Томилолт: Говийг тэмээтэй нь хайрласан ХАРИУЦЛАГА
2019-07-03

Өнгөрөгч амралтын өдрөөр өмнийн цэнхэр говийг зориод ирлээ. Тэндээс тээж ирсэн тэмдэглэлээ хүргэе. Өнгө ижил хувцсаар жигдэрсэн уурхайчид өглөө эрт ажилдаа гарч байна. “Хамаг хөөрхөн залуучууд уурхайд байдаг юм биш үү” хэмээн адал явдал хайж яваа дүү бүсгүй шивнэв. Тэд нээрэн “нүд хужирлам” цог зальтай харагдсан.

 

Өмнөговь аймгийн Гурвантэс Монгол Улсын хамгийн том нутаг дэвсгэртэй сум. Нийт нутаг дэвсгэрийн 68 хувь нь улсын тусгай хамгаалалттай газар. Үүний 8.3 хувьд нь уул уурхайн лицензтэй компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь МАК. “Нарийн сухайт”-ын ордод “Монголын Алт” (МАК) ХХК өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай чулуун нүүрсний уурхайгаа 2007 оны арванхоёрдугаар сарын 11–нд нээж, 2008 оны 5 дугаар сарын 30-нд анхны нүүрсээ экспортолсон.

 

Говийг тэмээтэй нь хамтад нь  “хайрлав”

 

 

Нарийн сухайтын бүлэг орд олборлолт дууссаны дараа хаалтын нөхөн сэргээлт хийх тогтоцтой.  Олборлолтын явцад нөхөн сэргээх тухай ойлголт үгүй. Иймд уурхайн нөхөн сэргээлт огт хийгддэггүй. Нөөц дууссан даруйд хаалтын нөхөн сэргээлтийг нэг мөр хийнэ. Учир ийм ч  уул уурхайн компаниуд бүс нутгийн байгаль орчны нөхцөл байдлыг сайжруулах ажлыг жил бүр гүйцэтгэдэг.

 

МАК-ийн Нарийн сухайтын нүүрсний уурхайн удирдлагууд говь нутгийн зам, дэд бүтэц, боловсрол, ногоон байгууламжид илүүтэй анхаарчээ. Бас говийн ганц чимэг тэмээг ч “хайрлаж”.

 

Дэлхийд ховордсон хоёр бөхт тэмээг хамгаалах, амьдын үнэлэмжийг нь нэмэгдүүлэх, өсгөн үржүүлэхэд анхаарч бодлогын ажиллагаа явуулж ирсэн байна. Жил бүр тэмээний төлийн өссөн тоогоор “Ботгонд бонус” хөтөлбөр хэрэгжүүлэв. Шинээр бойжуулсан ботго бүрт 20 мянган төгрөг. өгөх зарчмаар 58.36 сая төгрөг зарцуулсан энэ ажлын үр дүнд сүүлийн 5-6 жилийн хугацаанд Гурвантэс суманд тэмээний тоо толгой өсч байгаа. гэнэ. Малчид тэмээгээ зах зээлд борлуулах, хямд үнээр худалдах нь  багасчээ.

 

- 2019 оны хэмжээнд 2013 онд Мандах суманд 922 ботго бойжиж байсан бол 2019 онд 1487 ботго бойжиж 7 жилийн хугацаанд нийт 7120 толгой ботго, Гурвантэс суманд 875 ботго бойжиж байсан бол 2019 онд 1052 ботго бойжиж нийт хугацаанл 5869 толгой ботго бойжсон.

 

- Мандах, Гурвантэс сумын малчдад хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс хойш 240 сая 340 мянган төгрөгний урамшууллыг олгосон.

 

- Орон нутгаас зохион байгуулдаг тэмээний баярыг жил бүр бай шагналыг нь ивээн тэтгэдэг.

 

 

МАК-ийн Нарийн сухайтын нүүрсний уурхайчид байгаль орчныг хамгаалах үйлсэд жил бүр “сэтгэл” гаргадаг. Мод бут тарина. Зам барина. Түүнийгээ услана. Тэгснээр шороо тоос, агаарын бохирдлыг “давна”. Гурвантэс сумын төвд өнгөрсөн жил зам дагуу 12 мянган мод тарьжээ. Ингэж уул уурхайн компаниуд байгаль орчны нөлөөллийг сайжруулах ажилд анхаардаг байна. 

 

Гурвантэс сумын засаг дарга О.Баттогтох “Сум орон нутгийн зүгээс агаарын бохирдлыг хэрхэн багасгах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх тал дээр компаниудтай хамтарч ажилладаг. Нарийн сухайтын бүлэг ордыг ашигласан компаниуд улсын төсөвт жилд дунджаар 200 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг. Аймгийн төсөвт 10 гаруй тэрбум төгрөг ордог. Гэтэл суманд нэг ч төгрөг ирдэггүй. Экспортолж буй нүүрсний хэмжээнээс шалтгаалан тонн тутамд нь агаарын бохирдлын мөнгө суутгаж авдаг.  Энэ  мөнгө ч бас л “дээшээ” явчихдаг. Нэг ч тэрбум төгрөг нь төсөл хэрэгжиж буй бүс нутгийн зам дэд бүтцийг сайжруулахад зарцуулагддаггүй. Энэ нь хамгийн харамсалтай. Татварын хөрөнгө чухал ч төсөл хэрэгжүүлж буй бүс нутагт маш хүнд нөхцөл байдал үүсдэг” гэсэн.

 

Баяжуулах үйлдвэр “мэндлэв”

 

 

Хөрсөн дороос нүүрс олборлох нь том “бүтээн байгуулалт”. Эхлээд өрөмдлөгийн ажил явагдана. Үүний дараа тэсэлгээний ажил хийгдэнэ. Дараа нь хөрс хуулалт, олборлолтын ажил. Олборлосон нүүрсээ “цагаалах” талбайд нэгтгэнэ. Тэндээс нүүрс эскорплох гэрээний дагуу нүүрс тээврийн автомашинуудад ачилт хийн хил давуулна.

 

Өдөр 20-50 мянган тонн нүүрс олборлоно. Өнгөрсөн онд нэг өдөрт 60 мянган тонн нүүрсийг борлуулж дээд амжилт тогтоосон байна. Геологи хайгуул өрөмдлийн судалгаагаар уурхайд 580 сая тонн орчим нүүрсний нөөц бий. Өнөөдрийн байдлаар 50 орчим сая тонн нүүрс борлуулсан байна.

 

Саяхан МАК-ийн Нарийн сухайтын нүүрсний уурхай “дүүтэй” болсон. Тэр нь 2018 оны долоодугаар сарын 1-ний өдөр анхны туршилтаа хийсэн баяжлуулах үйлдвэр. Энэ оны тавдугаар сараас үйл ажиллагаа нь жигдэрсэн. Эл үйлдвэр жилд нэг сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай. 72 хүний бүтэц орон тоотой. Гурван ээлжээр 24 цагаар тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг. Жилд 5-6 тонн нүүрс баяжуулж экспортолно.

 

 

Нарийн сухайтын нүүрсний уурхай нүүрс химийн итгэмжлэгдсэн лабораторитой. Энэхүү лабораторид нүүрсний шинж чанарыг тодорхойлдог. Нүүрсийг гурав ангилна.

 

А- Чанар сайтай, шууд экспортлох боломжтой

 

В – Дунд зэргийн буюу завсрын бүтээгдэхүүн

 

F – Чанар муутай.

 

F ангилалын буюу чанар муутай нүүрсийг баяжуулж чанарыг ахиулдаг байна. Нүүрсийг баяжуулснаар 10-аас доош буюу 8 хувийн үнслэгтэй, 5500-аас дээш илчлэгтэй сайжруулсан нүүрс болон зах зээлд нийлүүлэгддэг гэдгийг Нүүрс баяжуулах үйлдвэрийн ахлах технологич Г.Очирбат ярьсан.

 

Нутагтаа, гэр бүлдээ ойр ажиллана гэдэг уурхайчин хүний ЖАРГАЛ

 

 

Нарийн сухайтын уурхай нийт 903 ажилтантай. Үүнээс Өмнөговь аймгийн 147 иргэн ажилладаг. 26 эмэгтэй, 121 эрэгтэй ажилтан. Цаашид ч орон нутгийн иргэдийг ажилтай, орлоготой байлгахад зорьж ажиллах гэнэ.

 

Бульдозерчин Г.Батбаатар  нутаг орондоо ажиллахын давуу талыг “Гэр бүлдээ ойрхон байна гэдэг уурхайчин хүний хувьд хамгийн сайхан аз завшаан. Мөн өөрийн төрж, өссөн орон нутгийнхаа хөгжилд багахан ч гэсэн хувь нэмэр оруулж байна гэж бодож сэтгэл өег явдаг. Би МАК-д гурван жил ажиллаж байна. Шалгуур өндөртэй. Өмнө нь ажиллаж байсан туршлага ажилд орох аз завшаан олгосон. Энд 28 хоног ажиллаад 14 хоног гэртээ амардаг. Ажлын байр, амралтын хотхон ая тухтай. Цалин амьдралд хүрэлцээтэй” гэсэн.

 

 

Нар ээсэн Нарийн сухайт дахь үндэсний томоохон уул уурхайн компанийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаас онцолвол ийм байна...Үргэлжлэл бий.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
MAK:
Bayjuulah uildver odort 3n eeljeer bus 2 eeljeer ajilladag shuu bas bayjuulah uildveriin 1jild nuurs bayjuulah huchin chadal 5-6tonn gdge anhaaraarai
2019-07-04