрлийн холбоо, багш дасгалжуулагч нар, Итали улсаас Монгол улсад суугаа элчин сайдын яам, МИАТ ХКомпаний хамт олон ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна.

 

Энэхүү үдэн гаргаж буй өдөр нь МОСХолбооны 30 жилийн ойн баяр давхцсанаараа чухал онцлогтой үйл явдал боллоо. Тус холбоо нь Монгол Улсын 100 орчим ИДС, коллежийн 160 мянган оюутан, залуучуудын дунд БТС-ыг хөгжүүлэх, тэдний үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нийтлэг эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, олон улсын байгууллагад Монгол улсаа төлөөлдөг нийгэмд үйлчилдэг ТББайгууллага юм. Монгол улс дэлхийн оюутны Универсиад наадамд 1965 оноос эхлэн орж, Олон улсын оюутны спортын холбоо (ОУОСХ)-ны гишүүнээр 1977 онд, Азийн ОСХ-нд 1992 онд тус тус элссэн. Эдгээр байгууллагын үйл ажиллагаанд Монгол улсын оюутны идэвхитэй оролцоог хангах зорилтуудын үүднээс МОСХ-г одоогоос 30 жилийн өмнө буюу 1989 оны 6-р сарын 25-ны өдөр тухайн үеийн БТСУХороо, МХЗЭ-ийн Төв хороо, ШУТДБУХороо, МОХ-ны 4-н байгууллагын 57/43/65/03 тоот шийдвэрээр анх үүсгэн байгуулагдсан билээ.

 

Дашрамд дурдахад Монголын үе үеийн оюутан тамирчид дэлхийн Универсиад наадмаас 11 алт, 16 мөнгө, 26 хүрэл нийтдээ 53 медалийг 9 спортын төрөлд хүртэж байсан түүхтэй.

 

МОСХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, МУ-ын Гавьяат дасгалжуулагч, доктор Д.Жаргалсайхан

 

Shuud.mn
Сонин хачин