Завсарлагагүй ПАРЛАМЕНТ
2019-07-08

 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ хэлэлцэж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ хэлэлцээд эхэлсэн тохиолдолд тасралтгүй үргэлжлүүлэн тусгай дэгтэй. Тиймээс хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг УИХ хэлэлцээд эхэлсэн. Чуулганы босго давсан Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг эдүгээ хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэхээр ажлын хэсэг ажиллаж, байнгын хороод хуралдаж байгаа юм.

 

Энэ удаагийн хаврын чуулганы онцлог  ч гурван парламент дамжиж, 10 гаруй жилийн турш боловсруулагдсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж эхэлснээрээ онцлогтой. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр парламентын засаглалаа бэхжүүлж, эрх мэдлийг тэнцвэржүүлж, гүйцэтгэх засаглалыг тогвортой байлгах, 2000 онд эцэг хуульд оруулсан долоо нь өөрчлөлтийг засах, орон нутгийн бие даасан байдлыг хангах  зэргээр хэд хэдэн зүйл тусгагдсан.

 

УИХ-ын гишүүд иргэд сонгогчидтой уулзаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг танилцуулж, тэдний саналыг авч, төсөлдөө тусгахаар ажиллаж байна. Ямартай ч УИХ-ын харуицлагыг нэмэгдүүлж, УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах заалтыг нэмж тусгахаар болсон нь сайшаалтай.

 

Наадмын дараагаар УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанд Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой саналаа илэрхийлэх юм билээ. Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд сөрөг хүчин АН-ын зүгээс ч саналаа өгөх биз. Учир нь сөрөг хүчин АН Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөлд хууль зөрчигдсөн заалт байгаа гэж үзэж өмнөх нэгдүгээр хэлэлцүүлэгт оролцоогүй. УИХ-ын дарга АН-тай уулзалт хийсэн ч тэд ойлголцод хүрээгүй байсан. Харин эрх баригчид сөрөг хүчинтэй зөвшилцөлд  хүрнэ гэдэгтээ итгэлтэй байх шиг билээ. Тиймээс ч наадмын өмнө хийгдэх байсан Үндсэн хуулийн хоёрдугаар хэлэлцүүлгийг Ерөнхийлөгч санал болгосны дагуу хүлээн авч, хойшлуулсан биз.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд бусад улс төрийн хүчнүүд ч саналаа ирүүлсэн байна лээ. Тухайлбал, МАХН “байгалийн баялаг ард түмний өмч мөн” гэдэг заалтыг тодорхой болгох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зэрэг тодорхой саналуудаар Ажлын хэсэгтэй уулзах хүсэлтэй байгаа тухай саналаа ирүүлсэн байгаа. “Манай намаас хүргүүлсэн саналыг дэмжинэ гэдгээ УИХ-ын дарга Г.Занданшатар илэрхийлсэн” гэж МАХН-ын дарга Н.Энхбаяр хэвлэлийн хурлаараа мэдэгдэж байсан. Ямартай ч тус намын санал ажлын хэсгийн хүрээнд хэлэлцэгдэж байгаа юм. Мөн Хөдөлмөрийн үндэсний намаас “УИХ нь 20 гишүүний саналаар хууль баталдаг, гишүүд нь улсын нэгдсэн төсвийг сонгогдсон тойрогтоо тэрбум тэрбумаар нь хувааж авахаар улайран дайрдаг. Засгийн газар нь дунджаар 1.8 жил ажилладаг. Ерөнхийлөгч нь хараат бус ажиллах ёстой шүүгчдэд томилгоогоор дамжуулан нөлөөлдөг. Үндсэн хуулийн цэц, Улсын дээд шүүх нь шударга ёс тогтоох гэхээс илүү эзэндээ үйлчилдэг. УИХ-ын сонгууль бүрийг өөр тогтолцоогоор явуулдаг. Товчоор хэлбэл, Монголын төр хямарсан нь нэгэнт  тодорхой болсон. Иймд Монгол Улсын Үндсэн хуулд нэмэлт, өөрчлөлт оруулж төрийн эрх мэдлийн хуваарилалтыг тодорхой болгохыг Хөдөлмөрийн үндэсний нам дэмжиж байна”  гэсэн санал ирүүлжээ.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд Ерөнхийлөгчийн ирүүлэх санал олны анхаарлыг татаж байгаа. Учир нь хэлэлцүүлэг эхлэх үед “Ерөнхийлөгчийн эрх мэдлийг нэмэгдүүлж, одоогийн Ерөнхийлөгч 14 жил эрхээ эдлэх нь” гэсэн бор шувуу ч ниссэн. Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс эрс шинэчлэл хийхийг чуулганы индрээс илэрхийлж байсан. Тэгвэл наадмын дараагаар Ерөнхйилөгчийн  эрс шинэчлэлийн уриалга Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах түүний байр сууриар илэрхийлэгдэнэ.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар ч ээлжит бус чуулганаа нээхдээ “эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг хэрэгтэй гэдэгтэй хүн болгон санал нийлж байна. Цэгцэлж чадвал, цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлыг эхлүүлж, гурван парламент дамжиж, 10 жил хэлэлцэж, мэтгэлцэж энэхүү төслийг боловсруулсан. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно” гэдгийг онцолсон.

 

Ийнхүү энэ парламент сонгуулийн жилийн бэлтгэлээ хангаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах түүхэн зорилгоо болгон завсарлагагүй үргэлжлүүлж, бүрэн эрхийн хугацааны отгон чуулганаа угтах гэж  байна.

Н. Энхлэн

Shuud.mn
Сонин хачин